VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо Хоолзүйч, “Ажил Дээрх Хооллолт” Агентлагийн захирал Рафаел Грумантай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.
Д.Жаргалсайхан: Ажил дээрх хооллолт нэртэй агентлагийнхаа тухай ярьж өгөх үү?
Рафаел: Францад байгуулсан компани маань хүмүүст хэрхэн зөв хооллотоор өөртөө тохирсон жингээ барьж, эрүүл амьдрахад зөвлөх зорилготой.
Д.Жаргалсайхан: Та зөв хооллотоор эрүүл амьдарна гэж дурдлаа. Орон бүхэн өөрийн гэсэн онцлогтой хоол хүнсийг хэрэглэдэг. Ямар хооллолтыг зөв байна гэж хэлэх вэ, буруу хооллож байна гэдгээ мэдэх арга бий юу?
Рафаел: Бидний биед төрөл бүрийн шим тэжээл хэрэгтэй. Хэрвээ идэж байгаа хоол хүнснээсээ эдгээр шим тэжээлийг авч чадахгүй бол бид тэжээлийн дутагдлаас үүдэлтэй төрөл бүрийн өвчин тусч болно. Хэт таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлт гэх мэтийг нэрлэж болох юм. Тиймээс зөв хооллосны дагуу эдгээр эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлж болох юм.
Д.Жаргалсайхан: Чихрийн шижин дээр төвлөрч ярилцъя. Монгол оронд энэ бол 20-иод жилийн өмнөөс л мэдэгдэх болсон шинэ төрлийн өвчин юм. Нийгмийн амьдралын хэв маягийн өөрчлөлт гээд энэ өвчин бий болох шалтгаан олон байх. Гэвч хоол хүнсний талаас авч үзвэл энэ өвчин яагаад үүсдэг юм вэ?
Рафаел: Монголчуудын хооллолтонд өөрчлөлт гарсан учраас чихрийн шижинг өвчин хүмүүс тусах болсон. Монголчууд равиоли гоймон гэх мэт гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь чихрийн агууламж маш өндөртэй байдаг. Тиймээс хүмүүсийн цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж байна.
Д.Жаргалсайхан: Чихрийн шижин өвчин чихрээс гаралтай гэдгийг монголчууд мэднэ. Тиймээс энэ өвчинг монгол хэл дээр чихрийн өвчин гэж нэрлэдэг. Тэгэхээр чихэр нь зөвхөн чихэрлэг бүтээгдэхүүнээс гадна ихэнхи хэсэг нь талх гурилан бүтээгдэхүүнд агуулагддаг байх нь ээ? Яагаад тэр вэ?
Рафаел: Талх, гоймон гэх мэт гурилан бүтээгдэхүүн чихэрлэг амтагддаггүй ч дотроо чихэр агуулж байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг голлон хэрэглэх мөртлөө хүнсний ногоо жимсэнд агуулагддаг ширхэглэг эдийг идэхгүй байснаар биенд орсон чихэр нь цусанд маш хурдан хүрдэг. Тиймээс ингэж хооллосны уршигаар цусан дахь чихрийн хэмжээ маш хурдан нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ширхэглэг эдийг ихээр агуулсан жимс, ногоо идэх юм бол чихрийн цусанд хүрэх замыг удаашруулж чадна.
Д.Жаргалсайхан: Та жирийн чихэр болон гурилан бүтээгдэхүүнд агуулагдсан чихэр хоёрын аль нь хэр хугацаанд цусанд агуулагддаг болохыг хэлж өгнө үү?
Рафаел: Хэрэв та элсэн чихэр идэх юм бол маш хурдан 15 минутын дотор цусанд очих болно. Гурилан бүтээгдэхүүнд агуулагдсан чихэр нь бусад шим тэжээлийн бодистой холилдсон байдаг тул задарч цусанд орох нь арай удаан буюу 45 минутаас 1 цагийн хооронд хүрнэ.
Д.Жаргалсайхан: Тэгэхээр та талх гурилан бүтээгдэхүүн идэнгүүтээ цусан дах чихэр нэмэгдэж байгааг мэдрэх боломжгүй юм байна, энэ нь хэсэг хугацааны дараа мэдрэгдэх нь ээ? Тэгэхээр идсэн дороо мэдэгдэхгүй болохоор өөрт хэрэгтэйгээс хамаагүй илүү чихэр идэх аюултай юм байна.
Рафаел: Тиймээ.
Д.Жаргалсайхан: Та түрүүн буруу хооллолтоос үүдэлтэй хэт таргалалт, чихрийн шижин гэх мэт өвчинг дурдсан. Тэгвэл хооллолтоороо дамжуулаад эдгээр өвчнөөс сэргийлэх боломжтой юу?
Рафаел: Тийм ээ та тэнцвэртэй зөв хооллосны үр дүнд эдгээр өвчнөө урьдчилан сэргийлэх боломжтой. Хоолондоо зөвхөн мах, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх биш ногоо жимс хэрэглэж заншвал цусан дах чихрийн хэмжээ нэмэгдэхгүй.
Д.Жаргалсайхан: Эрүүл чийрэг байхын тулд бидний идэж байгаа гурил, ногоо жимсний хэмжээ хоорондоо ямар харьцааатай байх ёстой юм бэ?
Рафаел: Эрүүл чийрэг байхын тулд та жишээлбэл өглөөний цайндаа талх идээд өдрийн хоолондоо гоймон будаа гэх мэт цардууллаг хүнс хэрэглэж болно. Өдөр болон оройн хоолондоо тогтмол жимс мөн мах хэрэглэж болно. Өглөөний хоолон дээрээ өндөг гэх мэт хооллох нь хооллолтоо тэнцвэртэй байлгах арга юм.
Д.Жаргалсайхан: Өдөр бас оройн хоолонд мах идэж болно гэсэн үг үү?
Рафаел: Тиймээ маханд уураг агуулагддаг тул тэнцвэртэй хооллолтонд чухал үүрэгтэй. Уураг нь хүний биеийн булчинд шаардлагатай байдаг.
Д.Жаргалсайхан: Зөвхөн нэг л төрлийн мах сайн гэсэн ойлголт байдаг. Маханд тийм ялгаа байна уу?
Рафаел: Олон төрлийн мах идэж чадвал таны биед илүү хэрэгтэй. Жишээ нь үхэр хонины маханд төмөр агуулагддаг тул биед сайн. Тахианы мах нь хонь үхрийн махтай харьцуулбал өөх тослогоор бага мөн төмрийн агууламж бага байдаг.
Д.Жаргалсайхан: Сүүлийн үед их яригдаж багаа асуудлын нэг бол жимсийг бид хоолны өмнө идэх хэрэгтэй юу, эсвэл дараа юу?
Рафаел: Зарим хүмүүс жимсийг хоолны өмнө идвэл ашигтай гэх нь бий. Яагаад гэвэл амтлаг жимсийг идсэнээр өлсөх мэдрэмж буурдаг. Гэвч уламжлал ёсоор бол бид жимсийг хоолны дараа иддэг.
Д.Жаргалсайхан: Хооллолтын талаарх өөр нэг сэдэв бол хоолны дэглэмийн тухай. Өглөөний хоолонд их, өдрийн хоолонд бага, оройн хоолыг болж өгвөл идэхгүй байх нь зөв гэж ярьцгаадаг. Энэ үнэн үү?
Рафаел: Тиймээ энэ үнэн. Францад бид өглөөний хоолыг хаан шиг, өдрийн хоолыг ханхүү шиг, оройн хоолыг ядуус шиг ид гэж хэлдэг. Өглөө их идэх нь өдрийнхөө энергийг авах, хоол хооронд өлсөхгүй байх давуу талтай.
Д.Жаргалсайхан: Монголчууд хонины мах ихээр иддэг, махтай хамт идэхэд зохистой ногоо гэж бий юу? Хонины махтай хамт өргөст хэмх, улаан лооль, төмсийг хэрэглэж болох уу?
Рафаел: Францад бид төмсийг цардуул ихтэй чихэрлэг хүнсэнд тооцдог, тиймээс төмс нь бусад хүнсний ногоонуудтай адилгүй юм. Харин улаан лооль, өргөст хэмх, хаш, бууцай гэх мэт ногооны чихэрийн агууламж бага. Тиймээс төмсийг дангаар нь идэх биш бусад хүнсний ногоотой хольж хэрэглэх нь зүйтэй.
Д.Жаргалсайхан: Оройн хоолны тухайд?
Рафаел: Оройн хоолонд өөх тослог багатай тахианы юм уу, цацагт хяруулын мах эсвэл загасын ногоотой идвэл зүгээр. Харин талх, төмс, гоймон будааг оройн хоолонд аль болох идэхгүй байвал сайн. Учир нь чихэрлэг ихтэй хүнс оройн хоолонд идвэл бие организм унтаж байх үед идэвхигүй байх тул авсан чихрээ шатааж чаддаггүй.
Д.Жаргалсайхан: Дарсыг хоолтой хамт, хоолны өмнө, эсвэл хоолны дараа уухын аль нь зохистой вэ?
Рафаел: Хоол идэж байх үедээ хамт уух нь дээр. Хоолтой хамт уух нь согтууруулах ундаанд агуулагдаж байдаг чихэрийн цусанд очих замыг удаашруулж өгдөг.
Д.Жаргалсайхан: Давсыг их хэмжээгээр хэрэглэх нь буруу гэж зөвлөдөг. Энэ талаар?
Рафаел: Давсыг ихээр хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлэх муу нөлөөлтэй.
Д.Жаргалсайхан: Та яагаад шим тэжээлийн мэргэжилтэй болохоор шийдсэн юм бэ? Ямар нэг сургуульд суралцсан уу?
Рафаел: Би үргэлж л хүмүүстэй харилцаа холбоотой байж тэдэнд туслаж зөвлөгөө өгөх дуртай байсан. Олон жилийн өмнө нэг удаа ийм мэргэжилтжй эмэгтэйтэй уулзсан юм. Тэр надад энэ тухай тайлбарлаж хооллолтоор хүмүүст хэрхэн туслаж болох тухай ойлгуулсан. Энэ нь надад их таалагдсан болохоор би Парист суралцаж байсан Крутэйн их сургуулийнхаа факултедэд хооллолт шим тэжээлийн тухай суралцсан.
Д.Жаргалсайхан: Шар айраг ихээр ууж байгаа хүний жин нэмэгдэнэ гэж ярилцдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?
Рафаел: Шар айрганд бас л их хэмжээний чихэр агуулагддаг. Тэгэхээр шар айраг ууж болно, гэхдээ хэтрүүлэхгүй, мөн хэт ойрхон ойрхон уухгүй байх хэрэгтэй.
Д.Жаргалсайхан: Та үйлчлүүлэгчдийнхээ тухай ярихгүй юу? Ихэвчлэн ямар хүмүүс таниар үйлчлүүлэхээр ирдэг вэ?
Рафаел: Миний үйлчлүүлэгчид ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг. Магадгүй 80 хувь нь байх. Тэд 5, 10 цөөн тохиолдолд 15 болон түүнээс дээш кг турах хүсэлтэй над дээр ирдэг.
Д.Жаргалсайхан: Дунджаар таны үйлчлүүлэгчид жин хаяхын тулд ямар хугацааг зарцуулдаг вэ?
Рафаел: Хүн бүр өөр өөр байдаг. Гэхдээ би ихэвчлэн тэдэнд долоо хоногт 1 кг турах зорилго тавьдаг.
Сэтгэгдэл бичих