Хүний амьдрал заримдаа их адармаатай, хэцүү бэрх заримдаа дэндүү жаргалтай, дэндүү их баярласандаа даль жигүүр урган нисмээр ч юм шиг сайхан мөчүүд байдаг. Яг л цахилгаан шат шиг. Дээшилж, доошилж заримдаа гацсаар. Гэхдээ хэзээ ч нам зогсдоггүй. Ийм л сонирхолтой учраас хүн бүр амьдралдаа хайртай, өөрийн туулж өнгөрүүлсэн алдаа оноо, сайхан дурсамжаа эргэн санаж, дурсан ярих дуртай байдаг. Бид Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараа бодит дүр зургийг хүргэдэг билээ. Манай энэ удаагийн дугаарт “Оргил” худалдааны төвийн ажилтан А.Одончимэг өөрийн амьдралын сайхан дурсамжийн нэг хэсгээс хуваалцсан юм.
Би нэг эгч, нэг ахтай. Бид гурав эмээдээ дээрээ өссөн. Биднийг бага байхад ээж маань өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэвч би энэ хорвоо дээр хэнээс ч илүү жаргалтай элэг бүтэн өссөн. Бид эмээгээ буурал ээж гэж дууддаг байлаа. Айлын хүүхдүүд ааваа, ээжээ гэж дуудаад, тэдэнд эрхэлж байхад би жаахан атаархдаг байсан ч
хурдхан гүйж ирээд буурал ээждээ эрхэлж хамтдаа цай уунгаа элдвийг хөөрөлдөнө гэж бодох төдийд бүх зүйлийг мартдаг байсан. Нэг өдөр би хичээлээ тараад ангийнхаа хүүхдүүдтэй хамт коток дээр гулгаж байгаад нэлээд оройтож гэртээ ирсэн юм. Тэр үед утас интернет хэрэглэхгүй ямар ч холбоо барих боломжгүй байсан учир буурал ээжийн минь санаа их л зовсон байх. Аргагүй дээ. Дандаа л хамт байж гарч орохдоо бүгдийг хэлдэг байсан тэр өдөр юу ч хэлэлгүй өдөржин сураг чимээгүй байсан болохоор айх түгших нь аргагүй. Буурал ээж маань тэр үед хараа нь бүрэн хаагдсан байсан ч намайг орж ирэнгүүт л шууд л намайг гэдгийг таньсан. Намайг орж ирэх үед хачин их сандарсан, царай нь цонхийсон сууж байсан эмээ маань шууд л намайг цохиод “ Охин хүүхэд байж харуй бүрий болсон байхад тэнэлээ” гээд цурхиртал уйлсан
. Хөөрхий дөө тэр үед миний төлөө ямар их шаналж, сэтгэл нь өвдөж байсан бол гэж бодохоор одоо ч нулимс гардаг юм. Тухайн үед жаахан байсан болохоор эмээдээ зодуулсандаа гомдоод хэдэн цаг дуугарахгүй байсан чинь эмээ минь “Миний хүү яваад дундаа хавчуургатай зөөлөн талх аваад ир хоёулаа сайхан цай ууя” гээд намайг аргадсан. Ийм л их хайр халамжид өлгийдүүлж өссөн болохоор би хэзээ ч ээж аавын хайраар дутаж байгаагүй. Эмээ минь их сайхан урт насалсан 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэр өдрөөс хойш амьдралд орь ганцаараа юм шиг санагдаж, одоо хэнийг түших билээ гэж айж, түгшиж байсан ч арван зургаан жил хайрлуулж өсгөсөн өдрүүд, хамтдаа жаргалтай байсан сайхан дурсамжаараа тэтгэгдэж би одоо ч элэг бүтэн амьдардаг юм.
Үнэхээр гоё болж би сая уйллаашдээ уншаад