Хувийн мэдээллээ хэт нээлттэй байлгах
SOCIAL NETWORK SERVICE (SNS) буюу олон нийтийн сүлжээ хөгжснөөр бид найз нартайгаа, уулзаж амждаггүй хамаатан садантайгаа холбогдон мэндээ мэдэлцэж, мэдээллээ цаг алдалгүй солилцох боломжтой болсон. Мөн ижил сонирхолтой (хоббитой) хүмүүсийг олж, шинэ найз нартай болж танилын хүрээгээ улам нэмэгдүүлж байгаа.
Монголчууд олон нийтийн сүлжээнээс Facebook, instagram-ийг ихэвчлэн ашигладаг. Гэвч төлөвшиж амжаагүй, сайн мууг ялгах чадвар суугаагүй бага насны хүүхэд SNS-д аккаунттай болох явдал өсч байгаагаас хувийн мэдээллээ бусдад хэт дэлгэх, үл бүтэх хүмүүстэй танилцах, бусдыг дайрч доромжлох зэрэг асуудлууд газар авч байна.
Бид хүүхдүүдээ хохирогч болгохгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Үүний тулд юуны өмнө олон нийтийн сүлжээг яаж ашиглавал илүү аюулгүй байх талаар гэртээ ярилцаж, баримтлах дүрэмтэй болох явдал юм.
Дүрэм 1. Интернэтээр харилцах харилцаа, ялангуяа интернэтэд тавих мэдээллийг гэрийнхэнээсээ нууцлах ёсгүй
Олон нийтийн сүлжээнд дэлгэж, хэн нэгэнд хариулах мэдээлэл, бусдад харуулж болохгүй мэдээллийн талаар ярилцаж, ганцхан чиний найзууд биш өөр таниж мэдэхгүй хүмүүс чамайг үргэлж харж байгаа гэдгийг сануулж анхааруулах хэрэгтэй.
Дүрэм 2. Ямар нэгэн эвгүй, хэвийн биш зүйл болбол эцэг эхдээ мэдэгдэх
Олон нийтийн сүлжээнд тавьсан чиний нэр, төрсөн огноо, холбоо барих хаяг, утасны дугаар, сургуулийнх нь нэр гэх мэт хувийн мэдээллийг чинь хэн нэгэн хулгайлж ашиглах боломжтой учир хувийн чанартай мэдээллээ хэт задгай байлгахгүй байх хэрэгтэй. Хэн нэгэн танихгүй хүн чамруу хандах, ямар нэгэн зүйл рүү хэт их уруу татсан мессэж явуулаад байвал заавал эцэг эхдээ хэлж мэдэгдээрэй.
Дүрэм 3. Нууц дугаар, утасны дугаар, гэрийн хаягаа хэзээ ч битгий зааж өг.
Хамгийн дотны найз чинь байсан ч хамаагүй нууц дугаараа хэнд ч зааж өгч болохгүй. Чиний нууц дугаар, аккаунтыг ашиглан хэн нэгнийг гутаан доромжлох, мөн бусдаас мөнгө зээлэх зэрэг залилангийн хэрэгт ашиглах боломжтой гэдгийг сайн сануулж ярилцаж байгаарай.
Дүрэм 4. Интернэтээр танилцсан хүнтэй уулзаж болохгүй.
Сургуулийн найз, танил гэх зэрэг урьдаас таньдаг байсан хүнээс бусад, интернэтээр анх танилцан хүнтэй уулзах нь маш эрсдэлтэй гэдгийг сайн сануулах нь чухал.
Дүрэм 5. Хүүхдийнхээ найзын листийг тогтмол шалгаж байх.
Хүүхдийнхээ ашиглаж байгаа SNS-д аккаунт үүсгэж, хамтдаа ашиглаж байгаарай. Хүүхдийнхээ тавьсан мэдээллийг сайн хянаж, найзын листэнд сэжиг бүхий хүн байгаа эсэхийг сайн ухаж сонирхож байгаарай. Учир нь жаахан хүүхэд, ялангуяа эмэгтэй хүүхэд болж жүжиглэн охидуудын итгэлийг татаж нууц мэдээ мэдээллийг нь олж аван, дараа нь тэрхүү мэдээллээ ашиглан заналхийлж, сүрдүүлэх томчууд цөөнгүй байдаг байна. Өөрийнхөө бодит амьдрал дээр таньдаг хүмүүстэйгээ л холбогдож байхыг сануулж байгаарай.
Дүрэм 6. Интернэт ашиглах цагт хязгаар тогтоох
Хүүхэдтэйгээ хэдээс хэдэн цагийн хооронд интернэтэд орж байх талаар ярилцан тохиролцоод, түүнийгээ чанд баримтлуулж байх хэрэгтэй. Энэ арга нь интернэт хэрэглээнээс үүсч болох аюулаас хүүхдийг хамгаалах чухал зүйл юм.
Дүрэм 7. Интернэтээр дамжуулж өөрийн санал бодлоо илэрхийлэх аргын талаар ярилцах
Аливаа зүйлийн талаар өөрийн санал бодлоо хуваалцахдаа хэн нэгнийг гомдоосон, доромжилсон, ялган гадуурхсан үг хэллэг хэрэглэхвий. Өөртэй нь хэн нэгэн ингэж хандвал ямар санагдах талаар ярилцаж, иймэрхүү тохиолдол үүссэн нөхцөлд ээж аавтайгаа чөлөөтөй, нээлттэй зөвлөлдөж байхыг үргэлж хэлж сануулж байгаарай.
Сэтгэгдэл бичих