Нийтлэл 11 сарын 02, 2017

Д.Сарангэрэл: ЭМЯ үр хөндөлт болон эх хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллана

Энэ удаагийн тайланд эмэгтэйчүүдийн эрхийн тэгш бус байдлыг түлхүү тусгажээ.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсад баян, ядуугийн ялгаанаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн эрхийн тэгш бус байдал их байгаа бөгөөд үүнийг нэн даруй залруулахыг НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китхара онцлоод “Монголд ядуурлын түвшин нэмэгдэх нэг шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт юм.  Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил амьдрал, орлого олох боломж, цаашлаад улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад нь ихээхэн саад учруулдаг. Бидний тооцоолсноор  таван эмэгтэй тутмын ердөө нэг нь л жирэмсний үеийн чанартай үйлчилгээнд хамрагдаж байна. Харин чинээлэг өрхийн хоёр эмэгтэй тутмын нэг нь чанартай үйлчилгээнд хамрагддаг. Энэ бол бидний онцлохыг хүсч буй тэгш бус байдал. Төр засаг хамгийн ард орхигдож буй хүнд амд нэн тэргүүнд хүрч үйлчлэн, эмэгтэйчүүдийг хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо өөрсдөө бие даан шийдэх эрхээ эдлэх чадвартай болгох хэрэгтэй. Энэ бол тэднийг эдийн засгийн баталгаатай болгох чухал арга зам юм. Мөн хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй болгож, эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь чухал байна” гэлээ.

Түүнчлэн Монголын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн уриалгыг хүлээн авч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулгын үеэр дурьдлаа. Энэ оны эхний найман сарын байдлаар 14 эх, 825 нярай эндэж, 18 мянган эмэгтэй үр хөндүүлсэн тухай мэдээлэл бий. Тиймээс Засгийн газар, ЭМЯ-наас энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллах болсон гэдгийг сайд онцлоод, “Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьд хүрсэн гэсэн судалгаа бий. Ядуурлаас үүдэн олон эмэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор эх, нялхсын эндэгдэл ч буурахгүй байна. Ядуурлын гол шалтгаан бол ажилгүйдэл. Нөгөөтэйгүүр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаатай холбоотой. Монгол Улсын цэцэрлэгийн насны 250 мянган хүүхдийн 60 мянга нь цэцэрлэгт элсэж чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газрын хамгийн эхэнд хийх ажил бол бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж, эхчүүдийг ажил хийх боломжоор хангах ажил юм" гэж ЭМСЯ-ны  сайд Д.Сарангэрэл онцоллоо.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon