Каталоны тусгаар тогтнолын асуудал дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг боллоо. Гэнэтхэн үүссэн энэ асуудал үнэндээ олон зуун жилийн түүхэн улбаатайгаас гадна 1990-ээд оноос хойш Каталончуудын санаа бодолд хуримтлагдаж, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал Каталоны тусгаар тогтнолын асуудлыг Испаний улс төрийн хамгийн том асуудал болоход нөлөөлжээ. Энэ талаар дэлгэрэнгүй бичсэн Кардифийн их сургуулийн Испани, Каталоны түүх судлаач Андрев Даувлингийн өгүүллийг орчуулан хүргэж байна.
Каталоны нийслэл Барселона болон Мадрид дахь Испаний төв Засгийн газар хоорондын хэдэн арван жил үргэлжилсэн зөрөлдөөн харьцангуй хязгаарлагдмал хүрээнд аядуу хэлбэрт байсан боловч энэ оны 10-р сард Каталон тусгаар тогтнох эсэх асуудлаар албан бус референдум зохион байгуулах хүртэл зөрөлдөөн хүндэрчээ. 1977 онд буюу 40 жилийн өмнө Каталончуудын дөнгөж 5% нь тусгаар тогтнохыг дэмжиж байв; 2005 он гэхэд дэмжигчдийн тоо бага зэрэг өсөж 12%-д хүрсэн байна. Харин 2017 оны 10-р сарын 1-ний референдумд оролцсон сонгогчдын 92% нь Каталоны тусгаар тогтнолыг дэмжив.
Каталонд болж буй үйл явдлуудыг ажиглаж буй энгийн хүнд Каталоны асуудал гэнэтхэн үүссэн улс төрийн асуудал мэт харагдаж магадгүй. Маш олон хүн Барселонад зочлоод зогсоогүй Салвадор Дали, Антони Гауди гэх мэт Каталоноос гаралтай соёл урлагийн алдартнуудтай танил болсон. Гэвч маш цөөн хүн өнөөгийн Европын өмнөд хэсэгт төвөг болоод буй дээрх улс төрийн асуудлын түүхэн угтварыг мэднэ. Энэ 10-р сард Каталоны асуудал дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг боллоо. Яаж яваад энэ хүрэв?
Иберийн хойгийн зүүн хойд буланд оршдог Каталон дундад зууны сүүл үед Арагоны хаант улсын төв хэсэг байв. Арагоны хаант улс зүүн Испани, Газар дундын тэнгисийн үлэмж хэсэг, өмнөд Италийг нэгтгэн оршиж байв. Барселона Арагоны де факто нийслэлийн хувьд Газар дундын тэнгист ихээхэн нөлөөтэй байсан ба 14, 15-р зуун Каталоны соёл, улс төрийн нөлөөний алтан үе байв
.
Арагоны Фердинанд II Кастиллын Изабелл I нар 1469 онд гэрлэсэн учир Каталон Арагоны хаант улсын нэг хэсгийн хувьд 1474 онд Кастилын хаант улсын нэг хэсэг болжээ. Энэ нэгдэл хүчирхийлж албадсан шинжгүй байв. Тодруулбал Кастилл ба Арагоны харилцаа Англи Вэйлсийг нэгтгэсэн эсвэл Франц Бриттанийг (Францын баруун захын муж Орч.) нэгтгэсэнтэй ижил гэхээсээ Австри-Унгарын холбоот улстай төстэй байв. 15-р зууны сүүл үед Фердинанд болон Изабелл нарын улсуудын нэгдэл нэгдмэл соёлтой Испаний төрт улсыг бий болгосонгүй. Каталон хэл Каталоны бичиг соёлын илэрхийллийн хувьд бие даасан байр сууриа хадгалж байв. Нийгмийн байр сууриа ахиулахад Каталоны соёлын тухай мэдлэг шаардагдаж байв. Испаний “алтан үе”-д буюу 16-р зуунд Филипп II үед 1561 онд хааны ордон Мадрид руу нүүв
. Энэ үед Кастиллын хүн ам Арагоны улсаас тав дахин их болсон байв. Энэ үеэс хойш тариачдын бослого, тахал, язгууртан хоорондын дайн дэгдсэн Каталоны урт удаан доройтол эхэлжээ. Дээрх бүгд Каталоны эдийн засгийг ихээхэн сульдуулсан.
1640 онд Кастиллд улс төрийн төвлөрөл үүсч байгааг эсэргүүцэн Каталонд бослого дэгдэв. Үүнтэй зэрэгцээд 1580 онд Кастиллийн холбоонд нэгдсэн Португал Испаниас тусгаарлаад байв. Гэвч Каталоны бослого дарагджээ. 1648 онд Гучин жилийн дайн дууссан хэдий ч Франц болон Испаний хооронд зөрчил үргэлжилсээр 1659 онд Пиренейн гэрээгээр төгсгөл болов. Франц Луи XIV захиргаанд Европын ноёлох цэргийн хүч болчихсон, Испани доройтлын замаар гулгаж байв. Гэрээгээр Испани Францад газар нутгаа алдсан ба Каталоны хойд хэсэг үүнд багтаж байв. Энэ гэрээгээр Каталоны хүн амын 1/5-ийг Францад алджээ. Францын “Хойд Каталон”-ыг өнөөдрийг хүртэл олон Каталончууд terra irredenta (түүх, соёл, угсааны хувьд холбоотой ч улс төрийн хувьд өөр улсын захиргаанд байдаг газар нутаг Орч.) хэмээдэг.
Мадридад улс төрийн төвлөрөл үргэлжилсээр байв: 1677 оноос Каталон хэл олон хүрээнд хязгаарлагдаж эхлэв. 18-р зууны дунд гэхэд энэ хэлийг олон нийт төдийлөн ашиглахаа больжээ. 1700 онд Испаний хаан Чарлес II өв залгамжлагчгүй байсан нь Испанийг залгамжилж авах дайныг эхлүүлэв. Европын хоёр хүчирхэг монархи буюу Австрийн Хабсбургийн гэр бүлийнхэн, Францын Бурбонууд Испаний хаан ширээнд өөрийн хүнээ суулгахаар өрсөлдсөөр 1700 оны 11-р сарын 1-нд Францын Филипп V (Францын Анжу мужийн гүн) хаанд өргөмжлөгдөв. Францын Бурбоны ялалт Каталон болон Арагоны бусад нутагт хүндхэн ялагдал болж тусав. Өөрөөр хэлбэл үүнээс хойш Испани Францын төвлөрсөн төр улсын уламжлалыг дагаж орон нутгийн онцлог, заагийг аажмаар алга болгоно гэсэн утгатай юм. Барселона бүслэгдэн эзлэгдэв. 1714 оны 9-р сарын 11-нд Барселоныг чөлөөлсөн өдрийг тохиолдуулан Диада хэмээх Каталоны үндэсний баярын өдрийг 19-р зууны сүүл үеэс хойш тэмдэглэх болсон. Гэхдээ энэ цаг үеэс хойш Каталоны эдийн засаг, улс төрийг хамаарах асуудлыг Мадридад шийдэх болов.
Дараагийн 200 жилд Испани Францын абсолют монархийн төвлөрлийн замналаар явав. Францын хувьсгалын дараа эхэн үеийн Испаний төр улс доройтлоо зогсоохоор улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлж эхэлсэн.
19-р зууны дунд үед Каталоны эдийн засаг Испаний бусад хэсгийнхээс илт ялгарч байв. Харьцангуй түрүүлж аж үйлдвэржиж эхэлсэн болон нэхмэлийн худалдаа зэрэг нь Испаний үйлдвэрлэлийн 22%-ийг эзэлж байв. Харин Мадрид дөнгөж 3% байж
. Цаашлаад Барселона хөгжингүй үйлдвэрлэлээрээ Мадридтай биш Милантай зэрэгцэж байв. 19-р зууны сүүл үед Европын “Национализмын эрин үе”-д Испани тусгаарлагдсан, хоцрогдсон байх үед улс төр, соёлын “Каталонизм” хэмээх төсөл өндийв. 20-р зуун гарахад улс төрийн Каталонизмын голлох онолч Энрик Прат де ла Риба Каталончуудыг “өөр Испанийг байгуулахыг хүсдэг” Испаничууд гэж тодорхойлж байв. Каталонизмын төсөл 20-р зууны эхний 30 жилд хэлбэржсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа үл харгалзан Каталон нь анархизмд автагдсан ажилчдын онцгой хөдөлгөөнтэй байв. Тэд Каталоны үндэсний үзэлтгүүдтэй байнга сөргөлдөнө. 20-р зууны Барселона улс төрийн хүчирхийлэл, ангийн зөрчил гаарсан газар байв. 1902-1923 оны хооронд Испаний хаана ч эндэхээс их улс төрийн хүчирхийлэл гарч байгаагүй ба Испаний цэрэг, цагдаа Барселонагаас бусад газар ийм хүнд ажил хийж байгаагүй аж.
Гэхдээ Каталоны үндэсний үзэл тусгаар тогтнохыг гол зорилгоо болгосон Баскуудынхаас өөр байв. 20-р зууны эхний арвануудад Лига Регионалиста (Regionalist League) Каталоны улс төрийн ноёлох хүчин байв. Энэ хөдөлгөөн Испаниас салан тусгаарлах биш Испанийг Каталоны удирдлагад авахыг зорьж байв
. Каталон болон Хойд Итали хоёулаа өөрсдийгөө хойрго, хүнд сурталжсан, авилгад идэгдсэн нийслэл Мадрид, Ромоо өөд нь татах хүч гэж хардаг. Мөн тэд цаашлаад хоцрогдол, газрын эздийн ноёрхол, бичиг үсэггүй байдлын эсрэг улс төр, соёлын хамгаалагч гэж өөрсдийгөө тодорхойлдог. Хойд Итали болон Каталон өмнөд нутгийнхнаасаа илүүрхдэг нь ийм учиртай. Гэхдээ үүнд нэг чухал ялгаа бий: Хойд Италиас ялгаатай нь Каталон тусдаа хэлтэй, өвөрмөц соёлтой юм.
1898 онд Испани АНУ-д ялагдаж далайн чанад дахь үлдсэн газар нутгаа алдав. “Испаний эх газар”-ын эмзэг байдал нь Мадридын удирдлагуудыг “дотоод дайсан”-ууддаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэв. Ингээд Каталон болон Баск онцгойрч ялгарав. Бүрэлдэхүүн хэсгээ алдана гэдэг Испанид гүн шигдсэн айдас: Испаний үндэсний үзэлтнүүдийн хувьд Каталон бол Испани. 2017 оны 10-р сарын үйл явдлуудад Мадрид ийм л хариу барьж байв.
1936 оны Иргэний дайнаар Испанийн тухай ялгаатай концепцитой болон үндэсний онцлогийн асуудлын тухай зөрчил чухал асуудал байв. Франкогийн 1939 оны ялалт Испаний национализмын ялалт байв. Түүний урт удаан дарангуйлал Испанийн үндэсний цөөнхийн асуудалд эцсийн шийдэл олохоор зорьсон. Иргэний дайны үеэр Каталон Испаний хоёр дахь Бүгд найрамдах улсын төлөө байсан (олон консервативууд нийгмийн хувьсгалаас айн Франког дэмжиж байсан). Каталоны соёлын онцлогт Франкогийн учруулсан нөлөө урьд өмнө харагдаж байгаагүй хүчтэй байв. Каталон бараг 40 жилийн турш цэргийн дэглэмд захирагдаж байв. Үндэсний аливаа хөдөлгөөн нухлагдах нь ойлгомжтой байв. Гэвч ийм зүйл болсонгүй. Каталоны үндэсний үзэл, онцлог идэвхгүй болж далдлагдсан ба 1975 онд Франкогийн дэглэмийн төгсгөлд Иргэний дайны өмнөх үеэс ч илүү бат бэх суурьтай эргэн гарч ирэв. 1970-аад оны дунд үеэс Испани ардчилалд шилжсэнээр Каталоны асуудал дахин тулгарав
. 1978-1981 оны хооронд Каталон болон бусад 16 бүсэд өөрсдийн парламент байгуулах эрх өгч, хагас-автономи систем байгуулав. Үүнтэй зэрэгцээд 1978 онд Испаний шинэ Үндсэн хуулиар Испаний нэгдмэл байдлыг хуульчилсан байна.
Франкогийн дэглэмийн өв 1975 онд төгссөнгүй: Франкогийн үед Испаний эдийн засаг орчин үежиж, Испаний бусад хэсэг Каталоны эдийн засаг, соёлын зөрүүг гүйцэв. 1980-ад оноос Мадрид Барселонаас соёлын манлайллаа авч, Барселоны газар тариалангийн ач холбогдол буурав. Каталон хагас-феодал Испанитай харьцуулбал өндөр соёлтой, аж үйлдвэржсэн байхаа больжээ. 1960-аад онд Испани эрчимтэй орчин үежсэн нь Каталонизмын ирээдүйн замналд ихээхэн нөлөөлжээ. Испани дахь Каталоны аж үйлдвэрийн ноёрхол 19-р зууны дунд үеэс 20-р зууны сүүл үе хүртэл үргэлжлэв. Өнөөдөр Каталон Испаний ДНБ-ний 18,5%, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 26%-ийг үйлдвэрлэдэг
. Их Британий Шотландыг эдийн засгийн ач холбогдолоор нь харьцуулбал хамаагүй жижиг. Шотланд тусгаар тогтновол Их Британий эдийн засагт багахан нөлөөтэй. Харин Каталон өрх тусгаарлавал Испанид гамшиг нүүрлэх юм. 1975 оноос хойш Испаний нийслэл Мадридын үүрэг, байр суурьд гайхалтай өөрчлөлт явагдсан. Испаний нийслэл нь төрийн албан хаагч, газар тариалангийн элитүүдийн төв болж, аж үйлдвэржсэн Барселонаг дээрэлхдэг гэсэн уламжлалт үзэл өнөө үед утгаа алдсан. Харин олон Каталончууд Иберийн хойг хамгийн өндөр соёлтой хүмүүс гэдэгт үзэлд уяатай байдаг. Франкогийн дараах Мадридын хүчирхэгжилт ба Барселоны нөлөө буурсан зэрэг нь өнөөгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг өөгшүүлжээ.
Каталоны үндэсний үзлийн далбаан дор тусгаар тогтнох эрмэлзлэл нь саяхан үүссэн. 1930-аад оны сүүл хүртэл болон Иргэний дайн эхлэх хүртэл Каталоны ажилчдын хөдөлгөөн аж үйлдвэрийн хөгжлөөсөө шалтгаалан анархи-синдикализмд автагдсан байв. Хүн төрөлхтөний түүхэнд ямар ч хот Барселона шиг анархизмд автагдаж байсангүй
. Ленинизм-Марксизмын үзэлтнүүдээс ялгаатай нь анархист хөдөлгөөн үндэсний үзэлд биш интернационалч үзэлд ихээхэн талархалтай ханддаг идеологи бий болгохоор зорьсон. Тиймээс тусгаар тогтнолын хөдөлгөөнийхөн ажилчид эсвэл хөрөнгөтний альнийхан ч дэмжлэгийг авах боломжгүй байв. 1970-аад он хүртэл тусгаар тогтнолын хөдөлгөөн салангид, сул дорой байв. 1980 онд Каталоны анхны парламентыг сонгох үед тусгаар тогтнолыг дэмжигч гэж өөрийгөө зарласан нэг ч нэр дэвшигч сонгогдсонгүй. Харин Берлиний хана нурж, 1989 онд коммунизм төгссөний дараа тусгаар тогтнолын хөдөлгөөний хувьсгалч хэсгийнхэн цөөрөв. 1990-ээд онд тусгаар тогтнолын асуудал улс төрийн сэдвийн үндсэн асуудлуудын нэг болж эхэлсэн ч мөрөөдлийн ярианаас цааш хэтэрсэнгүй.
Өнөөгийн Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дундаж ангийн бослого гэж үзэж болно
. Дундаж ангийн эрс ширүүн хөдөлгөөн ховор тохиолддог, гэхдээ ихэвчлэн улс төрөөс хүнийссэн үед тохиолддог. 2000 оноос хойш Каталоны нийгэмд ийм л зүйл болсон. Omnium Cultural мэтийн Каталон хэл, онцлогийг олон арваны турш дэмжиж ирсэн няхуур байгууллагууд тусгаар тогтнолын хөдөлгөөнийг манлайлж, “шударга босогчд”-ыг гарч ирэхэд оройлжээ. Эдийн засгийн хямралын өмнө ба дараа Каталоны нийгмийн дундаж ангийнхан Испаний чинээлэг хэсэг байхаа больж эхэлснийг ойлгосон. Энэ явдал Каталоны дундаж ангийнханы ухамсарыг өөрчилжээ. 2008 онд эдийн засгийн хямрал нүүрэлснээр Каталончууд Мадрид руу татвар явуулж байгаа ч бизнесүүд хаагдаж, ажлын байр хумигдаж байгаад таагүй хандаж байна. Ийм эдийн засгийн дургүйцэл Испаниас хөндийрөх үйл явцыг эрчимжүүлж байна.
1880-ад оноос 1970-аад он хүртэл Каталоны асуудал Испаний улс төрийн шийдэгдээгүй хамгийн том асуудлуудын нэг байсан. 1978 онд Каталоны цөллөгдсөн Засгийн газрын тэргүүн Жосеф Тарраделласыг эргүүлэн авчирсан зэрэг зарим автономи эрхүүд олгогдсоноор олон дэглэмүүдийн шийдэж чадаагүй асуудлуудыг зөвшилцөж шийдэж чадсан юм шиг харагдаж байв. 2008 оны эдийн засгийн хямрал тохиох хүртэл 1978 оны тохиролцоо амжилттай байв. Тийм учраас 1970-аад оны сүүлээс 2005 он хүртэл ажиглагчид Испаний үндэсний үзлийн асуудлыг ихэвчлэн Басктай холбодог байв
. Каталоны асуудал техникийн шинжтэй, сонирхолгүй санагддаг байв. Каталоны боловсролын систем болон бусад асуудлаар маргаан үүсдэг байсан ч эдгээр нь гадны мэдээллийн хэрэгсэлүүдэд ховорхон гардаг байв.
1990-ээд онд Каталоны үндэсний үзэлт олон улс төрч, сэхээтнүүд глобалчлалын шинэ давалгаа уламжлалт төр улсын хэв загварыг эвдэж, Каталон шиг орон нутагт шинэ боломж олгоно гэж найдан хөөрч байв. Энэ найдвар унтарч эхлэх үед нөгөө улс төрчид бие даасан эрх мэдлээ өргөжүүлэхийг зорьжээ. 2006 онд Каталоны голлох намууд, зүүнээс барууны үндэсний үзэлтнүүд, социалистуудаас пост-коммунистууд хүртэл бүгд нийлэн Автономийн актын төсөл боловсруулсан. Үүний зорилго нь орон нутгийн эрх мэдлийг урт хугацаандаа бэхжүүлэх чиглэлтэй байв. Гэвч Испаний консервативууд энэ баримт бичгийг Испаний нэгдмэл байдалд заналхийлсэн гэж үзээд Испаний Дээд шүүхэд илгээсэн байна. Дээд шүүх шийдвэрээ гаргах гэж 4 жил болоод эцэст нь Автономийн актын эсрэг шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр 1930-аад оны Каталон, Испаний эдийн засгийн хямралын үе шиг шарх нь дээр нь давс цацсантай адил болжээ. Ингээд Каталон Испанитай эвтэйхэн тохиролцож чадахгүй юм байна гэсэн итгэл үнэмшил тархаж эхлэв. 2010 оноос хойш жил бүр тусгаар тогтнолыг дэмжигчдийн тоо хэдийгээр дараа нь буурсан ч гэсэн 2013 он гэхэд нэмэгдсээр 50%-д хүрсэн байна. 2012 оноос хойш 9-р сарын 11 болгонд олон нийтийн жагсаал цуглаан болдог болов. Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөн нутгийнхаа хамгийн том улс төрийн хөдөлгөөн болсон ч хүн амынхаа ядаж хагасын дэмжлэгийг авч байгаа нь тодорхойгүй байна. Испаниас тусгаарлах гэсэн Каталоны оролдлого болон Мадрид дахь Засгийн газрын эсэргүүцсэн эрс байр суурь нэгэн үе намжмал байсан зөрчил шинэ хэлбэрт шилжиж: Каталоны асуудал Испаний улс төрийн хамгийн том асуудал болсон байна.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.historytoday.com
Сонирхолтой байлаа
Сонирхолтой байлаа
Сонирхолтой байлаа
Сонирхолтой байлаа
Сонирхолтой байлаа
Сонирхолтой байлаа