МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төлөөлөгчдөд хандан тавьсан илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Монгол орны хөгжил дэвшил, эдийн засгийн тухайд
Шинэ парламент 2016 оны намрын чуулганаар 274, 2017 оны хаврын чуулганаар 183 хууль батласан нь өмнөх парламентаас 68-97 хувийн илүү үзүүлэлттэй гарч байна.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 хувь болгон буулгалаа.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлууллаа.
3 хүртэлх насны хүүхэдтэй ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, сар бүр 50000 төгрөг олгож, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор болсон.
Бага насны хүүхдүүдэд нэн шаардлагатай 30 эм бэлдмэлийг үнэгүй олгох, гемодиализийн аппаратанд үнэгүй хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Нийгэм эдийн засгийн хүндрэл, хямралын хүнд сорилтыг давж гарахад тухайн үеийн Ж.Эрдэнэбатын засгийн газар муугүй ажилласан. Үр дүн гаргасан гэж дүгнэж болно.
Цаашид өрийг өрөөр бус дотоодын эх үүсвэрээр төлж барагдуулах нь бидний гол зорилт юм.
Өрийн дарамт буурч эдийн засаг сэргэж буй хандлага ажиглагдаж буй ч 2020 он хүртэл аль аль нь засгийн газрын сорилт хэвээр байсаар байх нь.
Түүнийг давахад нэгдмэл бодлого, харилцан ойлголцсон эв нэгдэл, хамтарч ажиллах нь нэн чухал гэдгийг төр засгийн албан тушаалд ажиллаж байгаа намын гишүүд ялангуяа парламент засгийн газарт намаа төлөөлөн сууж байгаа эрхэм гишүүд онцгой анхаарвал зохино.
Манай намын засгийн газрын гишүүд өөрсдөө санаачлан засгийн газрыг огцруулах нь намын амьдралд түүхэн сургамж бүхий содон үйл явдал боллоо. Нэгэнт болоод өнгөрсөн явдалтай эргэн зууралдаад сэргээгээд байх хэрэггүй.
Шинээр байгуулагдсан засгийн газраа оролдох, үл дэмжих, үйл ажиллагааг нь уруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулан хэлж байна.
Авлигын эсрэг олны нүдэнд харагдах дорвитой ажил хийж чадаагүй.
Алдаа дутагдал гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох, шударга ёс хууль иргэн бүрт ялгаваргүй үйлчлэх зарчим алдагдсаар байхад түүний эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсангүй.
Намын дэмжлэгээр сонгогдсон удирдах албан тушаалтнуудын хувьд хүнд сурталтан, ард түмнээс тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй байна.
Намын бодлого, үйл ажиллагааны тухайд
Намынхаа гишүүдтэй хамгийн ойртож ажилласан он жилүүд нь 2014-2016 он байсан гэдэгтэй та бүхэн маргахгүй биз ээ.
Ялагдлын дараа ялалт байгуулах сонгуульд бид нэгдэж чадсан юм.
МАН-ынхан дотроо эв нэгдэлтэй сахилга баттай, хамтын шийдвэрээ ягштал дагадаг, эрх ашгаа эрэмбэлж чаддаг гэдгээ сөрөг хүчин байхдаа баталж харуулж чадсан.
Шударга үнэн бидний талд байсан учраас ард түмэн МАН-ын талд зогссон.
МАН үнэт зүйлтэй зарчимтай гэдэг нь харагдаж гишүүд маань энэ зарчимдаа үнэнч байж чадсан.
Нэгэн цагт нэгэн тугийн дор хамтран жагсаж явсан МАХН-тай нэгдэх, сонгуульд хамтарч ажиллахыг оролдож хэд хэдэн удаа тодорхой арга хэмжээ авсан. Гэвч МАХН-ын цөөн удирдлагын явцуу эрх ашгийн улмаас боломжийг ашиглаж чадаагүй юм.
2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ялалтын төлөө нэг зорилгоор зүтгэж чадсан уу, эсвэл сонгогчиддоо бүрэн хүрч ажилласан уу? мэдээлэл сурталчилгааны ажлыг хэдхэн хүнд найдаж орхиод, цэгцтэй дараатай үйл ажиллагаа өрнүүлж чадаагүй юм биш биз? Ингэхдээ цөөнхийг өмөөрөн хамгаалдаг Монголчуудын сэтгэл зүйн онцлогийг анхаараагүй юм биш биз? гэсэн олон асуудлууд урган гарч байгаа.
Миний бие ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйнхээ бурууг бусдаас хайх зорилго агуулаагүй.
Ялагдалд янз бүрийн шалтгаан нөлөөлсөн байж болох ч намын эв нэгдлийг хангаж үүссэн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөх, стратеги тактикийн хөрвөх чадварыг бүрдүүлэх, намын хамт олны хүчийг бүрэн дайчлах гишүүддээ эн тэргүүнд тулгуурлах, өрсөлдөгчийн гүтгэлэг доромжлолыг сөрөх чадвартай байх зэрэг үйл ажиллагааны уян хатан шуурхай оновчтой байдлыг хангаж чадаагүй нь намын даргын дутагдал мөн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд нэр дэвшигчийн зарим сул тал алдаа дутагдал нөлөөлсөн нь ч тодорхой юм.
Сонгуульд намаа удирдаж чадаагүй өөрөө дэвшээд унасан намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэдгийг би ойлгож байгаа.
Нам бол гишүүд дэмжигчдийнхээ хүчин чармайлт оролцоо дэмжлэгээр хөгжиж дэвшиж байдаг улс төрийн амьд организм юм гэдгийг бид хэзээд мартаж болохгүй.
Нийгэм улс төрийн сэтгэлзүй зөвхөн эрх баригчидтай хариуцлага тооцдог гэдгийг анхааруулж хэлье.
Сонгуулийн технологи, стратегийн тухайд
Сонгуулийн пиар нийгмийн сүлжээний давуу талыг эзэмших тал дээр хоцрогдож байна.
Ялж л байвал ямар ч арга хэрэглэж болно гэсэн увайгүй хандлагаас Монголчууд ядаж саахалтын зайтай явах ёстой гэж би боддог.
Бид цөөхүүлээ. Талцал хуваагдал Монголчуудыг бусдын идэш болгоно гэж үздэг. Эвийг эрхэмлэх, нөхрийг хүндлэх, гүтгэлэг доромжлолын өөдөөс хүлцэл тэвчээрээр хариу барих нь миний амьдралын зарчим.
Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан 3 дахь удаагаа ялагдлаа.
Цагаан сонголт гарч ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дагаварт цаашид нөлөөлж болзошгүй гэдгийг одооноос бодох учиртай.
Сэтгэгдэл бичих