Нийтлэл 11 сарын 24, 2017

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт 2017 оны ДНБ-ний 0,1 хувьтай тэнцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баттөмөр, Ё.Баатарбилэг нарын санаачилгаар “Төрөөс шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалт”-ын талаар нээлттэй сонсгол хийлээ.

Д.Лүндээжанцан:  Хуучин тогтолцооны үед авах юм байсан нь Шинжлэх Ухааны академи хүчирхэг, түүнд потенциал төвлөрсөн төв байсан. Одоо ч байгаа. Сүүлийн үед өрнөдийн жишгээр явна академи хэрэгггүй гэдэг үзэл баримтлал давамгайлж ирсэн. Үе үеийн эртэмдийн хуримтлуулсан чадавхийг үрэн таран хийх эрх бидэнэд байхгүй. Хүний нөөцийг бэлтгэх тогтолцооны шаардлага байсаар байна. Оросын шинжлэх ухааны академи, Германы техникийн хамтын ажлын нийгэмлэгүүд гэх мэт гадаад улс орнуудын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тусламжийг бид их авсан.  Гадаадын том сургуульд нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүс монголдоо ирээд шинжлэх ухааны академи хүрээлэнгүүдэд ажиллах боломж байхгүй, лаборатори байхгүй, судалгаа шинжилгээнийх нь үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга байхгүй байна.

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд  төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын бичиг баримт гарсан. Монгол улсын шинжлэх ухаан технологийн тогтолцоо нь өнөө үед тохирохгүй байгаа юм. Шинжлэх ухаан, инновацийг 1000 гаруй эрдэмтдийн хүрээгээр харж болохгүй. Эдийн засаг, экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд инноваци хэр шингэсэн, Монгол улс өрсөлдөх чадвартай байх уу үгүй юу гэдэг нь төрөөс баримталж байгаа шинжлэх ухааны бодлогоос хамаарна. Шинжлэх ухаан, инновацийн хамгийн том захиалагч нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 70000 аж ахуй нэгж гэж харж байгаа. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэрэгтэй гэж харж байгаа, магадгүй концесс. Инновацийг бодлогоор хөгжүүлж буй улс орнууд аль үе шатад төр, аль үе шатад хувийн хэвшил оролцох ёстой юм гээд заачихсан байгаа. Энийг Монголын хөрсөн дээр нэвтрүүлэх цаг хугацаа нь болчихсон. Цаашид бид ямар салбараар өрсөлдөх чадвартай байх вэ? гэвэл хөдөө аж ахуй дээр суурилсан биотехнологи,  баялаг дээр суурилсан химийн технологийн салбарт өрсөлдөх том боломж байна. Гадаадаас бид маш их хэмжээгээр маш олон төрлийн хөдөө аж ахуйн зориулалттай эм эмийн бүтээгдэхүүнүүд оруулж ирж байна. Биотехнологийн хүрээлэн маш олон бүтээгдэхүүн гаргачихсан мөртлөө төр нь худалдан авалт хийхгүй байна.

Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны салбарын бүтэц тогтолцоондоо реформын шинж чанартай өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Ямар концепцитой байх юм, түүндээ ажиллах ямар боловсон хүчний нөөц, эрдэмтдээ яаж зөв схемд оруулах юм. Гарч ирж буй залуу үе залгамж халаадаа ямар дэмжлэг үзүүлэх юм гээд хөгжлийн загвараа гаргах шаардлагатай байна. Шинжлэх ухааны салбарын эрх зүйн шинэчлэл хийгдээд явж байгаа. Шинжлэх ухааны бүтээлээ эдийн засагжуулж, үр ашиг олох тал дээр академитайгаа хамтарч ажиллана гэдэг зорилт тавьсан. Дэлхийд хүнээ хөгжүүлсэн улс л хөгжиж байгаа. Хүний оюуны чадамжаар улс орнууд эдийн засгийн өсөлт, хөгжлөө авчирч байгаа. Оюуны чадавхийн үзүүлэлтээр Монголын өсвөр насны хүүхдүүд олон амжилт гаргаж байгаа ч сургалтын орчин ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. 

Л.Оюун-Эрдэнэ: Өдрөөс өдөрт улс орныг шинжлэх ухаан, инновациар хэмждэг болж байна. Монгол улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч, тариалан хүнсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараар 190 орноос 180-д явж байна. Оюуны чадавхиар Монголчууд 8-д жагсдаг, гэтэл Их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар 2264-д /МУИС/ жагсаж байна. Шинжлэх ухаан инновацийн өрсөлдөх чадвараар Монгол улс хаана явж байна вэ? Дараагийн 10 жилд өрсөлдөх чадвараа хэдээр ахиулж чадах вэ?

Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спорт гээд маш том 4 салбарыг нэг яамны харьяалалд оруулчихсан. Спорт, соёл урлаг, шинжлэх ухаан нь боловсролын шинжлэх ухааны хавсарга салбар болоод явж байна. Бид ийм тогтолцоогоороо яваад байх уу? Яамны төсөв нь өндөр юм шиг харагдаж байгаа ч 80 хувь нь боловсролын салбартаа зарцуулагддаг. Төсвийг нь бид шийдэж өгөх ёстой. Өнөөдрийн шинжлэх ухааны хурдтай хөгжиж байгаа чиг хандлагаа социализмын үед хийсэн бүтэц маань дааж чадахаа больчихоод байна.

А.Ундраа: Тэргүүлэх чиглэлийн туршлагуудыг нэвтрүүлж ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Онолын болон хэрэглээний судалгааг хамаагүй хольж хэрэглэж байгаа юм шиг санагдаж байна. Онолын судалгаа бол үргэлж түрүүлж алхаж байдаг. Онолын судалгаа заавал бүтээгдэхүүн болдоггүй. Бүтээл болохгүй байсан ч оюуны баялаг гэж явдгаараа онцлогтой. Онолын шинжлэх ухаан хаягдаж байгаад анхаарал хандуулаасай гэж хүсч байна. 

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт 2017 оны ДНБ-ний 0,1 хувьтай тэнцэж байна. Дэлхийн улс орнуудад шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт 0,4 хувиас бага бол Шинжлэх ухааны салбар нь нийгэм эдийн засгийн үзэгдэл төдий байна гэж үздэг. Шинжлэх ухааны төсөв нь ДНБ-ий 0,5 хувьд хүрч байж шинжлэх ухаан улс орны эдийн засагт мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлнө гэж судлаачид үздэг. Манай улсын шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт Ази тивийн дунджаас 10 дахин бага, Америктай харьцуулбал 12 дахин бага байна. Засгийн газар төсвийн тодотголын үеэр энэ салбарын төсөвт дорвитой өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь ээ. Төсөвт шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн байрнуудын өргөтгөлийн 3.5 тэрбумыг шийдчихсэн бол Сангийн сайд нүүр бардам байх байлаа. 

Шинжлэх ухааны академиудыг нийлүүлээд, зарим академийн байрыг нь булааж авсан. Зарим хүрээлэнгүүдийн газрыг нь булааж авсан. Эрдэмтдийн оюуны өмчийг үнэлэх асуудал, цалин хөлсний асуудлыг төр анхаарч үзэх хэрэгтэй. Эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлийг бодлого боловсруулагчид ашиглахгүй байгаа. Хэдхэн таньдаг эрдэмтдээ цуглуулаад баг бүрдүүлээд явдаг дээрээ анхаарах хэрэгтэй.

О.Баттөмөр:  Дэлхий хиймэл оюун ухаан, сансрын технологи, устөрөгч, цахилгаанаар ажилладаг машин, дижитал эдийн засаг ярьж байна. Монголд эдийн засгийн шинжлэх ухааны хүрээлэн гэж байдаггүй. Монгол улсад шинжлэх ухаан технологийн салбарын төсвийн 80 хувийг урсгал зардалд, 20 хувь нь л судалгаа шинжилгээндээ зарцуулагддаг. Дэлхийн улс оронд эсрэгээрээ хөрөнгө оруулалтын 80 хувь нь судалгаа шинжилгээнд, 20 хувь нь урсгал зардалд зарцуулагддаг.  21-р зууны гол өрсөлдөөн лабараторид болно гэж байхад Монголын хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмж нь 1970-80 онд үйлдвэрлэгдсэн, зарим нь ашиглах боломжгүй болчихсон байгаа. Монгол хөгжлийнхөө хоцрогдлыг шинжлэх ухаан дээр суурилж байж арилгана. Эрс шинэчлэл хийх шаардлага байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon