Монгол улсад 1 цаг тутамд 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн мэдээллийг замын цагдаагийн газраас өглөө. Энэ нь зам тээврийн осол гэмтэл гарах гол шалтгааны нэг болж байгаа төдийгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хамгийн их хохирол учруулдаг байна. Тухайлбал улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас эрсдэж
, 105 хүн хүнд, ба хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн
бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлжээ. Мөн улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 30588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 865 хэрэг бүртгэгдсэний 555 нь буюу 64,1 хувь нь Улаанбаатар хотод гарчээ. Үүнийг хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт зөрчлийн 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй, 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарчээ. Иймд замын цагдаагийн газраас дээрх төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт нийслэлийн замд гэнэтийн хяналт шалгалтыг хийж ажилласан байна. Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлэн саатуулж согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол бүртгэгдсэний 3 нь жолооч, 1 явган зорчигч байсан байна. Тиймээс таны гарт бусдын эрүүл мэнд амь нас багтаж байдгийг санаж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих