Улстөрийн хүсэл зориг хийгээд суу заль
Улстөр судлаачид хөгжиж буй манайх шиг орны хувьд улстөрийн манлайлал нь намын суурьтай төрийн тогтолцоо, сонгогчдын боловсрол төлөвшил, төрийн тогтолцоо, улс орны эдийн засгийн байдлыг хэмжигдхүүн болгон сонгож эдгээр нь хэр зэрэг инститүүцлэгдсэн эсэхээс хамаарч байна гэж үздэг. Монголыг ч ялгаагүй.
Ховдын баруун хязгаарын малчин Цахиагийн хүү төрийн бүхий л өндөр албан тушаалыг ардчилсан хувьсгалыг хийснийхээ шагналд ард түмнээсээ хүртсэн. Одоо Яармагийн дэнжийн бөх Баттулга төрийн тэргүүнд залрав. Яагаад харьцуулшгүй эрдэм номтой Түдэвийг биш, уул уурхайн яамны хурган дарга өөрийг нь тэжээж тэтгэсэн намаа нулимагч П. Очирбатыг сонгосон юм бол? Энэ бүхэн ард нийтийн нийгмийн ой санамж буюу өөртэй нь ижилсэх чанарыг удирдагчаасаа хайдагтай холбоотой.
Нөгөө талдаа энгийн иргэдийн хувьд сонгуулийн жүжиг, шүүхийн шийдвэр, алдаатай гэрээ хэлцэл өөрчлөлтийг өдөөгч хүчин зүйл болдоггүй нь үнэн. Манлайлагчид нийгмийн өөрчлөлтийг дэглэн тавьж, нийгмийн бүхий л түвшинд нөлөөлж чаддагт өөрчлөлтийн мөн чанар оршино. Гэлээ гээд бид “аугаа удирдагч”-ийг хайсаар. З. Энхболдын хэлсэнчлэн түүхэн өөрчлөлтийг “ хэн нэгэн Тэмүүжин Чингис гарч ирээд хийчихдэг эд биш” билээ.
Суу заль буюу харизм
Бидний сонгож ирсэн ерөнхийлөгчдийн манлайлагчийн хувьд нь “дүрдээ нийцсэн” болон “аргатай” гэж ангилж болно. Дүрдээ нийцсэн хэсэгт байгааг байгаагаар нь байлгах буюу ард түмний эв нэгдлийг хангагч дүрдээ сайтар тоглон гэнэ гэнэ гарч ирж, ухаантай үгээр ард түмнээ тайвшруулах үүрэг бүхий этгээд юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бол ард түмнээ хэрхэн хайрлаж хамгаалж буйгаа тогтмол нотлон харуулна гэсэн үг. “Аргатай” удирдагчид нийтлэг зорилгын төлөө ард иргэдээ урагш түлхэх үүрэгтэй байдаг.
Төрийн онолыг үндэслэгч Макс Вебер: Манлайлагч хүлээн зөвшөөрөгдөхөд уламжлал, суу заль, хууль ёсны-рациональ гурван загвар байна
гэж тодорхойлжээ. Уламжлал гэдэгт тухайн хүний өмнө туулсан замнал нь өнөө цагийн хууль зүй, төрт ёсонд хэрхэн нийцэж буйгаар нь хэмждэг (2000-д онд нийгэмд тархсан мөнгөтэй хүн мөнгө яаж зарахыг мэддэг тул УИХ-д гарвал биднийг сайхан амьдруулна гэх гэнэн сэтгэлгээ), суу заль гэдэг нь тухайн хүний зан араншин, хувь чадвараас хамаардаг (Чингис хаан аугаа, Монголд чанга гар хэрэгтэй гэх 2010-д оноос тархаж буй гансрал), хууль ёсны рациональ загвар ёсоор өгөгдсөн нөхцөлд тохирох аргыг сонгон зорилгодоо хүрэхийг (2005 оны үеэс өргөн тархсан чадаж байгаа юманд арга байхгүй гэх зорилго нь аргаа зөвтгөх үзэл) хэлдэг аж.
Дээрх тодорхойлолтоос харахад манлайлагчийн суу заль гэдэг нь аливаа үнэт зүйлийн хэм хэмжүүрээс ангид эд бололтой. Өөрөөр хэлбэл, нийгэм, харилцааны хэм хэмжүүрээс гэхээсээ илүү тухайн үед давамгайлах сэтгэлзүйн чиг хандлагаас ихээхэн хамаарах аж. Үүний дараа удирдагч хувь хүний онцгой чадварыг хүлээн зөвшөөрөхөд ард нийт бэлэн эсэхээс, хэлсэн ярьсандаа байж чадаж байгаагаагаар нь нийгэм, харилцааны хэм хэмжүүр нь тодорхойлогдоно. Чингис хааны суу заль нь хоорондоо өдөр шөнө, өглөө оройгүй алалцаж байсан олон овог аймгуудыг нэгтгэн энх тайван тогтоож чадсанаар илэрсэн учраас л тэр олон ханлиг, ванлигууд, багын анд Жамух нь хүртэл хүлээн зөвшөөрсөн юм.
Шавь бэлэн болоход багш өөрөө ирнэ. Будда
Бид юу хүсч байна вэ? Монгол хүний хүсэл нь юу вэ? Эдийн засаг 17% өсч “гайхамшиг” болж байсан үед МАН дундаж залуу хүний хүслийг тодорхойлохоор ажиллаад түүхэндээ анх удаа Бат хоёрыг гаргаж тавьсан юм. Гэвч тэнд 7 буудлын Должин гуай, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин Доржийн хүсэл зориг байгаагүй. Энэ нь агаарт (цэвэр агаартай хамаагүй) хөвөх төрөөс баталгаажуулсан нийтийн орон сууцанд уясан хөгжлийн бодлого байв. Монгол хүний мөрөөдлийн оргил нь 25 жилийн моргэйжийн зээлэнд барьцаалагдсан амьдрал гэж номлосон энэ бодлого өнөөдөр дампууран нэг талдаа хүн амын тал хувь нь утаандаа хордож үхэхдээ тулж, нөгөө талд нь товаарлаг чанар муутай малын тоо толгой өссөөр 60 саяд хүрэв. Аливаа зүйлийн зохист хэмжээ алдагдахаараа сүйрэл дагуулдаг нь байгалийн хууль.
Жирийн дундаж монгол хүн төр засагтаа сэтгэл дундуур, удирдагчдын рейтинг унасаар популист амлалт өгснийх нь дараа жаахан өсөөд тэгээд уруудаж гарна. Од болж гарч ирээд ад болж улстөрөөс зайлах нь бий. Урт хугацаанд улстөрд байхыг хүсвэл од ч болохгүй, ад ч болохгүй идэхэд нь идэж, уухад нь уучихаад хамгийн хорчин улстөрийн бүлэглэлийг даган урваж шарваад явахад лав энэ насандаа ажилтай, хоолтой аж
.
Эртний Хятадын гүн ухаантан Күнз дундаж түвшнээс дээш гарсан хүнтэй дээд түвшний тухай хэлэлцэж болно гэж сургасан байдаг.
Тэгэхээр ард иргэдийн гуравны нэг нь албан ёсоор ядуу, зорьж буй нийгмийнх нь үнэт зүйлс нь хулгай, дээрмээр бүтсэн, амь тавих дөхөж буй дундаж анги нь зээлийн хүүнд дөнгөлүүлсэн, болох болохгүйн хязгаарыг заах ёстой дээд үе нь өнөөгийн нийгмийн үнэт зүйлээс тэс өөр нам төвтэй коммунист хүмүүжилтэй байгаа Монголын нийгэмд энэ бүх хүсэл зоригийг нэгтгэн илэрхийлэгч манлайлагч ард түмэн юу хүсч буйгаа ойлгосон тэр цагт төрөн гарна.
Тэрнээс наана Баабар гуайн бичсэнчлэн ард түмэн гэх улстөрийн утгыг агуулах олонхын дэмжлэгийг авсан хүмүүс ээлжлэн дарга хийсээр байх болно.
Нүүр зургийг Баяр Балганцэрэн
Нээх сүртэй гоё гарчиг байхаар нь унших гээд ороод ирсэн чинь доторх нь юу ч алга. Дөнгөж эхлүүлж байгаад залхуу нь хүрээд оршлоо бичингүүтээ дуусгачихсан санагдав. Ер нь энэ trends.mn сүртэй сүртэй гарчиг тавьж хамгийн сүртэй аргаар бичих хүн байна уу гэж уралдаан зарласан юм шиг л нийтлэлүүд байх юмаа. Яг унших гэхээр агуулга их муутай, дан хурц үгээр тоглолт хийчихсэн байдаг, ихэнх нийтлэл нь