Нийтлэл 10 сарын 23, 2017

Ингэж асуугаарай: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна уу?

Ерөнхийлөгчийн санаачлагаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган ирэх нэгдэх өдөр зохион байгуулах гэнэ. Өмнө нь гэр хороолол, тээврийн хэрэгсэл, төвлөрлийг сааруулах сэдвээр агаарын бохирдолтой холбогдуулан салбар хуралдаан хийх юм байх. Дэвшилттэй тал нь утааны улирал эхэлснийг албан ёсоор төрийн хэмжээнд зарлан тунхаглаж, хурлаа дараа нь биш эхэнд нь хийж байгаагаараа  өнгөрсөн жилээсээ давуутай юм. Өөр ч гарсан ахиц дэвшил алга

Хөхөө өвлийн хүйтэнд иргэдээ хоёр ч удаа жагсааж байж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарч бидний хэд арай гэж 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон билээ. Уг “хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулна” гэжээ. Засгийн газрын энэ оны 98 дугаар тогтоолоор батлагдсан тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нь БОАЖ-ын сайдын 2017.04.17-ны өдрийн А/107 дугаар тушаалаар баталжээ.

Уг төлөвлөгөө нь 5 зорилт, 156 үйл ажиллагаа төлөвлөсөн, 15 яам, 17 агентлаг, аймаг нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын таван сан, хоёр олон улсын байгууллага хамран хариуцан болон хамтран хэрэгжүүлнэ гэнэ.

Уг чуулганыг телевизээр шууд нэвтрүүлэхгүй бол бидний хэд ядаж ФБ лайв хийхээр ярьж байгаа. Та бүхэн гол нь уг чуулганы үеэр манай төрийнхөн юу ярихыг анхааран сайн сонсоорой. Учир нь уг төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрхэн яаж хэрэгжүүлж байгаагаас бидний нэг цагт амьсгалах хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс хоёр дахин ихээр тогтоосон үндэсний стандарт MNS 4585:2016-гийн хэмжээнээс аргаа ядахад 10 дахин давсан хэмжээгээр амьсгалах эсэх хамаарах юм. Өөрөөр хэлбэл Баянхошууны эцэст гэртээ унтаж байгаа нярай өглөө амьд сэрэх үү, гуравдугаар ээлжийн хичээлээ тараад түнэр харанхуйд Толгойтод байх гэртээ харихаар нохой шуугиулан алхаж яваа 11 настай жаалхүү цэрэг татлагаас 2025 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх үү,  хүүхдээ тэвэрсэн ээж аавууд Эх нялхсын шалаар, шатаар нэг зулах уу, банк санхүү, эмийн бизнес цаашдаа ч зах зээлийн даац, боломж чадлаа давсан ашигтай ажилласаар, булан тохой бүрт эмийн сантай байх уу гэх мэт асуудлын хариултыг өгөх юм.

Уг төлөвлөгөөний дагуу 2017 онд дараах 22 ажлыг хийж гүйцэтгээд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран

  1. Лаг боловсруулах судалгаа хийж, зураг төслийг боловсруулсан байна (2.8.2)
  • Мэдээлэл байхгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

  1. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан байна (4.2.2)
    • 2005.12-ны өдөр батлагджээ
    • Уг хуулийн 7.1 заалтын хэрэгжилт ямар шатанд явна вэ?
      • 2014 онд батлагдсан Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн үнэлгээ хаана байна вэ?
      • 2002 онд батлагдсан Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам шинэчлэгдэх үү?
      • 2015 онд батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт орох уу?
      • Монгол Улсад импортлохыг хязгаарласан болон хориглосон зарим хог хаягдлын жагсаалт (Байхгүй)

 

  1. Агаар, орчны бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах журам боловсруулах (5.4.1)
    • ЗГ 2011 оны 309 дүгээр тогтоол (хүчингүй болсон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд үндэслэсэн)-оор уг журмыг баталжээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг журмаар хэдэн ААН, иргэн урамшуулал авсан бэ? Төсөв хэд байгаа?

БОАЖЯ+БХБЯ+НЗДТГ

  1. Аюултай хог хаягдлын ландфиллын зураг төсөл боловсруулсан байна (2.10.1)

 

БОАЖЯ+СЯ

  1. Агаарын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан байна (4.1.1)
    • 11.13-нд Цэвэр агаар санг устгасан.
    • БОАЖЯ-ны 09.08-ны 6/5385 албан бичигт “...”Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулахаар холбогдох хуулийн төсөлд нэмэлт өрчлөлт оруулж, Засгийн газрын хурлаар дэмжигдэн УИХ-д хэлэлцүүлэхээр хүргүүлсэн” гэжээ. Засгийн газрын вэб сайтаас хэдний хурлаар хэлэлцсэн тухай мэдээлэл олдоогүй. 2016.12.22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Парисын гэрээнд нэгдсэнтэй холбогдуулан Байгаль хамгаалах санг Байгаль орчин, уур амьсгалын сан болгож өөрчлөх тухай юм.

Сангийн яам

  1. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, насжилт өндөртэй автотээврийн хэрэгслийн импортыг үе шаттайгаар хязгаарлах бодлого хэрэгжүүлсэн байна. (4.9.1)
    • 04.14-нд “7.2 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө”
    • 06.08-нд “6.6 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно”

Уул уурхайн яам

  1. Автобензин, дизель түлшний Евро-5 стандартын жишигт нийцсэн үндэсний стандарт боловсруулж батлуулсан байна (3.2.1)
    • Евро 5 стандартаас доош стандарттай түлш борлуулахыг ОХУ-д 2016.07.01-с хориглосон.
    • Автобусанд ЖАЙКА тусламжаар шүүлтүүр тавих асуудал түлш нь Евро 5 стандарт хангахгүй байгаагаас үүссэн

Зам тээврийн хөгжлийн яам

  1. Автотээврийн хэрэгслийг байгалийн хий /метан, CNG, LNG/-гээр ажиллуулахтай холбоотой үндэсний стандарт боловсруулж батлуулсан байна (3.3.2.)

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

  1. Авто замын сүлжээг өргөтгөх, хөдөлгөөн зохицуулалтыг сайжруулах, замын түгжрэл бууруулахад чиглэсэн нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн байна (3.4.1)
    • Орон сууцны хороолол доторх явган хүний замыг өргөтгөн машин зам болгож буй. Жишээ: Бакула хийдийн баруун тал, Тэнгис кино театрын ар тал. Явган зорчигчдын орон зай улам хумигдсаар...
  2. Цахилгаан \хосолмол бус\ болон хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчих эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлсэн байна (4.9.2)
  3. Хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаясан, орчныг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зөрчил гаргагчид хог хаягдлыг албадан цэвэрлүүлэх ажилд дайчлах талаар зохицуулалтыг бий болгож мөрдүүлсэн байна (5.2.2)

Эрүүл мэндийн яам

  1. "Орчны эрүүл мэнд" үндэсний 2 дахь хөтөлбөр боловсруулж, ЗГ-ын тогтоолоор батлуулсан байна (4.5.1)
    • 08.09-нд батлагдсан. Зорилго 2020 орчны бохидлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10% бууруулна. 28 шалгуур үзүүлэлттэй.
  2. Агаар, орчны бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүн амд зориулсан санамж, гарын авлага боловсруулж, нийтийн хүртээл болгосон байна (5.5.2)
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс дотоор орчны агаарын чанар, өөрийгөө хамгаалах аргачлалын талаар 3 төрлийн постер, 1 төрлийн нугалбар, 1 баримтын цомог гаргасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

  1. ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх байршлын судалгаа хийгдсэн байна (1.5.1)

Эрчим хүчний яам

  1. Сонгосон байршилд дулаан хуримтлуурт халаах хэрэгслийг туршин дүгнэлт гаргасан байна (2.15.1)
  • 4 сая төгрөгний үнэтэй төхөөрөмжийг тал үнээр нь борлуулах тухай яригдаж буй. Туршилт дүгнэлт нь хаана байгаа юм бол?

ЭХЯ НЗДТГ-тай хамтран

  1. Гэр хорооллын 5800 айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбож, 4,0 кВт цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн байна (1.6.5)
  • 63 агаарын дэд станцыг барьж байгаа
  • Энд онд багтаан 6363 айлыг цахилгаанд холбоно.
  1. 228 ш халаалтын зуухыг буулгаж, 445 барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зураг төсөв хийгдсэн байна (1.9.1)
  • 64-71 халаалтын зуухыг буулгах зураг төслийг ажил хийгдэж дууссан
  • Хан-Уул дүүргийн Яармагт 7 зуухны үйл ажиллагааг зогсоосон
  1. Ахуйн хэрэглээний цахилгаан ба хийн халаагуурын стандартыг боловсруулж, мөрдүүлсэн байна (2.17.1)

ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран

  1. 15 аж ахуйн нэгж байгууллагад эрчим хүчний хэмнэлтийн аудит хийж, хэмнэлтийн үр дүнг тооцоолсон байна (2.6.2)
  2. Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулсан байна (4.6.1)
  • 09.21-нд батлагдсан. 610 сая кВт ц цахилгаан эрчим хүч хэмнэж, 600 000 тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгчдэд 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана
  1. Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам боловсруулж батлуулсан, тогтолцоо бүрдсэн байна (4.6.2)

            (№3 харна уу)

  1. Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам боловсруулж батлуулсан, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн мэдээллийн систем бүрдэж, олон нийтийг мэдээллээр хангах, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нөхцөл бүрдсэн байна (4.6.3)

Интернетэд байгаа нээлттэй эх сурвалжууд, төрийн вэб сайтууд ашиглав.

Хэрэв та бүхэн анзаарвал Эрчим хүчний яамны хийх №13, 16, 17, 19 заасан ажлаас бусад нь бичиг цаас боловсруулах, батлах ажил байгаа. Гэвч энэ ажлаа бүрэн хийгээгүй, Засгийн газраа огцруулж, томилсоор зун, намрыг үдлээ.

Энд 2017 онд эхлээд 2018 онд дуусгах 33 ажил, 2018 онд гүйцэтгэх нэг ажил төлөвлөгдсөн ажлууд ямар явцтай байгаа талаар бичсэнгүй.

Бас нэг чухал асуулт бол өнгөрсөн жил шиг 12 сар гаргаж байж хатгаа, томууны вакцинаа татаж авчраад хийж эхлэх юм уу? Эсхүл ЭМЯ-ны мэдээлж байгаа хандиваар ирж буй 175 000 хүн/тун улирлын томуугийн вакцинаа хэзээнээс  тарьж эхлэх, хэн хамрагдах вэ?  Энэ сарын 17-нд ирсэн 50 000 тун вакцинжуулалтыг хэн хаагуур ямар журмаар хийж байгааг сайн асуугаарай. Үлдсэн нь энэ сардаа багтаж ирэх юм гэнэлээ шүү.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon