Нийтлэл 10 сарын 06, 2017

Оюуны их уурхай дахь тав тух

Тэртээ 1942 онд дэлхийн II дайны үеэс Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх Чойбалсангийн нэрэмжит Монгол Улсын Их Сургууль байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш 75 жилийн хугацааг элээж маш олон эрдэмтэн багш, оюунлаг оюутнуудаар хүрээлүүлсэн энэ сургууль 75 жилийн ойн баяраараа шинэ номын сангаа өлгийдэн авчээ. 

Номын сангийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, МУИС-ийн захирал, Доктор Я.Төмөрбаатар, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирдлагууд оролцон үг хэлж номын анхны цахим захиалгыг хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээж байсан юм. 

Хичээлийн нэг, хоёрдугаар байрны дунд их сургуулийн гудамжыг чимэн сүндэрлэсэн долоон давхар барилгын урд ялалтын баярын жагсаал гэлтэй олон хүмүүс цуглаж шинэ номын сангийн тууз  хайчлах явцыг зүрх даран хүлээж хурдхан дотогш орж үзэхсэн хэмээн битүүхэн яарцгаана.

Тус барилгын шавыг анх 2014 онд тавьж хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж нийт 16 тэрбум төгрөгөөр босгосон тус номын сан нь зоорийн давхартайгаа нийлээд долоон давхар бөгөөд номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ буюу гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop, зэрэг байрлана. Харин 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим байрлах бол 5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна.

Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Түүнчлэн тус номын сан 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллах юм.

Цагийн  хувиарын хувьд МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой бөгөөд нэг дор 700 оюутанд зэрэг үйлчлэх хүчин чадалтай төдийгүй энгийн үед өглөөний 08:30-аас оройны 20:30 минут хүртэл ажиллах юм байна. Харин шалгалт болон SISI систем ид ачаалалтай үеэр нэг анги танхимыг 24 цагийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Технологийн шинэчлэл бүхий номын сангийн булан тохой бүр орчин үеийн шинэ загвар дизайн , архитектурын шийдлийг тусгасан чамин хийцтэй хана тааз, ширээ, сандал, номын тавиурууд харж нүд хужирлахаас гадна номын сангийн нэг давхарын зүүн жигүүрт байрлах “Эрдмийн музей” сонирхол  татаж байлаа. Цаг хугацааг ухраасан мэт тэртээ 1942 он буюу хүйтэн дайны үед сургууль байгуулагдаж байсан түүхэн үйл явц, тухайн үеийн эртэмтэн багш нарын эрдмийн зэрэг горилохдоо өмсөж байсан хувцас хэрэглэл, МУИС-ийн хамгийн анх хэрэглэж байсан тугаас эхлээд хамгийн сүүлийн үеийн МУИС- сансрын хиймэл дагуул буюу "Мазаалай"г хөөргөх үеийн зураг бүхий цаг хугацааны гэрч болсон музей энд үүд хаалгаа нээжээ.

Нийт 130 м2 талбайтай 300 гаруй түүхий эд өлгийн зүйлтэй тус музей цаашдаа музейг сонирхохоор ирсэн хүн бүрт МУИС-ийн түүхэн үйл явдлыг харуулсан киног үзүүлэхээр бяцхан театрыг нээн ажиллуулах гэж буйг болон бусад мэдээллийг МУИС-йн Захиргаа дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам онцолж байлаа. 

Ч.Гантуяа: МУИС-ийн музейд жижиг кино танхим нээгдэнэ

МУИС 1942 онд байгуулагдан анхны дээд мэргэжилтнүүдийг бэлтгэж эхлээд 1960-аад оны үед анхны музейгээ байгуулж байсан. Гэвч анхны музей байгуулагдаж байсан байрыг татан буулгаад номын сангаа өргөтгөөд уншлагын танхим болгох шаардлага бий болсон байдаг. Учир нь тэр үед манай номын сан 100 гаруйхан номтой 15 хүний суудалтай байсан. Түүнээс хойш 75 жилийн дараа буруу МУИС байгуулагдаж байсан аравдугаар сарын 5-ны өдөр музейгээ нээж байна. Үзвэрүүдийн хувьд анх 1940 онд МУИС-ийг байгуулах сайд нарын тогтоолоос эхлээд анхны оюутнуудын сангийн аж ахуйд явж байсан зургуудаас бидний анхны бие даасан хиймэл дагуулыг хөөргөсөн үеийн зураг мөн манай сургуулийн захиралын албан тушаалд ажиллаж байсан Б. Ширэндэв гуайн Кембирижийн их сургуулиас хүндэт доктор авч байхдаа өмсөж байсан өмсгөл түүнчлэн МУИС-тай хоёрдахь хамтын ажиллагаатай байдаг  сургуулуудийн бидэнд ирүүлсэн сувинеруудыг байршуулсан.

Бид музейгээ нээхдээ их сургуульд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дунд нээлттэй өдөрлөг зохион байгуулан МУИС-ийн түүхийг гэрчлэх гэрэл зураг болон эд өлгийн зүйлсийг хандиваар авсан. Маш олон он цагийн гэрч болсон түүхэн зургууд ирсэн. Эдгээрийг тухай бүрт нь түүхэн үйл явдалтайгаа холбон  үзвэрүүдээ шинэчилнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon