Нийтлэл 11 сарын 14, 2017

БИ САЙН ААВ: Миний аав эрдэмтэн биш

Бид "Сайн аав" булангаараа хүүхэддээ эерэг хандлага, зөв хүмүүжил олгодог аавуудын туршлагаас хуваалцдаг билээ. Энэ удаагийн дугаараараа  хүмүүжил төлөвшилтийн туршлагаас биш зүгээр л  аавынхаа тухай бичихээр шийдлээ. Миний аав эрдэмтэн профессор, алдарт дуучин, жүжигчин, хүүхэд хүмүүжүүлэх онцгой арга барил, техниктэй хүн биш ээ. Аав минь биднийг үргэлж үнсээд байдаггүй. Бас байнга эрхлүүлдэггүй.  Гэхдээ жинхэнэ хайраар өлгийдөж, үгийн хүчээр зааж сургадаг жирийн л нэг монгол эр хүн. Аавыг минь Цэндийн Хүрлээ гэдэг. Шулуун шударга зан, хүн чанарыг өөрийн биедээ цогцлоож чадсан аав минь өдгөө 55 нас хүрч байна. Аав минь бидний төлөө өөрт байх бүхий л зүйлээ зориулж бүгдийг нь дээд боловсролтой сэхээтнүүд болгоход хуруу хумсаа хумслан байж зүтгэсэн. Тиймээс би ааваасаа та биднийг яаж хүмүүжүүлсэн бэ? та биднийг хэрхэн дэмждэг вэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Эвий миний аав гомдвол яана. Харин та бүхэнд би аавынхаа тухай  сайхан дурсамжуудын нэгээхэн хэсгээс хуваалцъя. Энэ түүх аавыг минь сайн аав гээд гэдгийг хангалттай батлах байх аа. Аав  биднийг ингэж хүмүүжүүлсэн.

Бид ээжээсээ дөрвүүлээ. Гурван охин нэг хүүтэй айл. Тухайн үед ээжийн минь ээж далан нас шүргэж буй буурай хөдөө байдаг байсан юм. Буурал эмээгийн маань бие  нь их өвддөг байсан учир ээж маань  дүүг аваад хөдөө үе үе явдаг байлаа. Энэ үед л аав минь гэрийн босс нэртэй үйлчлэгч, цэвэрлэгч, тогооч, гоо сайханч багш гээд маш олон төрлийн мэргэжилтэй болдог байсан юм. Уг нь аавын минь мэргэжил барилгачин л даа. Тухайн үед би 6-7 настай байсан ч тэр үеийг маш сайн санадаг юм. Хоёр эгч маань харьцангуй том болсон учир өөрсдөдөө анхаарал тавьдаг ч аав бүгдийг хяналтандаа авна. Харин намайг бол жинхэнэ гардан хариуцдаг байлаа.  Өглөө намайг цэцэрлэгт хүргэж өгөхдөө биедээ уртадсан үсийг маань самнах гэж чамгүй хичээнэ. Орой цэцэрлэгээс авахдаа хананд хадсан шүлгийг маш хичээнгүйгээр бичиж аваад гэрт ирээд эрдэмтэн багшаас ч илүү ойлгомжтойгоор утга санааг нь ярьж ойлгуулаад, дараа нь мөр мөрөөр нь хэлж цээжлүүлдэг байсан. Энэ бол аавын минь хичээл заах  онцгой арга барил.  

Мөн цэцэрлэгт эцэг эхийн хурал болоход хамгийн түрүүнд очиж суугаад багшийн ярихыг хичээнгүйлэн сонсоод гэртээ харих замдаа миний охин мундаг шүү гээд уут дүүрэн алим авч өгч урамшуулдаг аав жинхэнэ маркетингийн ухаантай хүн. Урамшуулал илүү их амжилтыг дагуулдаг гэдгийг хамгийн сайн мэддэг. Дараа нь би цэцэрлэгээ төгсөж сургуульд ороход мөн л аав минь багшаас илүү хичээлийг маань заадаг байсан.

Нэг удаа багш хэд хэдэн өгүүлбэртэй бодлого бодох даалгавар өглөө. Өнөөх бодлогыг нь би хичээл дээр сурсан онол практикаа ашиглаад нэг л болж өгөхгүй учир аавдаа хандлаа. Аав маань хэдхэн минутын дотор л ингэж бодноо гээд л тайлбарлаад би ч тайлбарын дагуу бодлоо. Маргааш нь багшдаа даалгавраа шалгуултал бодох арга техник нь миний мэдэхгүй арга байна. Гэхдээ хариу нь зөв байна гээд инээмсэглэж билээ.

Ингээд би мэргэжлийн бус багш ааваараа хичээлээ заалгасаар арван жилийн сургуулиа төгсөж их сургуульд ч түүний гарын шавь хэвээрээ л байлаа. Аав минь намайг МУИС-ийн хуваарийг авах үед нүдэндээ нулимс цийлгэнүүлэн байж “Аав нь охиндоо итгэдэг шүү” гэсэн. Энэ үг намайг  үргэлж хурцалж дөрвөн жил хичээсээр сургуулиа төгсөөд дипломоо гардаж авах үед аав минь “Миний охин аавынхаа итгэлийг алдсангүй. Энэ олон хүмүүсийн өмнө  сургуулийнхаа захирлын гараас дипломоо гардаж авсан охиндоо баяр хүргэе” гээд духан дээр минь үнэрлээд, баярын нулимсаа барьж ядан урсгаж байсан.  Энэ үед хайрлан өсгөсөн он жилүүд, өдөр бүрийн тоогоор хажууд нь байж эрхлэн үнсүүлмээр тийм мэдрэмж, буруудаж зэмлүүлсэн өдөр бүрийн тоогоор энгэрт нь тэврүүлж, нялхармаар тийм мэдрэмж, өдий том бүсгүй болсон хойноо ч  өвөр дээр нь сууж хошуугаа унжуулчихаад аргадуулан суумаар тийм сайхан мэдрэмж төрсөн. Тиймээ аав минь миний хувьд хамгийн сайн багш, хамгийн сайн аав. Одоо ч хэвээр. Гэхдээ миний аав эрдэмтэн биш.

Аав минь та

Тэртээх уулсын орой дээгүүр орчлонг харах

 Тэнгэрийн санаа суулгаж намайг том болгосон байна

 Уулсын оргилыг нүдлүүлэн ухааны уртыг суулгаж

 Уран гоёд гялтганасан нүдний минь хорыг гаргаж

 Уужмын холд хөтлөн замын бартааг таниулж

 Уянга дуутай намайг тэнгэрийнх хэмээн итгүүлж томоо болгосон байна

Г.Т

 

Сэтгэгдэл бичих

    • бямбацэцэг
    • 2019-03-22

    бүр уйлчихлаа манай хүргэн ах ч мундаг шүү

    • Амраа
    • 2017-11-15

    Ёстой сайхан нийтлэл болсон байна. Баярлалаа

    • Mendee
    • 2017-11-14

    huurhun niitlel boljee duudee amjilt husie mundag setguulch bolooroi egch n ch bas dvvdee itgej bnaa

    • Зочин
    • 2017-11-14

    huurhun niitlel boljee duudee amjilt husie mundag setguulch bolooroi egch n ch bas dvvdee itgej bnaa

arrow icon