10-р сарын 18-нд Хятадын Коммунист намын 19-р Их хурал болох гэж байна. Хурлын үеэр Хятадын төрийн бодлогын шинэ чиглэлийг авч хэлэлцэх бөгөөд энэ хурлаар Ши Жиньпиний үзэл онолыг Хятадын Коммунист намын дүрэмд оруулж, дараагийн бүрэн эрхийг хугацааг баталгаажуулах зэрэг улс төрийн асуудлуудыг шийдвэрлэх юм. Энэ нь түүнийг Дэн Сяопин, Мао Зэдун нар шиг Хятадын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг болгох замд оруулж байгаа аж. Харин эдийн засгийн асуудлын хувьд түүний ядуурлыг бууруулах, технологийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд гол сэдвүүдийн нэг байх юм. Энэ талаар дэлгэрэнгүй бичсэн Сингапурын Үндэсний их сургуулийн профессор Жон Вонгийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятадын Коммунис нам 85 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том нам байгаад зогсохгүй цөөхөн тооны коммунист намуудын нэг юм.
10-р сарын 18-нд Хятадын Коммунист намын 19-р Их хурал Бээжинд болж 2,300 төлөөлөгч цугларч үндэсний бодлогын шинэ чиг шугам болон Хятадын бодлогын хамгийн дээд байгууллага “Улс төрийн товчооны байнгын хороо”-ны шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах болно. Хурлын төгсгөлд Ши Жиньпин дарга намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд улс төрийн илтгэлээ танилцуулна.
Хятадын Коммунист нам байгуулагдаад 96 жил болж байна. 1921 оны 7-р сард Шанхайд Мао Зэдун зэрэг ердөө 12 төлөөлөгчтэйгөөр анхны Үндэсний Их хурлаа зохион байгуулж байсан. Уулзалтыг Бээжингийн их сургуулийн Марксист онолч Чен Душиу удирдаж байсан. Харин 1935 онд “Урт аян”-ы үеэр Зуньи хотод Мао намын удирдлагыг авч байв. 1945 он гэхэд Яньаньд болсон 7-р Их хурлыг удирдаж байв.
Өнөө үед намын их хурлыг 5 жил тутам зохион байгуулдаг болсон. 2012 оны 11-р сард 18-р Их хурал Ху Жинтаогийн удирдлага дор зохион байгуулагдан Ши Жиньпинийг залгамжлагчаар тодруулсан.
Ши Жиньпин өнгөрсөн таван жилийн турш намын дарга байж, одоогийн Хятадын тавдугаар үеийн удирдлагын “гол удирдагч” хэмээн өөрийгөө тодруулаад байна. Тэрээр авилгын эсрэг тэмцсэн ширүүхэн үйл ажиллагаа, Хятадын Ардын Чөлөөлөх армийг дахин зохион байгуулсан болон орон нутгийн залуу удирдагчдыг төв Засгийн газрын томоохон албан тушаалд томилсон зэргээр дамжуулан эрх мэдлээ амжилттай бэхжүүлж чадсан. Өөрөөр хэлбэл тэрээр Дэн Сяопин эсвэл Мао шиг Хятадын гол удирдагчдын нэг болжээ.
Хятад өсч өндийж буй улсын хувьд удахгүй болох намын энэ цуглаан гадаад ертөнцөд чухал нөлөөтэй юм. Ши Жиньпиний бодлогын шинэ чиглэлийн хувьд 2021 онд Хятадын Коммунист намын 100 жилийн ойгоор Хятадыг шиаокан (харьцангуй чинээлэг улс) болгох стратегиа хэлэлцэхийг хүсэж байгаа. Хятад ядуурлыг буруулах чиглэлд хэдийн гайхамшигтай амжилт гаргасан. Саяхан Ши Жиньпин 2021 он гэхэд Хятадын нэн ядуу түвшний хүмүүсийг ядуурлаас гаргахаа зарласан.
Гэсэн ч бүх анхаарал удирдлагын дээд түвшний томилгоонд төвлөрөх болно. “Улс төрийн товчооны байнгын хороо”-ны 7 гишүүний дараагийн хурлаар ямар дөрвөн гишүүн шинээр томилогдох нь тодорхойгүй байна. Тэд Ши Жиньпин, Ли Көцян, Ван Чишан нартай хамт хуралдах болно. Хэрвээ Ван Чишан тэтгэвэртээ гарах болвол тав дахь хүн тодрох хэрэгтэй. Энэ бүлэг хүмүүс дараагийн таван жил Хятадыг удирдаад зогсохгүй, тэдний томилгоо нь албан тушаалын сэлгээг дагуулна. Энэ нь эргээд бодлогын өөрчлөлтийг авчрах боломжтой юм.
Дээрхээс илүү чухал зүйл нь залгамжлалын асуудал байна. Уламжлалын дагуу хурлаар Ши Жиньпиний залгамжлагчийг олон нийтэд таниулах эсвэл үүнийг 2022 оны дараагийн хурлаар хийх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ши Жиньпин зургадугаар үеийн удирдлагыг томилох ажилд хүчин чармайлт гаргаагүй
. Хэрвээ энэ асуудал хойш тавигдсаар байвал Ши Жиньпин хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаасаа цааш засаглаж магадгүй гэх тайлбарыг өөгшүүлнэ. Хэрвээ тэрээр цааш засаглавал Дэн Сяопины тогтоосон хоёр удаагийн бүрэн эрхийн хугацааны хязгаарыг давна. Хамгийн ноцтой нь Хятадын Коммунист намын дээд удирдлагын хүчний харьцааны шинэ хэв маяг үүсэж, улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал бий болох юм.
Дараагийн бариа
Хүчний улс төрөөс цаашлаад Ши Жиньпинд тулгарах хамгийн том сорилт бол дараагийн бариандаа нам, улс орноо хэрхэн чиглүүлэх тухай юм. Хятадын Коммунист нам дэлхийн хамгийн удаан хугацаанд засаглаж буй нам. 1949 оноос хойш засаглахдаа Хятадыг хамгийн их гадаад валютын нөөцтэй, дэлхийн хоёр дахь эдийн засаг болгож чадсан. Зөвлөлтийн коммунист нам шинэчлэл, хөгжил авчирч чадаагүй учраас сөнөсөн.
Хятадын Коммунист нам хувьсгалт нам болж үүсгэн байгуулагдсан. Маогийн удирдлагын үед Хятадын Коммунист нам иргэний дайнд ялж, 1949 оны 10-р сард Бүгд Найрамдах Хятад Ард улсыг байгуулсан. Мао хувьсгалын агуу удирдагч байсан боловч идеологидоо хэтэрхий баригдсан байв
.
Дайн тулаанд хүмүүсийг татан оролцуулахдаа гаргууд байсан. Гэхдээ Их үсрэлт, Соёлын хувьсгалаар (1966-1976) “хувьсгалаа үргэлжлүүлэх” стратеги нь эдийн засаг, нийгмийг ихээхэн сүйрүүлсэн юм.
Маогийн үхлийн дараа Дэн Сяопинд эрх мэдэл шилжиж, эдийн засгийн шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогын үр дүнд Хятад хөгжлийн шинэ замдаа орсон. Энэ үйл явц Хятадыг өндийлгөөд зогсоогүй, Хятадын Коммунист намыг Зөвлөлтийн коммунист нам шиг сүйрэхээс аварсан
юм.
Дэнгийн шинэчлэл, эдийн засгийн хөгжлийн бодлого түүний прагматик, уян хатан бодлогоос шалтгаалан ихээхэн амжилтанд хүрсэн. Түүний “Хятадын онцлогтой социалист зах зээлийн эдийн засаг”-ийн тухай концепц ихээхэн анхаарал татаж байв. Цаашлаад тэрээр “Хэрвээ капиталист орон хөрөнгийн зах зээлтэй байж болж байгаа юм бол, яагаад социалист эдийн засагтай улс адилхан байж болохгүй гэж?” асууж байв.
Дэнгийн бодлого, үлдээсэн өв Хятадын гурван арваны үсрэнгүй, хоёр оронтой эдийн засгийн өсөлтийг авчирсан.
Намын их хурлын өмнө намын ерөнхий нарийн бичгийн дарга Марксист уриа, лоозонгоор нам, төр дэх үзэл суртлын хяналтаа чангаруулдаг нь хэвийн үзэгдэл.
Гэхдээ Ши Жиньпин үзэл суртлын фронтод Ху Жинтаогаас илүү нухацтай хандаж байна. Зарим судлаачид Ши Жиньпин хэдийн Дэн, Мао хоёр шиг ихээхэн амбицтай, хүчирхэг удирдагч болсон, одоо тэд нар шиг өөрийн өвөө үлдээхийг хүсэж байна гэж мэтгэж байна. Саяхан Ши Жиньпин Марксизмын шинэ тайлбаруудыг гаргасан нь “Ши Жиньпиний сэтгэлгээ” хэмээн нэрлэгдсэн. Энэ нь “Мао Зэдуний сэтгэлгээ”, “Дэн Сяопины онол” гэдэгтэй дүйцэх хэмжээнд очсон байна.
Ши Жиньпин өөртөө эрх мэдэл төвлөрүүлэн шинэ маягийн авторитарианизм руу явах эсэх нь тодорхойгүй. Практик бодлого боловсруулах үйл явцад тэрээр Дэнгийн прагматизмд ойртож, Маогийн сургаалиас холдох боломжтой
. Тэрээр магадгүй Хятадын шинэ нөхцөл байдал Марксизмын суурь үзэлтэй хязгаарлагдмал хүрээнд таарна гэдгийг ойлгож магадгүй.
Хятадын Коммунист намын амжилтыг үргэлжлүүлэх нь
Энэ Их хурлын бэлтгэл олон сарын турш явагдсан. Хурлын төгсгөлд Ши Жиньпин илтгэлээ танилцуулна. Дараа нь түүний шинэ сорилтууд эхлэнэ: Өнгөрсөн үеийн намын шинэчлэл, эдийн засгийн амжилтыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
Эдийн засгийн хувьд Хятад 30 жилийн турш хамгийн гайхалтай өсөлт үзүүлсэн. Ши Жиньпиний хувьд одоо эдийн засгийн удаашрал, бүтцийн хурдацтай өөрчлөлт, макро-эдийн засгийн тэнцвэрийг тогтоох асуудал үлдээд байна.
Хятадын эдийн засаг 2012 онд хоёр оронтой өсөлтийнхөө үеийг орхисон. Тэр үеэс хойш эдийн засгийн өсөлтийн хэмжээ 1%-иар буурсаар өнгөрсөн жил 6,7% хүрсэн. Тодруулбал энэ жилийн эхний хагасын өсөлт 6,9% хүрч, бүс нутагтаа хамгийн их нь болсон.
Эдийн засаг илүү өргөн суурьтай учраас өнгөрсөн жилийн өсөлт ДНБ-ийг 2012 оны өсөлтөөс илүү нэмэгдүүлсэн
. Гэвч олон улсын хэвлэл мэдээллүүд Хятадын энэ өсөлтийг “их удаашрал” гэж нэрлэж байна.
Хятадын энэ удаашралыг хүлээн зөвшөөрсөн Хятадын анхны удирдагчдын нэг бөгөөд үүнийг “шинэ хэвийн байдал” гэж тодорхойлон, “айх зүйл биш” гэсэн юм. Хятадын эдийн засгийн бодлого боловсруулагчид “эрэлтийн менежмент”-ийг (мөнгө, санхүүгийн идэвхитэй бодлого) ашиглан өсөлтийг тогтворжуулах гэсэн боловч энэ нь кредит, зээлийн өсгөж, өрийн асуудлыг хүндрүүлсэн байна.
Ши Жиньпиний эдийн засгийн баг өрөөр дүүрсэн эдийн засгийн өсөлтийн эрсдэлийг удалгүй ойлгосон. Ингээд Ши Жиньпин “нийлүүлэлтийн” бүтцийн шинэчлэлийг өрийг бууруулах, илүүдэл үйлдвэрлэлийг багасгах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ утгаар Ши Жиньпин эдийн засгийн удаашралыг амжилттай тогтворжуулсан. Гэхдээ өрийн хэмжээ ДНБ-ний 260%-тай тэнцэж эхэлжээ. Засгийн газар үүнийг урт хугацаанд шийдэх асуудал гэж үзэн эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд буурна гэж тооцжээ.
Ши Жиньпинд тулгарах өөр нэгэн сорилт бол шинэ эдийн засагт инновацийг хэрхэн дэмжих тухай юм
. Хятадын эдийн засгийн өсөлтийн эх сурвалж экспортын үйлдвэрлэлээс дотоодын эрэлтэд суурилсан бүтэц рүү шилжиж байна. Үйлчилгээний салбарын өсөлт, технологийн хөгжил ирээдүйн өсөлтийг түрэх шаардлагатай болсон.
Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахтай харьцуулахад Ши Жиньпиний эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр илүү их сорилттой тулгарч байна. Хятад эдийн засаг, нийгмийн хүрээнд олон шинэчлэл хэрэгжүүлсэн. Шинэчлэл шаардлагатай хэсэг, бүрэн гүйцэд хэрэгжээгүй шинэчлэлийн ажлууд ихэвчлэн хүнд байдаг.
Ялангуяа санхүүгийн салбарын шинэчлэл болон төрийн өмчит компаниудын шинэчлэл хоорондоо холбогдсон учраас ихээхэн хүнд асуудал болсон. Эдгээрт улс төрийн хүсэл зориг хэрэгтэй.
Ши Жиньпин ямар нэг асуудалтай тулгарах үед хамгийн эхний үйлдэл нь намын аппарат дахь хяналтын механизмыг сайжруулах байдаг. Үр дүнд нь голлох төрийн өмчит компаниудын менежмент дэх намын хяналт өргөжсөн
байна.
Хятад нам-төрт улс хэвээрээ байна. Зах зээлийн хүч нөлөө ихээхэн нэмэгдэж байгаа ч зах зээлийн шинэчлэлийг төр л хэрэгжүүлнэ гэдгийг мартаж болохгүй.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.straitstimes.com
ШИ ЖИНЬПИНЬ. Ийм сайн бэлтгэгдсэн удирдагчтай улс улам л дээшээ явах нь гарцаагүй. Ямар ч их үйл хэрэгт чөдөр тушаа болдог авилгал хээл хахуультай тууштай тэмцэжбайгаа нь их таалагддаг. Саяхан ИНТЕРПОЛЫН хурлыг нутагтаа амжилттай зохион байгууллаа. Энэ нь гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдгийг баталгаажуулж өгч байна.