Нийтлэл 11 сарын 17, 2017

Өнөөдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг хүргэх Дэлхийн өдөр

"Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр"-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна. 

 Зам тээврийн ослоор дэлхийд жилд дунджаар 1.3 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд үүнээс 10-15 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Манай улсад 2016 онд нийт 107559 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэнээс   17197  буюу 16 хувь нь  зам тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь  нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна. Харин энэ оны тухайд зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй гарсан ч ослын улмаас нас барсан иргэдийн тоо өссөн дүнтэй байгаа юм. Тухайлбал зам тээврийн ослын улмаас 980  хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж, 431 хүн хорвоогийн мөнх бусыг үзэжиргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 192,6 сая төгрөгийн  хохирол учраад  байна.

Энэ өдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний дуу хоолойгоор дамжуулан бусад замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын хор уршиг, үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Түүнчлэн  тус арга хэмжээний үеэр зам тээврийн осол хэргийн хор уршгийг сурталчлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалах малгай, хамгаалах суудлыг хэрэглэж хэвших, ач холбогдлыг нь сурталчлах, зам тээврийн осол, түүний үр дагаварт сэтгэл санаа нь зовж байдаг бүх хүнийг өөрийн ухуулга сурталчилгааны индэр болгохыг уриалж, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн хохирол нь гамшиг, тахлын хэмжээнд хүрснийг хөдөлгөөнд оролцогчдын сонорт хүргэж байгаа юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon