Өнөөдөр Дэлхийн хот төлөвлөлтийн өдөр. Энэ өдрийг 1949 онд Буэнос Айресийн их сургуулийн профессор Карлос Мариа делла Паолера санаачлан тэмдэглэсэн түүхтэй аж. Тэрээр Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг зохион байгуулахдаа олон улсын өмнө тулгамдсан хот төлөвлөлтийн асуудлыг хамтран хэлэлцэх, мэргэжлийн хот төлөвлөлтийг дэмжин урагшлуулах зорилготой байжээ.
Эдүгээ энэхүү өдрийг дэлхийн 30 гаруй улс оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Энэ өдрийг хөдөө, орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, хот сууринг хөгжүүлэхэд төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг таниулах онцгой өдөр гэж үздэг байна. Тэгвэл манай улс ч бас энэ өдөр нийслэл хотын төлөвлөлт, тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт хот төлөвлөх мэргэшсэн инженерүүд болон мэргэжлийн архитектор, болон эдийн засагчид хотын төвлөрлийг бууруулах, тулгамдаж асуудлуудыг шийдвэрлэх арга замын хүрээнд илтгэл хэлэлцүүлж санал солилцсон юм.
Тус хэлэлцүүлгээр хот төлөвлөлтөд саад учруулж буй чухал асуудлуудыг хөндөж тэдгээрийг шийдэх арга замуудыг эрэлхийлж санал солилцсон юм. Тэгвэл хот төлөвлөлтөд саад учруулж буй тэргүүн асуудлын нэг нь газар өмчлөлийн асуудал байдаг. Манай улсын хотжилтын түүх 400 хүрэхгүй харин орон сууц барилгын салбарын түүх 70 орчим жилээр тоологдоно. Гэтэл МУ-ын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж хүн амын хагас нь нийслэл хотод төвлөрч байгаа билээ
. Үүнийг дагаад газар өмчлөлийн асуудал хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм
. Учир нь хотын төвд байршил сайтай газрыг хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүс худалдан авч цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэргийг барих талбайгүй болсноос нэг дороо бөөнөөрөө байрлаж үүнээс үүдэлтэй олон сөрөг дагаврууд бий болдог байна.
Мөн манай улсын засаг захиргааны нэгжүүд нэг дор төвлөрсөн байдаг нь хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлдөг ажээ. Үүнийг дагаад замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлууд хөндөгддөг. Тэгвэл Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулахын тулд одоогийн барилгажсан хэсгийг дахин хөгжүүлэх, авто замыг шинэчлэх, шинээр төлөвлөх болон нийслэлийн засаг захиргааны нэгж газруудыг хотын зах руу нүүлгэн шилжүүлэх, авто замыг шинэчлэх, мөн газар өмчлөлийг хууль эрх зүйн үүднээс зохицуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Хэрэв засаг захиргааны нэгж болон зарим их дээд сургуулийг хотын зах болон дагуул хотууд руу нүүлгэвэл хотын төвлөрөл 50 хүртэлх хувиар буурч агаарын бохирдол болон замын түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм. Иймээс энэ асуудалд зөвхөн мэргэжлийн хүрээнийхэн гэлтгүй нийслэл хотод төвлөрч буй албан байгууллага, иргэд анхаарлаа хандуулж эхэлсэн байна үүний нэг жишээ АШУҮИС хотын зах руу сургуулийнхаа бүх байрыг нүүлгэн шилжүүлж буйгаас харж болох юм.
Сэтгэгдэл бичих