Нийтлэл 10 сарын 27, 2017

Г.Тэмүүлэн: Улс төрийн албан тушаалтны жагсаалтыг цөөлөх хэрэгтэй

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тоймлон хүргэе. 

Г.Тэмүүлэн: Улс төрийн албан тушаалтны жагсаалтыг цөөлөх хэрэгтэй байна. Сум дүүрэг баг хорооны засаг дарга нарыг улс төржилт, намчирхлаас хол байлгамаар байна. Улс төрийн албан тушаалтны жагсаалтаас энэ албан тушаалуудыг хасах шаардлага байна. Монгол улсын эмгэнэл бол хамгийн анхан шат дээр улс төр, намчирхал бий болдог явдал. Ах дүүс хамаатан саднаараа талцдаг, хий хоосон намчирхдаг, улс төрждөгийг зогсоомоор байна. Төрийн албыг мэргэшсэн байлгаж бэхжүүлье гэвэл анхан шатнаасаа эхэлье гэвэл сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нарыг улс төрийн албан хаагчийн жагсаалтаас авах хэрэгтэй.

С.Чинзориг: Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 9.6 хувьтай байна ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жилд 23 мянган иргэн даатгал авсан нь өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Ажилгүйдлийн сангаас тэтгэмж авч байгаа хүмүүс тэр чигтээ төрийн албанаас халагдсан юм шиг ойлголт яваад байна. Нийтдээ ажилгүйдлийн даатгалаас тэтгэмж авсан иргэдийн 65% нь хувийн хэвшлээс, 35% нь төрийн албанаас халагдсан мэдээ байна.

Н.Учрал: Төрийн албаны хуулийг хэлэлцэж эхэлсэнээс хойш хэлсэн. Мерит гэдэг үгийг хэрэглэж байгаагаас хойш “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба”, “төрийн бусад үйлчилгээний алба” гээд тавьчих. Багш, эмч нар нэг л зүйл хүсч байгаа. Бид мужаан үйлчлэгч жижүүрээсээ ялгармаар байна. Биднийг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гээд нэрлээд өгөөч. Багш, эмч нар бас нэр хүндтэй байхыг хүсч байна. Бид нэр төрийг нь хуулиар хамгаалмаар байна. Ярихдаа бид гоё ярьдаг ч, ажил хэрэг болгож чадахгүй байна.

Б.Энх-Амгалан: Төрийн албаны стандарт шаардлага хангахгүй байгаа хүмүүсийг ажилд авч байгаа ийм албан тушаалтантай хариуцлага тооцмоор байна. Ур чадварыг нь харгалзахгүйгээр ажилд авчихдаг, тухайн хүн нь ажлынхаа шаардлагыг хангаж чадахгүйн улмаас чөлөөлөгдчихөөд эргээд шүүхдээд явдаг. Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн аж ахуйн газар, төрийн өмчит компаниуд шууд бизнесийнхэнтэй өрсөлдөж байна. Бизнестэй өрсөлдөөд төрийн нэрээр булааж авдаг ийм урхагтай, уршигтай бурангуй зүйл тогтчихоод байна. ТӨК гэдэг нэрэн дор явж байдаг компаниудад тодорхой шаардлага, стандарт тавих ёстой. Гуравдугаарт, төрийн худалдан авалтын асуудал байгаа юм. Энэ дээр маш том ашиг сонирхлын зөрчлүүд явдаг. Үндэсний үйлдвэрийг дэмжих бодлого туйлын ихээр  алдагдсан. Хугацаагаа, хямд үнээр шахаад долоо хоногийн дотор үйлдвэрлэж өг гэдэг нөгөөдөх нь амжихгүй болохоор Эрээн лүү яваад үйлдвэрлүүлчихдэг. Ийм загвар үйлдвэрлэ гээд цехэд үүрэг өгчихдөг нөгөө нь эрээнээс очоод аваад ирдэг учраас энэ асуудлыг стандарттай болгох шаардлага бий.

Ц.Гарамжав: Дунд шатны албан хаагчдын ёс суртахууны асуудал маш хүнд болсон. Аж ахуй нэгжүүдээс маш их гомдол гаргадаг. Харьцааны соёл, эрх мэдлээ ашиглах, өөрийн хүлээж байгаа хариуцлагаа гуйвуулах явдал их бий. Жишээлбэл: Уул уурхайн яамны дэргэдэх Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газрын бүтэц нь хууль зөрчин томорсоор байгаад 290 гаруй хүнтэй болсон. Энэ агентлаг дахь хяналт шинжилгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн хэлтсүүд яамтайгаа давхардаж байгаа. Энэ газар нь маш ёс суртахуунгүй аж ахуйтай харьцдаг, хуурамчаар бичиг баримт бүрдүүлдэг, нөөцийн үнэлгээ худлаа хийсэн тайланг гаргаж, хөрөнгө оруулагчдад худалдаж хохироодог. Эрх мэдлээ ашиглаж илүү дутуу зөвшөөрөл өгдөг, уул уурхайн компаниудын тайланг худалдаг хүртэл зохисгүй үйлдлүүд хийгдэж байгаа гомдлууд сонсогддог болсон. Энийг зогсоох, хяналт хийх, бүтцэд нь өөрчлөлт оруулах цаг нь болсон. Гадаадад сурч өндөр боловсролтой болсон залуучуудад Монголд ажлын байр байхгүй байна.  Тэнд ажиллаж байсан цалингаа авдаггүй юм аа гэхэд зэрэг дэвтэй нь тохирсон стандартыг төрийн албандаа тавьж энэ залуучуудаа анхаарахгүй бол Монголдоо ирж ажиллах сонирхол өндөр боловсролтой, доктор, профессорын зэрэгтэй, туршлагатай залуучуудад байхгүй байна. Яамд, агентлагийг дагасан бүтэц зохион байгуулалт замбараагаа алдсан байна.

Л.Энх-Амгалан: ДНБ-д эзлэх төрийн зардлыг 30 хувь бол хэвийн, 30-аас дээш хувь бол хэвийн бус, 40-с дээш бол үрэлгэн төр гэж үздэг юм байна. Монголын төр бол үрэлгэн төр. ДНБ-д эзэлж байгаа төрийн зардал нь 40 даваад 50 руу дөхөж яваа. Олон улсад төрийн албан хаагчдыг нийт хүн амтай, нийт хөдөлмөрийн насны хүн амтай нь харьцуулсан дундаж түвшин нь 4.7 байхад, манайд 6 гараад явчихсан байгаа. 2 пунктээр илүү гараад явчихсан байгаа. Энэ нь Монголын төр данхар, үрэлгэн төр болчихсон байна аа гэдгийг нотолж байна. Энэ хууль батлагдаж гарсанаар Монголын төр цомхон, чадварлаг болох ёстой.

Сэтгэгдэл бичих

    • Zaluu
    • 2017-10-27

    Zuv

arrow icon