Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух замд цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж,
17 иргэн сураггүй алга болжээ.
Орон нутагт тэдгээр хүмүүсийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа төдийгүй эрлийн багт нэмэлтээр шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон байна.
Түүнчлэн ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс
олжээ.
Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин, Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих