Нийтлэл 11 сарын 03, 2017

БИ САЙН ААВ: Би хүүхдүүддээ биелүүлж чадахгүй зүйлээ амладаггүй

Айл гэрийн хаан, ахуй төрийн багана, ард олны түшиг ачит аавын нөмөр нөөлөг юутай ч зүйрлэшгүй сайхан.  Монгол эр хүн, эцэг хүн үр хүүхдүүддээ хангай шиг түшигтэй, хан уул шиг санагддагсан.

Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа Ц.Хулан найрагчийн сайхан шүлгийг иш татан “БИ САЙН ААВ” булангийнхаа энэ удаагийн дугаарыг уншигчиддаа хүргэе. Энэ удаа  Улаанбаатар төмөр замд  30 жил ажилласан холч ухаан алсын хараатай, хөдөлмөрч нэгэн аавыг бид онцолсон юм. Энэ хүнийг Тэгшбуяны Дашзэвэг гэдэг. Гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэдтэй. Аав гэдэг хүн үр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж үзгээр бичимгүй гайхалтай том ертөнц. Энэ том ертөнцийг элдэв онол, үзэл баримтлалгүй бодит байдлаас харж түүний үр хүүхдээ хүмүүжүүлэх, сургах арга барилыг хуваалцъя.   

Бидэнд өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу. Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Тэгшбуян овогтой Дашзэвэг гэдэг.

Таны ажил хөдөлмөр бүтээн байгуулалтын тухай яриагаа эхлүүлье?

Баярлалаа. Ах нь улсад 30 жил ажилласан. Улаанбаатар төмөр замд олон жил ажиллаж байна. Вагоны техник механик мэргэжилтэй.

Таныг залуусын үнэн сонинд шүлэг, яруу найраг бичдэг байсан гэж сонссон энэ тухайгаа?

Тийм ээ оюутан байхдаа яруу найраг, утга уран зохиол их сонирхдог байсан юм. Тухайн үед УБТЗ-ийн утга зохиолын дугуйлан гэж байсан. Тэнд хоёр найзтайгаа хамт суралцдаг байлаа. Тэгээд л сонирхлын дагуу шүлэг, богино хэмжээний өгүүллэг бичдэг байснаа нийтлүүлсэн хэрэг л дээ. Тухайн үед “Өдтэй бичиг” одоогоор “Ган зам” сонин болон “Үнэн” сонинд нийтлүүлж байсан шиг санагдаж байна.

Таны энэ авьяасыг хүүхдүүдээс чинь өвлөсөн үү?

Яг утга зохиол шүлэг өгүүллэг бичих талдаа ууган охин минь их авьяастай . Ах нь ер нь 4 охин 1 хүүтэй. Хүүхдүүд маань бүгд л урлагийн өндөр мэдрэмжтэй авьяастай гэж боддог. Хань минь ч бас их сайн дуулдаг хүн бий. Бид гэр бүлээрээ урлаг соёлд хайртай хүмүүс.

Эр хүн ажил алба гадуур дотуур зохицуулах ажил их байдаг байх. Тэр дундаа та зам тээвэрт олон жил ажилласан хүн. Гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргадаг вэ?

Төмөр замын хүн байна гэдэг их сайхан. Гэхдээ сарын тэн хагасыг галт тэргэн дотор, замд ажиллаж өнгөрүүлдэг. Тиймээс амарсан өдрүүддээ аль болох л эхнэр хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. Хүүхдүүдийнхээ урлагийн боловсролд их анхаарч аль болох урлаг уран сайхан, соёлын тухай яриа өрнүүлж тэднийгээ хөгжүүлэхийг хүсдэг.

Таны хүүхдээ хүмүүжүүлэх онцгой арга барил тань юу вэ?

Ахад нь  онцгой гэж онцлох зүйл  байхгүй.  Гэхдээ ер нь хүүхдээ хүмүүжүүлэхэд онцгой, тусгай арга гээд байх юм шаардлагагүй дээ. Тэднийг ойлгож сонсдог, тэдэнд зөв сайхан юмсыг хэлж заадаг, чиглүүлдэг байхад л болно гэж боддог. Хамгийн гол нь өөрөө шударга байж хүүхдүүддээ үлгэр жишээ болохыг хичээдэг. Ямар нэгэн зүйл амласан бол заавал хүрэхийг хичээдэг . Биелүүлж чадахгүй бол амладаггүй. Хамтдаа хөгжилдөж, хамтдаа сурч, хүүхдүүдээ хамгаалж, ханьдаа тусалж байхыг л боддог юм. Энэ үйлдлүүдээс нь миний хүүхдүүд хайраар дүүрэн гэр бүл ямар байх ёстойг ойлгож мэдрэх хэрэгтэй.

Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх тал дээр аавын үүргийг хэрхэн гүйцэтгэсэн бэ?

Ууган охиноосоо эхлээд л бүгдийнх нь үсэглэлийн баяр, хонхны баяр, тэмцээн уралдаанаас нь хоцорч байгаагүй. Ах нь ямар эмэгтэй хүн шиг нарийн сайхан оёж хатгах биш. Гэхдээ л хүүхдүүдийнхээ тоглолтод өмсөх хувцас хунарыг нь бэлдээд л өгнө. Тэгээд л шагнал хүртэхээр нь өөрөө авсан юм шиг баярлана. Хүүхдүүд минь ч аав ээжийгээ өөрийнх нь хүссэн зүйлийг дэмжихэд их баярладаг. Хүүхдүүд дундаас минь МУИС ийн шилдэг төгсөгч. “Universe best songs” наадмын шилдэг оролцогч нар тодорсон.

Хүүхдүүддээ юуг чухалчлан захидаг вэ?

Хамгийн гол нь шударга үнэнч байгаарай л гэж захидаг. Өөрөө өөрийгөө хууралгүй аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж түүнээсээ урам авч байгаарай. Гэр бүлээ хайрлаж цаг заваа гаргаж байгаарай. Цэвэрч нямбай байгаарай гэж л хэлдэг .

Хүүхүүдээ ямар хүн болж төлөвшүүлэхийг хүсдэг вэ?

Ямар ч нийгмийн үед өөрийгөө сайн аваад явах ухаантай, ухамсартай хүн байгаасай гэж хүсдэг. Бусдыг хүндэлдэг. Монгол ёс жудгаа мэддэг эх орноо хайрладаг хүн байвал боллоо шүү дээ.

Таны хүссэнээр хүүхэд тань төлөвшиж чадсан уу?

Чадсан. Чадна ч гэж бодож байна.  Ингэж төлөвшүүлэхэд миний ханийн нөлөө зүйрлэшгүй их. Хань бид хоёрын хүүхдүүд сайн явна гэдэгт итгэдэг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon