“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ургийн гаж хөгжил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.
Ургийн гаж хөгжил гэж юу вэ? Ургийн гаж хөгжил гэдэг нь ураг үүсч хөгжих үед гадны ямар нэгэн таагүй нөлөөллийн улмаас эд эрхтэнд нь эмгэг үүсэхийг хэлдэг. Ураг бүрэлдэх эхний гурван сарыг хамгийн эмзэг үе гэж үздэг.
Мөн жирэмслэхийн өмнөх үе ч чухал байдаг. Иймээс эмэгтэйчүүд жирэмслэлтэд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хоол унд, ажлын орчин нөхцөлөө зөв зохицуулж эм тариа, архи, тамхи, химийн бодисын найрлага бүхий бүтээгдэхүүнээс хол байж, дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй.
Ургийн гажгийг засах боломжтой ба боломжгүй гэж хуваадаг. Хүнд хэлбэрийн гажгийг засах боломжгүй. Харин уруул, тагнайн сэтэрхий, өрцний болон хүйн ивэрхий, илүү дутуу хуруу зэрэг гажгийг төрсний дараа эмчлэх боломжтой гэж үздэг ч эмгэгтэй хэсгийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн болохоос урд ДЭМБ-с тогтоосон TORCH гэсэн халдварын шинжилгээнд хамрагдах мөн цус ойртолтоос сэргийлэх нь чухал юм.
Судалгаанаас харахад монгол хүүхдийн цусанд хар тугалга буюу химийн хүнд элемент бусад улс үндэстний хүүхдүүдээс 12 дахин өндөр байдаг нь агаарын бохирдолтой холбоотой ба хар тугалга нь утаанд тодорхой хэмжээгээр агуулагдаж хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох чадварт нөлөөлдөг байна.
Сэтгэгдэл бичих