Нийтлэл 11 сарын 14, 2017

Ирэх онд 86 цэцэрлэг, 29 сургууль шинээр барина

УИХ 2018 оны төсвийн төслийг баталлаа.  УИХ-ын дарга М.Энхболд төсөв батлагдсантай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

2018 оны төсвийг хууль заасан хугацаанд нь багтаан баталж байна. Засгийн газар 2 долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж ажлын хэсэг, байнгын хороо, намын бүлгүүд ач холбогдол өгч олон талаас нь авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргаж, баталж байна. 2018 онд ДНБ бодит өсөлтийг 4,2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 пунктээр өсөхөөр тооцсон. 2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 7,2 их наяд төгрөгт хүргэх, төсвийн нийт зарлагыг 156.6 сая төгрөгөөр өсгөж 9.6 их наяд төгрөг байхаар тооцож баталж байна. Төсвийн алдагдал 2018 онд 2.4 их наяд байхаар төсвөө баталлаа. Энэ нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.1 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гарч байна. Эдийн засгийн өсөлт 2013 оноос тасралтгүй буурч 2016 оны 3 дугаар улиралд -1.6 хувьд хүртэл унаж, төсвийн орлогын төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй, 2.3-10.4 хувиар тасарч, төсвийн алдагдал жил бүр нэмэгдэж, 2016 онд 3.6 их наядад хүрч байсан. Мөн Хөгжлийн банкны 580 сая доллар, евро бонд, БНХАУ-ын Ардын банкны 2 тэрбум долларын своп хэлцлийн эргэн төлөх боломжгүйд хүрсэн, нэг үгээр Монгол улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход хүрсэн орныг жилийн өмнө хүлээж авсныг та бүхэн санаж байгаа. Өнгөрсөн хугацааанд орлогоо нэмэгдүүлж, алдагдлаа багасгах талаар багагүй чармайж, үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр улс орны эдийн засаг, нийгэм, ард түмний олон асуудалд анхаарч ажиллаж боломж бүрдэж байна.

Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийн хүрээнд шинээр 75 цэцэрлэгийн барилга, 15 цэцэрлэгийн өргөтгөлд 64,2 тэрбумын санал оруулж ирсэнийг УИХ нэмж шинээр 11 цэцэрлэг, 1 өргөтгөлийн барилгыг нэмж барихаар шийдвэрлэж, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийг нэмэгдүүллээ. Ингэснээр 73.8 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийг шинээр барих, 16 цэцэрлэгийг өргөтгөх боломж нээгдэж байна. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгоход 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг 5 тэрбумаар нэмэгдүүлж  84,5 тэрбум болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль ,3 бага сургуулийн барилгыг шинээр барих ажлыг эхэлнэ. Мөн 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, 1 сургуульд номын сан барих асуудал энэ хөрөнгөнд тусгагдсан. Нийтдээ 35 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэрлэх байгууламжид хуралдсан лагийг ариутгал, халдваргүйжүүлэлт, үнэргүйжүүлэлт хийх төсөл арга хэмжээг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10 тэрбум төгрөг тусгалаа. Агаарын бохирдлыг бууруулах төсвийг 13 тэрбумаар нэмэгдүүлж 17,9 тэрбум болгож баталсан. Энэ төсвийг шөнийн цахилгааны үнийн урамшуулал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах шинэчлэл хийх арга хэмжээнд түлхүү зарцуулна. Ирэх оноос цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ.

2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 0-3 насны хүүхдээ эхэд сар бүр 50 мянган төгрөг олгоно.

Түүнчлэн 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улиралд 240 000 төгрөг олгохоор төсөвт суулгаж баталсан. Ахмад настны хуулийн дагуу хуримтлуулсан туршлагыг өвлүүлэх шинэ төрлийн үйлчилгээний санхүүжилтэнд 1,1 тэрбум төгрөг тусгасан. Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог бүх төрлийн тэтгэвэрийн хэмжээг инфляцитай уялдуулан нэмэхэд зориулж 137,4 тэрбум төгрөгийг тусган баталлаа. УИХ ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж ЖДҮ-ийн сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 66 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 99,2 тэрбум болгон өсгөсөн . Засгийн газар ирэх оны хөрөнгө оруулах, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг одооноос авч хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж идэвх чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon