Нийтлэл 10 сарын 19, 2017

“Үзэн ядалтаа илэрхийлэх эрх чөлөөний зааг”

Хүн төрөлхтний бие махбодь хэдийгээр газрын гадарга дээр 200 гаруй улсын хил хязгаарт баригдан амьдарч байгаа ч, бидний оюун санаа цахим ертөнцөд тухайлбал 2.8 тэрбум хүн фэйсбүүк хэмээх платформ дотор амьдарч амьдралынхаа ихэнхи цагийг тэрхүү хил хязгааргүй ертөнцөд өнгөрүүлж байгаа билээ. Дэлхийн улс орнууд “Нийгмийн сүлжээ” гэх энэхүү хэт глобалчлагдсан ертөнцөд иргэдийнхээ ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зохистой түвшинд авч явах вэ? гэдэг шинэ сорилттой нүүр тулгараад байна. Өөрөөр хэлбэл “Нийгмийн сүлжээ” гэх платформуудын тусламжтайгаар хэдхэн секунд, хэдхэн цагийн дотор үнэн худлаас үл шалтгаалан аливаа мэдээлэл хэдэн мянга, хэдэн сая хүний сонорт хүрч, нийгмийн итгэл үнэмшил, үнэлэмжид хүчтэй нөлөөлж байгаа нөлөөллийн хэмжээ бусад хэвлэл мэдээллийн нөлөөнөөс хүчтэй болжээ. 

Мэдээж ардчиллын бидэнд өгсөн хамгийн үнэтэй зүйл бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө. Энэ эрх бидэнд аливаа зүйлийг олон ургальчаар харах боломжийг олгож байгаа. Харин сүүлийн жилүүдэд үзэл бодлоо үзэн ядалтаар “hate speech”-р илэрхийлэх явдал дэлхий нийтэд түгж, түүнийг ашиглан тархи угаах, нийт нийгмийг турхирах компанит ажлууд олноор өрнөж байна. Улс төрийн зорилготой суртал нэвтрүүлэг, төрөл бүрийн видео бичлэг, бичвэрүүдийг “Нийгмийн сүлжээ”-р тарааж хэн нэгэн хүн, нийгмийн бүлэг, улс үндэстнийг нийт нийгмээрээ үзэн ядуулж байгаа үйл ажиллагаа Монголд төдийгүй олон улсад ч моданд ороод байгаа юм. Олон улсад дүрвэгсэд, цагаачдыг эсэргүүцэх, террорист хэмээн гадуурхах үзэл дэвэрч байгаа бол манай улсад үндсэрхэх үзэл, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн эмзэг асуудлуудыг дэвэргэх хэлбэрээр илэрч байна.

Хамгийн сүүлд “5 настай охины хүчингийн гэмт хэрэг” гарсан. Ийм аймшигтай хэргийг өршөөж болохгүй, ийм нийгмийн хог шааруудыг цаазалвал таарна гэсэн олон үзэн ядалтын комментууд гарч ирэхэд ерөнхийлөгч Х.Баттулга “цаазын ялыг сэргээхээр ажиллаж байна” хэмээн орой нь мэдээлж маргааш нь нийтээрээ цаазлах ялын тухай мэтгэлцэх жишээний. “Монгол дахь МҮҮНИЗМ”, “Хууль зүйн сайдын хар  тамхичин нууц амраг” гээд өөр олныг ч нэрлэж, дэлгэрүүлж ярьж болно.

“Нийгмийн сүлжээ”-р дамжин үндэсний оюун санааны дархлааны системд өөрчлөлт оруулж буй эдгээр үйл явцыг зогсоохын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд зааг хязгаар тогтоох хэрэгтэй юу? 

Монгол дахь Германы Фридрих Эбертийн сангаас “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаар" нэртэй бага хурлыг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд энэхүү бага хурлын үеэр Монгол дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, ХБНГУ-д мөрдөгдөж эхлээд байгаа "Нийгмийн сүлжээнд сахиулах хууль"-ийн талаар илтгэл  тавигдаж, Монгол дахь улс төрийн намууд болон олон нийт нийгмийн сүлжээн дэх мэдээ мэдээлэл харилцааны талаар ямар байр суурьтай байгаа талаар хэлэлцүүлэг өрнөлөө. 


 Др.Проф.Болдбаатар: “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хэвлэл мэдээлэлд өгөх дүгнэлт” илтгэлдээ олон нийтийн сэтгэлзүйн хөөрөл, хэт үндсэрхэх үзэл, нэг намын дангаар ноёрхлын айдас болоод эрх баригч хүчний бодлого, шийдвэрт эгдүүцсэн нийгмийн санаа бодол хяналтгүй, бүхэнд нээлттэй хэрэглэгч хоорондын харилцааны орчинд хүч түрэн түгсэнээр улс төрийн цахим популизм дэлгэрч, сэтгүүлзүйн үүрэг нөлөө үнэгүйдэх үзэгдэл бодит зүйл болсныг 2017 оны  оны Ерөнхийлөгчийн сонгууль тодотголоо. 

Улс төрийн үнэлэмж, соёл, төлөвшил талаасаа нийгэм, эдийн засгийн хөгжил, бодлогын талаарх мөрийн хөтөлбөр, үзэл санааны шудрага өрсөлдөөн, Ерөнхийлөгчийн албан үүрэг, эрх мэдэл болох үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, шүүхийн тогтолцоо зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх мэтгэлцээн, санал үгүй сонгуулийн Пи Ар мэдээллийн түүхэн жишээ, үйл явдал боллоо. 

Сэтгүүлзүйн хувьд нийгмийн сүлжээний агуулгаас эрс ялгарах чанартай мэдээлэл, улс төр, бизнесийн бүлэглэлийн хараат бус байдлаа баталгаажуулж, олон нийтийн санаа бодлыг чиглүүлэгч болж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа эн тэргүүнд тавих цаг болжээ. Цаашилбал бодит үнэн мэдээллийг дээдлэхэд нийгмийн элитийн оройлол шийдвэрлэх нөлөөтэй хэмээн цохон тэмдэглэлээ.

  ХБНГУ-ын Нордрайн Вестфален муж улсын Европын холбоо, Хэвлэл мэдээлэл хариуцсан төрийн нарийн бичгийн дарга асан Марк Ян Ойманн:

  “Цахим популизм-Чөлөөт нийгэмд худал мэдээлэл болон гүтгэлэг доромжлолтой хэрхэн харьцах вэ?” илтгэлээрээ "Нийгмийн сүлжээнд сахиулах хууль"-ийн талаар мэдээлэл өглөө.  Энэхүү хуулийн шаардлага хэрэгцээ нь нийгмийн сүлжээнд гүтгэн доромжлогдсон иргэдийн олон гомдлыг шийдвэрлэхээс урган гарсан ба энэхүү хуулийн хүрээнд дурын агуулга, мэдээллийг хоорондоо солилцох буюу олон нийтэд дэлгэж тавих зориулалтаар сошиал нетворк платформыг ашгийн төлөө ажиллуулж байгаа мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний байгууллага хамрагдах юм. Эдгээр байгууллагууд нь хуулийг илт зөрчсөн 

  • Хууль бус байгууллагын үзэл суртлыг дэлгэрүүлэх
  • Хууль бус байгууллагын тэмдэг хэрэглэх
  • Улс оронд заналхийлсэн хүнд аюултай хүчирхийлэлд бэлтгэх
  • Улс оронд заналхийлсэн хүнд аюултай хүчирхийллийг үйлдэх заавар
  • Улс эх орноосоо урвасан, эх орноо  худалдсан хууран мэхлэлт
  • Гэмт хэрэгт ил тодоор өдөөн турхирах
  • Олон нийтийн амгалан тайван байдлыг гэмт хэрэг үйлдэхээр сүрдүүлж алдагдуулах
  • Гэмт хэргийн бүлэглэл байгуулах
  • Террорист бүлэглэл байгуулах
  • Ард түмнийг өдөөн турхирах
  • Хүчирхийллийг үзүүлэх
  • Гэмт хэргийг өөгшүүлэх
  • Итгэл үнэмшил, шашны нийгэмлэгүүд, ертөнцийг үзэх үзлийг  хараан загнах
  • Хүүхдийн порно худалдан авах, эзэмших болон тараах
  • Доромжлох, Муугаар хэлэх, Гүжирдэх
  • Хүний хамгийн хувийн орон зайд фото зураг авч халдах
  • Сүрдүүлэх
  • Баримттай холбоотой мэдээ агуулгыг өөрчлөх, хуурамчаар үйлдэх 

зэрэг үйлдлүүд гаргах юм бол мэдээллийг байршуулсан платформын зүгээс 24 цагийн дотор устгах буюу блоклох үйл ажиллагаа хийх ёстой юм байна. Устгагдаагүй тохиолдолд тэрхүү платформ нь 5 саяас 50 сая хүртэлх еврогийн торгууль төлөхөөр хуульчлагдсан байна. Блоклоно гэж тухайн агуулгыг зөвхөн хамааралтай нэг хэсэг газар, өөрөөр хэлбэл зөвхөн Герман дотор харагдахгүй болгохыг хэлнэ. Энэ тохиолдолд Германаас бусад газар харагдана. Хэрэв агуулгыг устгавал дэлхий даяар харагдахгүй болно. 

Хуулийн төслийн дагуу үр дүнтэй гомдлын менежмент хийх үүргээ зөрчих болон тайлагнах үүргээ санаатай буюу санамсаргүйгээр биелүүлэхгүй байх нь захиргааны зөрчилд тооцогдоно. Мөн үйлчилгээ үзүүлэгч газар нь харьцах болон гомдол хүлээн авах хүнийг нэрлэхгүй байх нь өөрөө захиргааны зөрчил болно.

Энэхүү хууль нь олон нийт болон сэтгүүлзүйн байгууллагуудын дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа учраас эсрэг байр суурьтай байгаа талаас Дойчвилл ТВ-ийн сэтгүүлч Юлиус Эндэрт “Нийгмийн сүлжээнд хэрэгжүүлэх тухай хуулийн эргэн тойронд өрнөж буй хэлэлцүүлэг” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр энэхүү илтгэлдээ "Нийгмийн сүлжээг сахиулах хууль"-ийг эсэргүүцэх  болсон аргументуудаа дэвшүүлсэн юм.

  • Энэхүү хууль нь үндсэн хуулинд заагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна.
  • Ардчиллаар бидний олж авсан хамгийн том ололт бол олон талт байр суурь. Энэхүү хууль үйлчилсэнээр нийгэм дэх олон талт байр сууриа илэрхийлэх иргэдийн тоо багасна.
  • Фэйсбүүк зэрэг платформууд хүн хоорондын маргааны нарийн ньюансуудыг мэдэрч чадахгүй буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар иргэдийг хохирсон, гүтгэсэн доромжилсон зэргийг тодорхойлох боломжгүй
  • Facebook болон бусад платтформууд өөрсдийн дүрмээрээ явдаг бөгөөд тэр нь бидний төсөөлөлтэй ижил байх албагүй. Яагаад гэвэл тэдний зорилго бол боломжийн хэрээр их ашиг олох явдал юм
  • Энэ нь эргээд энэ мэдээлэл миний эсрэг мэдээлэл гарлаа гэсэн гомдлыг нэмэгдүүлж маш олон мэдээллийг устгуулах үндэс болно. Ингэснээр шүүмжлэлт байр суурь багасна.
  • Мэдээллийг устгаж буй платформын шалгуурын төвшин зөв гэж хэн батлах вэ? Алгоритмууд, ботууд болон хиймэл оюун ухаанд бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хамаагүй.
  • Энэхүү хууль нь Авторитар дэглэмтэй улсуудад үлгэр жишээ болж ардчиллын үйл явцад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ХБНГУ олон улсад нөлөөлөгч их гүрнийхээ хувьд дэлхийд сайн жишиг үзүүлэх үү? Муу жишиг үзүүлэх үү гэдгээ дүгнэх хэрэгтэй

гээд нийгмийн сүлжээн дэх сөрөг нөлөөллийг хязгаарлахын тулд Сүлжээн доторх харилцаа яг хэрхэн яаж явагдаж байгаа талаар бид илүү ойлголттой болох ёстой. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэдээллийн агуулгыг чухал анхаарах ёстой. /Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандахыг сурч/сургаж болно/ Бид монопол бүтцүүдээс өөр алтернатив сонголтуудыг бий болгож түүнийгээ идэвхтэй дэмжих ёстой. Энэ нь үр дүнгээ өгөх болно. Бид өөрсдийнхөө хариу үйлдэл үзүүлэх чадвараа сайжруулах ёстой. /энэ чиглэлээр олон ТББ байгуулагдаж байгаа/. Бид олон нийтийн санаа бодлыг мушгин гуйвуулагчид болон үзэн ядалтын үг хэллэг бичигчидтэй биднийг хүлээж байгаа тэр газарт нь жишээлбэл сүлжээнд ижилхэн олдох боломжтой мөн “харьцуулан шалгаж болох зөв мэдээллээр”  /Counter Speech/ тэмцэх ёстой. Бид ил тод байдал болон хамтран шийдэх боломжийг дэмжих ёстой. Харилцаа холбооны дээд эрхийг компаний болон засгийн газрын гарт өгч болохгүй.

Бидний олон талт байдал бол бидний давуу тал. Харилцаа холбоог Facebook-ийн нормоор нормчлох нь бидний энэ олон талт байдлыг эвдэж байна. Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдийн “Community Standard"-ууд нь ардчилсан бус, ил тод биш аргаар бий болсон тул бидний ирээдүйн хамтын амьдралын нийгмийн норм, хэм хэмжээ болж болохгүй бөгөөд болж ч чадахгүй билээ. Тэгэхгүй бол бид бүгдээрээ сүлжээнд холбогдсон бөгөөд хиймэл оюун ухаанаар удирдуулсан дэлхийд бусдын бий болгосон системийн боол болж хувирах болно. Бид, ардчилсан нийгмийн иргэдийн хувьд өөрсдөө арга барилынхаа эзэн хэвээр үлдэх ёстой. Бид хоорондоо хэрхэн яаж харилцаж холбогдохоо 3 дахь этгээдээр заалгаж болохгүй хэмээн дүгнэлээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon