Нийтлэл 10 сарын 30, 2017

Ч.Ганжавхлан: Хүчирхийллийн үүр болсон дэн буудлуудыг цэгцлэе

"Өгөх өдөр" үндэсний хөдөлгөөн  болон  "Лантуун дохио" зэрэг ТББ-ууд   хамтран охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг санаачлан  эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд охидыг хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.  Энэ жилийн хувьд охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” уриатайгаар явуулж байгаа төдийгүй тус хөдөлгөөний хүрээнд хүчирхийллийн эсрэг санд хуримтлал бий болгох зорилгоор “Нүдээ нээ” тэмдэглэгээ бүхий стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаалах зэрэг охидыг хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн олон талт ажлууд  хийгдэх юм байна. Тухайлбал  нийгмийн сэтгэлзүй болон  хууль журамд бодлогын бодит өөрчлөлтийг хийх, “Аав ба охин” аяныг явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийг “Нүдээ нээ” хэмээх уриатайгаар олон нийтэд цацах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн тус хөдөлгөөний хүрээнд охид бүсгүйчүүдийн хүчирхийлэлд өртөх гол үүр уурхай болсон дэн буудлуудыг цэгцлэх хууль эрх зүйн орчин бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр жилд 150 сая эмэгтэй хүчирхийлэлд өртсөний 50 хувь нь 16 аас доош насны охид өртсөн байдаг. Эдгээр гэмт хэргийн ихэнх хувь нь  дэн буудлын өрөөнд үйлдэгдсэн байх юм. Зөвхөн 2016 онд 209 охид эмэгтэйчүүд зочид буудлын өрөөнд хүчирхийлүүлсэн гэх судалгаа хэн бүхнийг сэрт хийлгэж байна. Хамгийн сүүлд л гэхэд 13 настай охин буудлын өрөөнд  бусдад хүчирхийлүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс тодорхой хаяггүй, зөвшөөрөлгүй дэн буудлуудыг цэгцэлж хяналт шалгалтыг сайжруулахгүй бол хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийг Монголын хүн амтай харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байдал үүсчээ. 

Ч.Ганжавхлан: Гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлын асуудлыг цэгцэлтэл тууштай тэмцэнэ

Бид жил бүр хүүхдийн хүчирхийллийн асуудлыг ярьдаг. Гэвч доривтой хийсэн ажил одоог хүртэл байхгүй, хүчирхийлэл, гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдсээр л байна. Ер нь жилд 298  хүүхэд хүчирхийлэлд өртөнө гэдэг үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг. Тиймээс бид энэ асуудал дээр зайлшгүй тэмцлийн өөр хэлбэрт шилжих шаардлагатай юм. Энэ нь аль нэг төрийн бус байгууллага гэнэт сенсаци болгоод өнгөрдөг биш бүх хувь хүн, албан байгууллага бүр охид бүсгүйчүүдийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байх хэрэгтэй байна. Бид энэ асуудлын  хүрээнд дөрвөн удаагийн тайван жагсаал хийсэн. Үүнээс гадна анхаарах ёстой гол зүйл нь  алуурын амбаар болсон дэн буудлуудыг цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Дэн буудал  бол бага насны хүүхэд болон охид эмэгтэйчүүдэд хамгийн ээлгүй газар болж байна. Дийлэнх гэмт хэрэг ,хүчирхийлэл дэн буудлын өрөөнд болж байна. Тиймээс бид дэн буудлуудыг цэгцлэх асуудлыг тууштай ярьж тэмцэнэ. Үүний хүрээнд хууль журамд өөрчлөлт оруулах баг ажиллаж байна. Үүнийг хүмүүс дэмжиж  гарын үсэг ч зурж нэгдсэн. Одоогийн байдлаар 2169 хүн гарын үсэг зурж, дэлхийн 11 оронд амьдарч буй Монголчууд бидэнтэй нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon