Нийтлэл 11 сарын 15, 2017

Томилогдсон 5 элчин сайдын асуудал гацаанаас гарах уу?

УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Япон, Канад, АНУ-д суух элчин сайдаар томилогдсон элчин сайдуудыг хэзээ явуулах вэ? гэдэг асуудлаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс тодрууллаа.

Ц.Мөнх-Оргил: УИХ-аар хэлэлцээд, Ерөнхийлөгч жуух бичгийг нь гаргаад Япон улсад суух элчин сайдаар суух Г.Тэнгэрийн асуудал шийдэгдэхгүй 130 хоног болчихлоо. Японы талаас агреман нь ирчихээд байна, Канадад суух элчин сайд Н.Чингүүндарь агреманнаа аваад 117 хоног боллоо, АНУ-д суух Ё.Отгонбаярын агреманыг аваад 75 хонолоо. Нэгдүгээрт, манай парламентын түүх гадаад бодлогын түүхэнд ингэж 100, 100 хоногоор явж чаддаггүй элчин сайд нар байгаагүй. Хоёрдугаарт, Дипломат албаны практик, олон улсын харилцааны практикт элчин сайдаа томилж явуулахгүй байна гэдэг нь өөрөө туйлын найрсаг биш үйлдэл. Элчин сайдаа дуудаж авчрах, консултаци зөвлөгөө хийхээр дуудаж авчрах, эсвэл элчин сайдаа нэг мөр дуудах, төлөөлөгчийн газрын түвшингээ бууруулах, эсвэл элчин сайдаа томилж явуулахгүй байна гэдэг чинь найрсаг харилцаатай орнуудын хооронд хийгддэг алхам биш. Энэ бол хэв журмаасаа хэтэрчихээд явж байна. Тэгэхээр энэ асуудал хэлэлцэгдэж шийдэгдэх вэ? гэдэгт хариулт өгөөч. УИХ-тай зөвшилцсөн, Ерөнхийлөгчийн зарлиг нь гарчихсан энэ элчин сайд нар хэзээ Ерөнхийлөгчийн итгэмжлэх жуух бичгээ аваад явах вэ?

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Тэгшжаргал: 5 элчин сайдын асуудал удааширсан асуудал байгаа. Гадаад яамтай ярилцаад эхнээсээ авахуулаад томилогдсон орон руугаа явж эхэлж байгаа. Бусад асуудал удахгүй шийдэгдэнэ. Л.Пүрэвсүрэн сайд удахгүй явах гэж байгаа. Мөн А.Баттөр элчингийн жуух нь гарчихсан явахаар бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна гэлээ.

Тодруулбал Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн нь Швейцари улсад суух бүрэн эрхт элчин сайдаар, А.Баттөр нь Франц улсад суух бүрэн эрхт элчин сайдаар УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн чуулганаар томилогдсон юм. Байнгын хорооны хуралд БНСУ-д элчин сайдаар томилогдох гэж буй Б.Хурц оролцож байгаа юм. Энэ үеэр мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан БНСУ-д суух элчин сайд Б.Хурцыг томилохтой холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийе гэдэг байр суурийг баримталж байгаагаа илэрхийлсэн.

Т.Аюурсайхан: Нийтийн сонсгол хийх тухай хуулийн 10 дугаар зүйлд хэрвээ томилгоотой холбоотойгоор нийтийн сонсгол хийе гэвэл УИХ-ын гишүүдийн ¼ ээс доошгүй нь санал гаргах юм бол УИХ нийтийн сонсгол хийнэ гэж заасан байдаг. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар элчин сайдтай холбоотой асуудлыг 7 хоногийн дотор шийдвэр гаргана гэдэг хуулийн зохицуулалттай боловч томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийх эрхээ эдлэе гээд УИХ-ын гишүүдийн 21 нь санал гаргасан. Элчин сайдаар томилогдох гэж байгаа тагнуулын удирдлагаар ажиллаж байсан энэ хүнтэй холбоотой, нэр бүхий улс төрчидтэй холбоотой эзэн биегүй асуудлууд яригдаж байгаа. Тодорхой шинжээчид гэрчүүдийг оруулж эргэлзээг тайлж байж томилгоог хийх хэрэгтэй. Эргэлзээтэй үед томилгоо хиймээргүй байна. Хэвлэл мэдээллээр олон нийтэд маш ноцтой мэдээллүүд өгсөн. Энэ мөрөөр асуудлуудыг тодорхой болгож байж томилгоо хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon