Нэгдүгээр сарын долоонд Францын шог сэтгүүл “Шарли Эбдо”-руу халдсан хэрэг гарсан билээ. Халдлагын улмаас редакцын арван ажилтан, хоёр цагдаа амиа алдаж, 11 хүн шархдав. Уг хэргийн дараа Парис даяар онцгой байдал зарлан, олон мянган цагдаа нар оролцсон тусгай ажиллагаа болов. Хэрэгт холбогдох хүмүүсийг илрүүлсэн ч тусгай ажиллагаа явуулах үеэр амь үрэгдсэн байна. Энэхүү террорист халдлага гэгдээд буй хэрэг нь дэлхий нийтийг дахин айдаст автуулаад байна.
Даварсан террорист үйл ажиллагаа
Уг хэрэгт таван хүн холбогдоод байгаа юм. Гэвч үүний цаана томоохон террорист бүлэглэлүүд байх магадлалтай. Эхний сэжигтэнгүүд болох ах дүү Шериф Куочи болон Саид Куочи нар нь тус хэргийн дараа хэвлэлийн үйлдвэрийг барьцаалав. Цагдаа нарын ажиллагаа амжилттай явагдаж барьцааны хүмүүсийг аварч чадсан ч хоёр сэжигтэн амь үрэгдсэн байна. 32 настай Шерив Куочи болон 34 настай Саид Куочи нар нь Францын цагдаа нартай эртний “танил”-ууд аж. Шериф Куочи нь 2005 онд Иракт АНУ-ын цэргүүдийн эсрэг байлдаж яваад баригдаж байв. 2008 онд Иракруу ахин бослогод оролцохоор явах гэж байхад нь баривчилж гурван жилийн ял өгч байжээ. Тэрээр Иракын Ал-кайда бүлэглэлд гишүүн элсүүлэхэд нь тусалдаг байсан аж. 2010 онд ах дүү хоёр шоронгоос лалын шашинтныг оргуулсан хэрэгт нэр холбогдож байсан ч нотлох баримт хангалтгүйгээс суллагдав. 2011 онд Саид Куочи нь Ал-кайдагийн нэрийн өмнөөс Еэмэнрүү явж зэвсэг хүлээн авч байсан гэх мэдээлэл бий. Гуравдах сэжигтэн нь18 настай Хамид Мурад гэх сурагч юм. Тэрээр нэрээ сошил медиад тарсан байхыг хараад өөрийгөө цагдаагийн газар аваачсан байна. Албаны мэдээллээр халдлагад оролцсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн ангийнх нь хүүхдийн мэдээлснээр халдлага гарах үед түүнийг хичээл дээрээ байсан гэжээ. Үлдсэн хоёр сэжигтний нэг нь тус халдлагын дараа мөн дэлгүүр барьцаалах үеэрээ алагджээ. Харин нэг нь одоогоор сул байгаа хэмээн цагдаагийн газраас мэдээлж байна.
Редакцийн амьд үлдсэн бусад ажилчдын мэдээлж буйгаар террористууд “Бид Муххамедын өшөөг авч байна. Аллах тэнгэр бол агуа.” хэмээн хашгирч байсан гэв.Тус хэрэгт сэжиглэгдээд байгаа таван хүний цаана “ISIS” бүлэглэл байх магадлалтай гэх таамаглал газар аваад байна. Учир нь “Шарли Эбдо” сэтгүүлийн твиттер хаягийн сүүлийн жиргээ нь “ISIS”–ийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн шог зураг байжээ. Түүнчлэн Францад явуулсан ажиллагаа нь олон улсын эвслийн гишүүн бүх оронд өгсөн илгээлт гэж “ISIS” бүлэглэлийн шашны удирдагчдын толгойлогч Абу Саад аль-Ансари Иракийн Мосул хотод болсон номлолын үеэрээ мэдэгдсэн байна. “Өнөөдөр бид Францад гэнэтийн халдлагаа эхэлсэн. Харин маргааш Их Британи, АНУ, болон бусдынх нь ээлж ирнэ” гэжээ. “ISIS” бүлэглэлийн эсрэг явуулсан агаарын дайралтанд хэдэн арван можахед амиа алдсан юм. Үүний хариу болгон террорист ажиллагаагаа эхэлсэн байна. Хэдэн жилийн өмнө зөвхөн тодорхой бүс нутгуудад л террорист халдлага болдог байв. Харин сүүлийн жилүүдэд газар нутгийн хувьд хязгааргүй болжээ. Зэвсэглэсэн л байх юм бол хэдэн хүн, хаана, хэзээ байх нь хамаагүй “илгээлтийн эзэд”-н дүрд тоглон, алан хядлага үйлдэх болов.
Ерөнхийлөгч Франсуа Олланд “ Энэ бол яах аргагүй террорист халдлага. Энэрэх сэтгэлгүй хүмүүсийн хийсэн ажил. 1961 онд галт тэрэг дэлбэлж 28 хүний аминд хүрсэн хэргээс хойш Францад болсон хамгийн аймшигтай халдлага байлаа. Хүмүүс хулчгар, айдсаасаа болоод үхэж байна. Бид айж байна. Учир нь бид ардчилсан, эрх чөлөөтэй улс.”
Сэтгүүлчдийн эрх чөлөө ба амь насны баталгаа
Францын долоо хоног тутмын “Шарли Эбдо” шог сэтгүүл нь Францын сэтгүүлзүйн түүхэн, эртний уламжлалтай мэдээллийн хэрэгсэл юм. 1981 оноос хойш арван жилийн турш тийм ч их борлуулалттай байсангүй. 1992 оныг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож байсан удаа ч бий. Сэтгүүл нүүрэн дээрх шог зураг, зоригтой, өдөөн хатгасан гарчигаараа ялгарч чаддаг байлаа. Гэсэн хэдий ч уг сэтгүүлийн шог зургаас үүсэх хэрүүл маргаан тасардаггүй байв. 2011 онд Charia Hebdo" Исламын үндэслэгч Мухаммадын шог зургийг нийтэлж байв. Яг энэ үед 20-р дүүрэгт байсан хэвлэлийн байр шатаж, вэбсайт нь хакерт өртсөн юм. Шашин бол уг сэтгүүлийн эн тэргүүний бай билээ. 2012 онд тус сэтгүүлээс Мухаммадын цуврал шог зургуудыг нийтэлсэн юм. Үүнд нь түүний нүцгэн шог зураг ч багтсан байлаа. Үүний дараагаас Ойрхи дорнодын улсуудад АНУ-ын элчин сайдын яамруу халдах халдлагууд ихэссэн байна. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Стефанни Шарбонниер нь 2013 онд ал-кайдагийн аллагын жагсаалтад орж байсан удаатай. Энэ удаагийн хэрэг сэтгүүлчдийн амь насны баталгаа, хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг ахин нэг нухацтай авч үзэх цаг нь болсоныг харуулж байна. Дэлхий даяар ялангуяа Сири болон Иракт сэтгүүлчидрүү халдах хэрэг жил ирэх тусам ихэсч байна.
Үүнтэй холбоотой олон улсын хэвлэлүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Хэвлэлийн эрх чөлөөг дэмжсэн жагсаал өрнөж эхэллээ. Нэн ялангуяа Bloomberg News, The Huffington Post, The Daily Beast, Gawker, Vox , The Washington Free Beacon гэх мэт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдлагын дараа шог зургийг өөрсдийн вэбсайт дээр тавьж эхэлжээ. Хэдийгээр “Шарли Эбдо” сэтгүүл террорист халдлагад өрсөн ч шинэ долоо хоногийн хэвлэлээ гаргахаа мэдэгдээд байна. Тэгэхдээ бүр 60 мянган ширхэг хэвлэдэг байснаа нэг саяыг хэвлэх гэж буй ажээ.
Сэтгүүлийн тоймч Патрик Пеллукс “Үнэхээр хэцүү байна. Зовж шаналж бас дээрээс нь айж байна. Гэхдээ бид л үүнийг хийх ёстой. Тэгж байж л тэнэгүүдэд ялалтыг өгөхгүй”
Террористуудын эсрэг бодлого
Францын дотоод хэргийн сайд Бернард Казинов дөрвөн сарын 23-ний засгийн газрын уулзалтаар радикал үзлийн эсрэг төлөвлөгөөг танилцуулсан юм. Тус стратегийн төлөвлөгөө нь зөвхөн Францын ард иргэдийг хамгаалаад зогсохгүй залуу муслим шашинтнуудын радикал үзэлтэй тэмцэхэд чиглэх аж. Сүүлийн үед Францын өсвөр насны хүүхдүүд Сирийн жихад болох оролдлого нилээдгүй газар авчээ. Францын зүүн өмнөд хэсгийн Grenoble хотын 14 настай охиныг Истанбулруу нисэх гэж байхад нь барьж авав. Тэрээр Лионы нисэх онгоцны буудлаас Истанбул хүрэх нэг талын тизтэй байжээ. Охин “Сирийн Жихадын эгнээнд нэгдэхээр сонгогдсон учир гэрээ орхин явж байна” гэж аавдаа зурвас илгээсэн байна. Үүний дараа аав нь цагдаа нарт мэдэгдэж охиныг барьж авчээ. Жихадын онлайн сүлжээнд нэвтэрч тэдний эгнээнд элсэх явдал ихэссэн төдийгүй Францын мянга гаруй иргэн Жихадын онлайн сүлжээнд холбогдож байснаас 46 нь алагдсан байна. Франц улс нь Ойрхи дорнодын улсууд дотроос бослого гаргагч Ассадын үйл ажиллагааг идэвхтэй эсэргүүцдэг, Иракын Исламын улсын эсрэг үйл ажиллагаанд нэгдээд байгаа билээ. Түүнчлэн 1960 оноос эхлэн Европын улсууд тэр дундаа Франц, Германы Муслимын ард иргэдийн тоо эрчимтэй өсөх болсон юм. Халдлага болсон өдрийн байдлаар Муслимын ард иргэдийн тоо 5 саяыг давсан байв. 2004 оны байдлаар Парис хот дахь Муслим иргэдийн тоо багадаа л 1,7 сая байжээ. Мөн 2014 оны таван сарын байдлаар хийсэн нийт ард иргэдийн судалгагаар Муслимыг эсэргүүцдэг иргэдийн тоо нийт ард иргэдийн 27%-ийг эзэлж байв. Уг аймшигт явдал нь террорист үйл ажиллагааны эсрэг бодлоготой болж, идэвхтэй тэмцэх хэрэгтэйг сануулж өгөв. Мөн Франц болоод бусад заналхийлэлд өртсөн улсууд цаашдаа террорист үйл ажиллагааг эсэргүүцэх, Муслимын ард иргэдийн тоог багасгах тал дээр анхаарч эхлэх болов уу. Цагийн дотор л Парисд болсон явдал Франц даяар бүр Европ даяар тарсан байв. Террорист халдлагын айдас, хүйдэс дэлхий даяар багагүй байгаа нь үүнээс харагдаж байна. Тус хэргийг олон орны удирдагч, ерөнхийлөгч, нэр нөлөө бүхий хүмүүс тэр байтугай барууныг эсэргүүцэгчид хүртэл буруушааж байсан нь дэлхий террорист үйл ажиллагааны эсрэг удахгүй нэгэн дуугаар босож, тэмцэж эхлэх нь маргаангүй болоод байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама аймшигт аллагийг буруутгаж “Эдгээр аймшигт террористуудыг шударга ёсны өмнө авчирахын тулд хэрэгцээт бүх л зүйлсд нь туслах болно.”
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мүүн “Энэ бол айдас төрүүлсэн, шударга бус, хүйтэн цуст хэрэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол эрх чөлөөний илэрхийлэл билээ. Тэд ардчилалын тулгуур чулууруу халдлаа.”
Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон twitter-ээ “ Бид Терроризмын эсрэг тэмцэж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж Францын талд зогсох болно. "
Сэтгэгдэл бичих