Нийтлэл 10 сарын 16, 2017

Хүчирхийллийг өөгшүүлсээр байх уу?

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүллээ гэх мэдээлэл тарж нийгмийг цочирдуулсан. Тус хэргийг шүүхийн шинжилгээний ерөнхий газарт шинжлүүлж хуулийн хүрээнд шалгаж байгаа юм. Гэвч хуулийн хүрээнд шийдэж байгаа гэх албаны хүний үг тэр бүр үнэн байдаггүй гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Аливаа хэргийн цаана заавал нэг зүйл нуун дарагдуулж ямар нэгэн байдлаар хүнд суртал үүсгэдэг нь Монголд энгийн л үзэгдэл мэт болчихсон. Тухайлбал  хүчирхийлэлд өртсөн бяцхан охиныг шүүхийн шинжилгээний газарт ирэхэд төлбөрөө төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гэдэг эмчийн үг дөнгөж ганцхан жишээ нь юм. Уг нь 16 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг. Гэтэл шүүхийн шинжилгээний үндэсний газарт тийм журам байдаггүй гэнэ. Харин амьжиргааны түвшинг харгалзан үнэ төлбөргүй шийдэж өгдөг юм байна. Гэвч бодит байдал дээр энэ журам төдийлөн хэрэгждэггүй нь хохирогч охин мөнгөгүйгээс болж шинжилгээ хийлгэж чадахгүй, хөндлөнгийн хүний тусламжтайгаар шинжилгээнд хамрагдсанаас харагдаж байгаа юм. Энэ мэт хэнэггүй тоомжиргүй байдлаас болж олон мянга охид бүсгүйчүүд бие сэтгэлийн хохирол амсч, ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж байгаа нь харамсалтай.

 

Түүнчлэн цагдаагийн ерөнхий газраас 2014 онд өсвөр насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн хэрэгт хийсэн судалгаагаар хүчингийн гэмт хэрэгт өртөгсдийн дийлэнх хувийг өөрийгөө хамгаалах чадваргүй 8-17 буюу өсвөр насны 115 охид 3-7 хүртэлх насны балчир 10 охид хүчирхийлэлд өртсөн байсан бол 2016 оны байдлаар 298 охид гадны болон ойр дотны хүмүүст хүчирхийлүүлсэн гэх статистик судалгаа гарчээ.

 

Мөн 2016 оны байдлаар шүүхийн шинжилгээний ерөнхий газарт бэлгийн маргаантай асуудал шийдвэрлүүлэхээр 495 эмэгтэй ирснээс 0-1 хүртэлх насны 2, 1-4 насны 12, 5-9 насны 40, 10-14 насны 79 охид ирсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдэж бүртгүүлсэн тоо. Үүний цаана тоолж барамгүй олон жигшүүрт хэрэг үйлдэж нуун дарагдуулсан байхыг хэн ч үгүйсгэхгүй. Ил гарч олонд ил болсон нь энэ. Энэ төрлийн гэмт хэрэг хөндлөнгийн хүнээс ойр дотно гэр бүл доторх хүчирхийлэл ил гарахгүй гэр бүлийн нэр хүндээ бодон нуун дарагдуулсан хэрэг ч өчнөөн. Жишээлбэл  хөндлөнгийн хүнд 52 ойрын төрөл  садандаа 24, хойд аавдаа 17, төрсөн аавдаа 7, төрсөн ахдаа 6 хүүхэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Тиймээс энэ бүхэнд эцэг эхийн анхаарал халамжаас гадна зайлшгүй төрийн оролцоо, бодлого байна. Хүчирхийлэлд өртсөн нэг хүүхдийн цаана хэдэн хүн, ямар ирээдүй хохирч байгааг хаа хаанаа бодолцож охидын хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгох, хатуу чанга ял биш эрт илрүүлэлт, хохирогчийг яаралтай, үнэ төлбөргүйгээр хамгаалах процедур, бас хуулийн байгууллагынхны мэдрэмж, хүн чанар илүү хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon