Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай, ил тод уул уурхай” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Мэдээллээс тоймлон хүргэе.
Стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулж, зэс, төмөр, газрын тос зэрэг байгалийн баялгийг боловсруулан нэмүү өртөг шингээж үйлдвэрлэхийг бодлогоор дэмжиж, Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг компанийн үр ашгийг иргэд ард түмэндээ нээлттэй хүртээмжтэй хэлбэрээр хүргэхийн төлөө ажиллана.
Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ
Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.Уул уурхайн салбар нь эдийн засгийн суурь салбар учраас энэ салбарын үйл ажиллагаа хэдий чинээ тунгалаг, цэгцтэй, хариуцлагатай байгаа хэмжээгээр эдийн засагт шууд нөлөөлнө. Энэ уриалгаа өөрсдөөсөө эхлэн сар бүрийн эхний даваа гаригт хэвлэл мэдээллээр тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж явна.
БНХАУ-тай хэлэлцээрийн ширээнд сууж, гаалийн нэвтрэх чадлыг нэмэгдүүлнэ
Гаалийн нэвтрүүлэх чадвар муу байгаа. Тэнд хөдөлмөр эрхэлж байгаа Өчигдөр авсан мэдээгээр 99 км урт цуваа байгаа. Хилээр 661 автомашин гарснаас 280 нь Эрдэнэс таван толгой ХХК-ийн авто машин байна. Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, хил гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлье гэвэл ойрын хугацаанд БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээний ард яаралтай орох шаардлагатай.
Гашуунсухайтын тээвэрлэлт дээр улс төрийн шийдвэр гаргаж байж энэ асуудал шийдэгдэнэ. Өмнө нь 2007 оны 6 сард 5 секундэд машин гарч байсан тохиолдол бий. Оргил үедээ өдөрт 1500 машин хилээр нэвтэрч байсан. Бид өдөрт 1000 гаруй машиныг гаргахыг зорьж ажиллана.
Бичил уул уурхай эрхлэгчдийн эрх зүйн орчинг сайжруулна
Алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, гар аргаар алт олборлож байгаа иргэдээс хүнд сурталгүйгээр төв банк алтыг худалдаж авах эрхзүйн орчинг бүрдүүлнэ. Иргэдээс Алт 2 хөтөлбөрийн хэмжээнд явж байгаа дампуурсан байх магадлалтай аж ахуй нэгжүүд өөрсдийн ашиглаж байсан талбайг гар аргаар алт олборлогчдод хэсэгчлэн өгч, буцаад талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй, татвараас зайлсхийж байж магадгүй гэсэн мэдээлэл ирж байгаа. Энэ асуудлаар дараа долоо хоногт албан ёсны тайлбар өгнө. Хэрвээ энэ нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага үүрүүлэх асуудал үүснэ. Хууль зүйн яамтай хамтран улсын хууль дүрмэн дээр гишгэж байгаа явдалтай хатуу тэмцэнэ. Зөвшөөрөлгүй яамны зүгээс алт олборлож байгаатай шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж шалгаж, арга хэмжээ авна.
Ченжийн тогтолцооноос салах ёстой
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр тодорхой асуудал гарч, хайгуулын лиценз олгох асуудлыг хойшлуулсан байгаа. Геологийн эрэл хайгуултай холбоотойгоор тоног төхөөрөмж сайтай албан байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг судлаад үзэхээр IT-н, худалдааны гэх мэт өөр салбарын компаниуд маш олон лицензтэй байх тохиолдол гарч байна. Уул уурхайн салбарт шаардлага хангасан, нийгмийн хариуцлагатай компаниуд орох ёстой. Нөхөн сэргээлт хийж, уул уурхайд ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хангаж чаддаг, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
Сэтгэгдэл бичих