Нийтлэл 11 сарын 10, 2017

Нийслэлд бүртгэгдэж буй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна

 ХӨСҮТ, НЭМҮТ, болон Глобал сан ДЭМБ-тай хамтран “Бид нэг агаартай” сэдвийн хүрээнд сүрьеэгийн өвчлөл болон түүний тархалтад хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.  Дэлхий дээр 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг бол уушгины сүрьеэтэй хүн нэг жилд 10-15 хүнд халдвар тарааж байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл нийгмийг хамарсан энэ өвчний тохиолдол манай улсад сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байгааг дэлхий эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Сүрьеэгийн өвчлөл нь дэлхийд нас баралтын тэргүүлэх  10 шалтгааны нэг болж тус өвчнөөр 1,8 сая хүн нас баржээ. Түүнчлэн МУ-д 2016 оны байдлаар нийт сүрьеэгээр өвчлөгчдийн 59,6 хувь буюу 2412 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, хэт их төвлөрөл нийгэм эдийн засгийн хямралтай салшгүй холбоотой юм. Тэгвэл сүрьеэгийн өвчлөлд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг хүргэе. 

Ядуурал

Ядуурал бол сүрьеэгийн өвчлөлийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлс байдаг.  Учир нь хоол тэжээлийн дутагдал дархлалын тогтолцоо сул байх нь сүреэгээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл болдог бөгөөд дэлхий дахинд оношлогдож буй сүрьеэгийн шинэ тохиолдол бүрийн ¼ нь хоол тэжээлийн дутагдалтай байдаг бол Монгол улсад бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтнүүдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байдаг байна.  

Шилжилт хөдөлгөөн

Шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сүрьеэгийн тохиолдлыг олж илрүүлэхгүй байх эрсдэл нэмэгдэнэ. Тодорхой оршин суугаа хаяггүй, бичиг баримтгүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй байдаг нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдахад сөргөөр нөлөөлж халдварын тархалтыг нэмэгдүүлсээр байдаг.

Тамхидалт

Сүрьеэгээр өвчлөгчдийн ихэнх хувийг 15-24 насны залуучууд болон 30-аас дээш насны эрэгтэй хүмүүс түлхүү өвчилдөг байна. Энэ нь залуу үеийнхний хэт их тамхидалтаас шалтгаалж байгаа төдийгүй тамхи нь сүрьеэгийн өвчлөлийг 2-2,5 дахин нэмэгдүүлдэг аж.  

Агаарын бохирдол

Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчин болон сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж дархлалын түвшинг бууруулдаг. Харин Монгол улсад жилд 120 мянган тонн хорт бодис 0,2 тонн хорт бодисоор амьсгалж байгаа нь өвчлөлийг улам нэмэгдүүлж байна.

Хувь хүний хариуцлагагүй байдал

Сүрьеэгийн өвчлөлийг дотор нь  энгийн сүрьеэ, олон эмэнд дасалтай болон маш олон эмэнд дасалтай сүрьеэ гэж ангилдаг. Гэхдээ аль аль нь6-24 сарын тууштай эмчилгээний үр дүнд бүрэн эдгэрэх боломжтой  юм.  Хамгийн гол нь  хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж 2 долоо хоногоос дээш ханиалгасан бол зайлшгүй үзлэг шинжилгээнд хамрагдаж илүү олон хүнд халдвар тараахаас сэргийлэх шаардлагатай юм.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon