Та бүхэндээ хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцааны талаарх ээлжит нийтлэлээ фэйсбүүк дэх Modern Mongolian Family хуудсын орчуулсанаар хүргэж байна.
Та гарчгийг уншаад гайхав уу? Харамч хүүхэд муухай байтал энэ Модерн фамили чинь юу бичээд байна аа гэж бодов уу? Гэхдээ та зөв уншсан) Хүүхдээ өөрийн зүйлсээ "бусадтай хуваалц, бусад хүнийхийг ав" гэж сургахаасаа өмнө бодох ёстой 6 асуудлын талаар бичсэн нэгэн нийтлэлийг бид хүргэж байна. Бидэнд ч гэсэн тун сонирхолтой байсан шүү :)
Тоглоомын талбайд хүүхдүүдийн тоглох чимээ тасрахгүй. Нэгэн ээж “Билгүүн, машинаа найздаа өгчих, найзтайгаа хуваах ёстой шүү дээ” гэх нь сонсогдоно. Хүү машинаа өгөх бодолгүй нь царайнаас нь илт. Ээж нь ахиад л “Машинаа өгчих өө миний хүү, өөр тоглоомоороо тоглочих” гэх нь дуулдана. Хүүгийн харц эргэлзээгээр дүүрэн. Түүний бяцхан царанд “Яагаад би түүнд өгөх ёстой гэж? Энэ чинь миний тоглоом. Түүнийх биш. Энэ миний дуртай тоглоом. Би машинаа өөр хүүхэдтэй хуваалцмааргүй байна. Хамт тогломооргүй байна” гэсэн бодол илхэн. Магадгүй та, “хуваалцах бол өгөөмөр зан. Манай хүүхэд өгөөмөр байх ёстой” гэж бодож байгаа биз. Гэхдээ?
Хүмүүс шөнөжингөө бөх унтдаг, уйлагнадаггүй бол “сайн нярай”, эцэг эхээ хормойддоггүй, тоглоомоо бусдад хуваалцдаг, үгэнд сайн ордог бол “сайн жаал” гэлцдэг. Хуваалцах нь өгөөмөр найрсаг зангийн илрэл. Гэхдээ хэр багадаа хүүхэд хуваалцаж сурах ёстой юм бол? Хэдтэйгээсээ өгөөмөр байх ёстой юм? Бид хүүхдээ бодит амьдралд бэлдэх ёстой. Эсвэл үгүй юу?
Та бидэнд хүүхдээ өөрийн зүйлсээ бусадтай хуваалц бусад хүнийхийг ав гэж сургахаасаа өмнө бодох ёстой хэдэн асуудал байна.
- Зарим тоглоом хуваалцахад хэтэрхий хайран
Ээж аав нь, сайн найз нь бэлэглэсэн үгүй ядаж саяхан авсан, шинэхэн дээрээ сонихон тоглоомоо хүүхэд хэн нэгэнтэй хуваалцах өгөх дургүй байж болно. Бид ч өөрсдөө тэгэх байх. Хэн чинь өчигдөр худалдаж авсан хамгийн сүүлийн загварын гар утсаа “чи түр хэрэглэ” гээд тоглоомын талбайд таарсан танихгүй хүнд өгч чадах вэ?
Тиймээс хүүхдээ шахаж, шаардах хэрэггүй. Ядаж л хүүхдээсээ хүсч буй эсэхийг нь асуух хэрэгтэй.
- Өгөөмөр болох хугацаа өгөх хэрэгтэй
Эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэж чадвал хүүхэд тань таныг дуурайж болох юм. Бид эелдэг, өглөгч бол магадгүй тэд яваандаа тийм болох байх. Энд “Яваандаа л” гэдэг үгийг тодотгоё. Хүүхэд ялангуяа 3-аас доош насных бол “өглөгч байх” гэдэг хэцүү л зүйл.
Тэднийг энэ талаар бодох, аяндаа өөрөө хүсч хийх болтол нь хүлээ. Зүгээр ч нэг хүлээлгүй өөрөө үлгэрлэ.
- Хүүхдийнхээ эрх, шийдвэрийг нь хүндэлж бай
Өөрийн хүслээр, сайн дураараа хийсэн тохиолдолд өгөөмөр байх нь яриангүй аятайхан чанар. Гэхдээ “тоглоомоо хуваалц” гэж хүчлэхдээ хамт юу хийж байгаагаа мэдэх үү? Хүүхдийн хувьд хүч бол хүч. Загнах бол загнах. Зорилго хамаагүй. Бид хүүхдэдээ өөрийн шийдвэрийг биш бусдын үгийг дуулгавартай дагах чадварт сургаад байгаа юм биш биз?
Бид, хүн бүр /үүнд мэдээж хүүхэд багтана/ өөрөө шийдвэрээ гаргах эрхтэй гэж ярьцгаадаг. Гэхдээ хүүхэд ийм эрхтэйд өөрсдөө итгэдэггүй бололтой.
Өмчийн мэдрэмжийг нь үгүй хийж байна уу?
Томчууд өөрсдийн чухал зүйлээ жишээ нь: компьютер, цаг, хувийн цуглуулгаа хуваалцдаггүй хэрнээ хүүхдээсээ шаардацгаадаг нь шударга биш явдал. Хүүхэд өөрөө шийдвэрээ гаргах ёстой. Харин бид туслах ёстой.
“Тоглоомоо хуваах” харилцаанд хоёр тал оролцоно. Нэг нь өөрийн тоглоомоо өгөх үү, яах уу гэсэн тал, нөгөө нь өөр хүүхдийн тоглоомыг авч тоглох гэсэн тал. Хүн эд зүйлийг өмчилж болдог, тийм эрхтэй. Гэхдээ миний эд зүйлийг өөр хүн өмчлөхгүй шиг би ч бас бусдын эд зүйлийг өмчлөхгүй. Хэн нэгэнд ямар нэг зүйлээ өгч байгаа бол гол нь тэр миний өмч байх ёстой. Иймээс нэг тал нь тоглоомоо хуваалцах албагүй, нөгөө тал нь хүний тоглоомыг нэхэж болохгүй гэдгийг ойлгох ёстой юм.
- Амьдралд тавтай морилуул
Амьдрал бол ээж, аавын бэлдэж өгсөн тоглоомын талбай, үлгэрт гардаг шиг шидэт ертөнц биш. Тиймээс бид хүүхдээ бодит ертөнцөд, жинхэнэ амьдралд бэлдэх л ёстой.
Амьдралд томчууд хэн нэгний эд зүйлийг авмаар болвол яах вэ? Хэрэглэж буй зүйлийг нь бусад хүн авъя гэвэл яах вэ? зөвхөн хүсч буй гэсэн шалтгаанаар авч, өгөөд байж болохгүй нь ойлгомжтой. Тухайн зүйлийг хэн нэгэн хэрэглэж байвал дуустал нь хүлээх ёстой. Асуух ёстой. Хүлээсэн ч, асуусан ч авч чадахгүй байж болно. Хэн ч харсан бүхнээ авч болдоггүй. Болно гэвэл хулгай, залилангийн зам руу л хальтрах вий.
- Тэвчээртэйгээр сурга
Хүүхдээ өгөөмөр занд тэвчээртэйгээр сургах ёстой. Гэхдээ анхаарах нь:
Бусад хүн хүссэний зоргоор бууж өгөхийг, өөрийн шийдвэрээсээ няцахыг заах ёсгүй
. Өгмөөргүй хэрнээ ээж, аавын үгэнд орж, тоглоомоо өгсөөр “өөрийн толгойгүй” болгох эрсдэлтэй.- Хүссэн бүхнээ авч болдоггүй гэдгийг ойлгуулаарай. Хүүхэд тань бусдын тоглоомыг авахыг хүсвэл тоглож дуустал нь хүлээхийг асуу, бүүр болохгүй бол өөр тоглоомоор сатааруул.
Хүүхдүүдийн тоглоомонд томчууд шууд оролцох шаардлагагүй.
Асуудал бүр хурцдаагүй л бол өөрсдөө зохицуулдаг. Хүлээ.Манлайлагч хүүхэдтэй болох хамгийн сайн арга нь тэднээр өөрсдөөр нь шийдвэр гаргуулах.
Тэгвэл тэд өөрийн шийдвэрийнхээ үнэ цэнийг мэдэрнэ. Тэд өөрсдөө шийдвэрээ гаргаг, сонголтоо хийг, та зүгээр үлгэрлэ.
Эцэст нь. Хүүхэд тань өглөгч байвал сайн хэрэг, биш байвал бас л сайн хэрэг.
Эх сурвалж: http://www.huffingtonpost.com/ Modern Mongolian Family хуудас
Сэтгэгдэл бичих