Нийтлэл 10 сарын 20, 2017

Уул уурхайн сайдад хэн юу захив

30 дахь ерөнхий сайдын Засгийн газар байгуулагдан ажилдаа орлоо. Монгол улсын экспортын  80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг тул энэ хариуцлагатай салбарыг хэрхэн авч явах бодлогоос Монголын цаашдын  ирээдүй шалтгаалж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын сайдыг батлах үеэр УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг танилцуулъя. 

Ц. Гарамжав: Уул уурхайн лицензүүдийг цэгцэл

Уул уурхайн салбарын хэтийн төлөвлөлтийг газар нутгийнхаа онцлог өнөөгийн байгаа байдалд тохируулж хиймээр байна. Лиценз олголт хавтгайрсан бодлого алдагдсан байгаа. Хууль бус олборлолтууд бичил уурхайтай холбоотой, түүнийг журмаар зохицуулж эхэлсэнээс болоод байгаа юм. Бичил уурхайн журам гэхээр орон нутаг нь мэдэж эрхийг олгодог, орон нутаг нь хаа дуртай газраа дуртай ашигт малтмалаа олборлох зөвшөөрөл олгодог болсон байна. Тиймээс бичил уурхайн журмыг зохицуулах, хуульчилж өгөх шаардлагатай байна. Уул уурхай дээр мэргэжлийн хариуцлагатай гэсэн 2 зарчмыг баримтлах шаардлагатай болсон. Дараагийн асуудал нь нөхөн сэргээлт. Мэргэжлийн бус олборлогчид хоорондоо наймаалцаж нөхөөн сэргээлтээ хийхгүй байна. Олон улсын туршлагад нуур байгуулах, олон наст ургамлын үр тариалах, бэлчээр хийх зэрэг нөхөн сэргээлтээр маш олон үр ашигтай ажил хийж болдог. Ашиглалтын лиценз 1613, хайгуулын лиценз 2063 байна. Лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагын судалгаа гаргаж танилцуулах шаардлагатай байна. Лиценз олголтоос манай орны газар нутаг, тусгаар тогтнол хамаарна. 

Ё.Баатарбилэг: Энэтхэгийн засгийн газраас орж ирсэн тусламжаар төмөр замаа барьвал ямар вэ?

Өнгөрсөн хаврын чуулганаар Энэтхэгийн засгийн газрын нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барихаар яригдаж байгаа нь нилээн асуудалтай байгаа. Утопи төсөл сонсогдоод байсан. Нэг тэрбум доллараар нефть боловсруулах үйлдвэр барих нь өнөөгийн чухал асуудал мөн үү? Энэтхэгийн засгийн газрын нэг тэрбум доллараар таван толгойнхоо төмөр замыг барьчих л юм билээ. 

Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг ханга, баялгийн тэгш бус хуваарилалтыг зогсоо

Урт нэртэй хууль батлагдсанаар байгаль экологид АН эрх барьж байхдаа удаа дараа өөрчлөх оролдлого их хийсэн. Байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлнэ гэчихээд дагаж мөрдөх журмыг нь өөрчилчихсөн. Хуулийн хэрэгжилт хангахгүй байгаатай холбоотой олон гомдол Хэнтий аймгийн Гутайн давааны алтны үйлдвэрт орж үзсэн. Яг голдрил дээр нь байгалиа самраад байж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллах шаардлагатай байна. Алтны лиценз эзэмшигчид хүчтэй лоббитой юм. Иймээс өнгөрсөн 4 жилд энэ хуулийг хүчингүй болгоод муу үр дагаврууд нь гараад эхэлчихсэн. Ган зудын давтамж нэмэгдэж байгаатай уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа шууд холбоотой.  Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, нийгэмд тэгш журам, шударга ёс алдагдаж байгаагийн гол үндэс нь уул уурхай.

Д.Дамба-Очир: Эрдэнэтийнхээ дэргэд зэс хайлуулах үйлдвэрээ босго

Уул уурхайн томоохон төсөл хөдөлвөл жижиг эдийн засаг босоод л ирнэ. Зэс хайлуулах үйлдвэр байнга л яригддаг. Эрдэнэт дээр нь энэ үйлдвэрийг барихыг дэмжээд яваач. Аль болгон баяжмал, шороо түүхий хэлбэрээр нь зэс, нүүрс төмрөө зөөх вэ? Нэмүү өртөг үйлдвэрлэх хэрэгтэй. Эрдэнэбатын засгийн газрын үед Ханбогдод барина гээд байршлыг нь солиод л байсан. Монголоос явж байгаа баяжмал 3000-4000 км явж байж хайлж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хажууд энэ үйлдвэрээ барьчих.

Д.Тэрбишдагва: Герман улстай хамтарч ажилла  

Нийт газар нутгийн 7.1 хувийг лицензээр өгсөн байна. Ийм олон лиценз олгох хэрэггүй. Лицензийн наймаа цэцэглэчихлээ. Лицензийн тоог цэгцлэх хэрэгтэй. Цөөхөн хэдэн үйлдвэр барьчих юм бол монгол улс босчих гээд байгаа юм. Яг одоо хэдэн үйлдвэр байна. Хэдийг байгуулах вэ?  Хүнд үйлдвэр байгуулж байж нэмэгдсэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоно. БНХАУ 5 жилээр ажлаа төлөвлөдөг. Ийм хэмжээний нүүрс, ийм хэмжээний цахилгаан гаргана гээд хоёр улсын тохиролцоогоор төлөвлөгөөнд нь оруулчихвал маш их сайн. Германы канцлер дэлхийд анх удаа ашигт малтмал дээр өөр улстай хамтран ажиллах гэрээ Монголтой хийсэн юм. Тиймээс Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль байгуулсан. Германууд тэр гэрээнээс ерөөсөө хэрэгжсэн юм байхгүй гэдэг. Герман эцсийн бүтээгдэхүүн боловсруулахдаа дэлхий №1 орон. Германаас суралцаад энэ гэрээг хэрэгжүүлэхэд анхаар.

Х.Болорчулуун: Дубайн гэрээг өөрчил

Орон нутгийн иргэд уул уурхайн компаниудын хооронд зөрчил их үүсэж байгаа. Хууль эрх зүйн орчин алдагдаж ашигт малтмалын тухай хууль 3-4 удаа өөрчлөгдөж монголд ашиггүй хууль болсон. Оюутолгойгоос 150 гаруй, гааль татвартайгаа нийлээд 200 гаруй тэрбум татвар орж байгаа боловч Гэрээний 30 жилийн хугацаа дуусахад манайх Рио Тинто гэдэг компанид өртэй хоцорч байна. Дубайн гэрээгээр тэрийг хийчихсэн юм. Дубайн гэрээ буруу гэдгийг бүгд мэдэж байгаа. Засах оролдлого Эрдэнэбатын засгийн газар ерөөсөө хийгээгүй. Дашдорж сайд огт хийгээгүй. Энийг хийх хариуцлага өөр дээр чинь ирж байгаа шүү. Бид байгалийн баялагаа ашиглуулчихаад, байгалиа сүйтгүүлчихээд өртэй хоцорч болохгүй шүү дээ. Газрын тос болвол жижиг алтны уурхайтай адилгүй. Сөрөг нөлөө нь маш их. Нутгийн иргэдийн амьдарч байгаа орчинд маш сөргөөр нөлөөлдөг. Нэмэлт хайгуул хийх тендер зарлагдсаныг зогсоо. Нэмж хайгуулын талбай олгохыг нутгийн иргэд зөвшөөрөхгүй шүү.

Б.Жавхлан: Таван толгойн асуудлаа Оюутолгойн хойноос нь алдчихгүй байх хэрэгтэй

Энержи ресурс сая мэдээ авахад угаасан нүүрсээ 126 доллараар зарж байна. энэ бол их ядарсан үнэ. Хэрвээ бид нэг цонхны бодлогоор хажуугаар нь түүхий нүүрс гаргахгүй байх юм бол 200 доллараар гарна. Бид арваад жил хятадын хойгуур байдаг хэдэн диллер компаниудыг тэжээлээ. Бид 50 хүрэхгүй доллараар гаргадаг. Хилийн цаана очоод угаагаад 150-250 доллар, цаашаа ширмэн дээр очоод 350-400 доллар, цаашаа гангийн үйлдвэр лүү бүр нэмэгдээд явчихдаг. Түрүүн таны хэлдгээр Оюутолгойн гэрээ уул уурхайн бодлогоосоо халиад явчихсан гэдэг нь үнэн. Оюутолгойн гэрээг бид эргэж харах хэрэгтэй. Таван толгойн асуудлаа хойноос нь алдчихгүй байх хэрэгтэй. Эдийн засаг уул уурхайгаас 80-90 хувийн хамааралтай байгаа нь тэр хэмжээгээрээ эдийн засагт гэмтэй. Гагцхүү монголын ард түмэнд өгөөжтэй байх ёстой.

Г.Тэмүүлэн: Тавантолгойн ордыг сорчлох бодлого явагдаж байгааг зогсоох шаардлагатай

Нүүрс занар зэс газрын тосон дээр түүхий гаргахаас сэргийлэх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Таван толгой бол мөнхийн сэдэв болчихсон. Таван толгойн ордуудыг сорчлох бодлого яваад байна. Бид стратегийнхаа орд дээр сорчлохын эсрэг бодлогыг төдийлөн сайн явуулж чадахгүй байна. Уг нь ашигт малтмалын хуулийн 35.5 дээр тухайн орд газрыг сорчлон ашиглах асуудал хориотой байдаг. Бид хамгийн том орд дээрээ энэний эсрэг бодлого гаргаж явж чадахгүй байна. Нийт ордын нөөцийн хэмжээ 7.2 тн гэж үзвэл дөнгөж 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Орд бүрээс гарч байгаа нүүрсний чанар өөр үнэ нь харилцан адилгүй байдаг. Бидний ашиглаж байгаа 4 дүгээр давхарга, 3 дугаар давхарга, 0 давхарга л чанартай нүүрс байдаг. Бусад нь эрчим хүчний чанаргүй нүүрс байдаг. Тэгэхээр бид энэ сайн чанарынхаа нүүрсийг, бусад нүүрстэйгээ хольж угааж байж бид бусад нүүрсээ үнэгүйдлээс хамгаалах боломж бүрдэнэ. Хэрэв одоогийн энэ байдлаараа явбал ойрын хугацаанд олборлолтын өртөг зардал маш ихээр өснө. Богино хугацаанд амь аргацаасан байдлаасаа салах хэрэгтэй байна. Уул уурхайн нэгдсэн бодлого маш муу байна. Хил дээрх ченж, зууч компаниудын бодлого энд яваад байна. Ашгийг нь ченжүүд хүртээд монголчууд бид эрсдлийг нь үүрдэг ийм байдалтай байгаа. Таван толгой дээр бид 20-30 сая тн нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулчихсан байгаа.

Г.Мөнхцэцэг:Хариуцлагатай уул уурхайг хөгжүүл

Уул уурхайн лицензийн 500 орчим нь Дорноговьд олгогдсон байдаг. Айраг суманд Цагаан дэлийн агуйг дэлбэлж ашигласан компани огт нөхөн сэргээлт хийгээгүй, улсад 11 сая төгрөгийн татвар төлсөн байгаа юм тэгэхээр энэ дээр шинэ бодлого авч хэрэгжүүлээч. Аймаг, сумын дарга нарын үгнээс гадна багийн сумын иргэдийн үгийг сонсож лиценз олгодог болооч гэсэн санал байна.

Д.Оюунхорол: Нөхөн сэргээлт хийх ажилд хариуцлагатай ханд

4256 га газар уул уурхайгаас болж эвдэрсэн байгаа. Нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгийн хэмжээ өнөөдрийн байдлаар 11.3 тэрбум төгрөг сангийн яаман дээр байршсан байдаг. Энийг ашиглахгүй байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтэд зарцуулах мөнгийг яаж ашиглах журам нь боловсрогдож гараагүй учраас дүрэм журмыг нь боловсруулж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай.

Д.Гантулга:1072 хувьцааны ноогдол ашгаа олгож эхлээрэй

Уул уурхайн тооцоо судалгаатай шийдвэр гаргадаг байгаасай. Сумъяабазар сайдыг ард түмэндээ хувь хишиг хүртээсэн засгийн газрын уул уурхайн сайд, Хүрэлсүх сайдыг иргэддээ таван толгойн хувьцааг үнэд хүргэсэн ерөнхий сайд байх юм байна гэж харж байна. Маргааш Эрдэнэс Таван Толгой ХК-ий 3 дугаар улирлын тайлан гарах юм байна. Тооцоогоор 370 гаруй тэрбум төгрөгийн ашигтай явж байгаа энэ ашгаас иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авч эхлэх хэрэгтэй. Их бага нь хамаагүй. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon