Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн тавьсан асуулт, саналыг хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.
1996 онд Төв банкны тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулинд Монгол банк засгийн газраас хараат бус байна гэж заасан ч Төв банкны бие даасан хараат бус байдлыг олон улсын индексээр тооцоход хараат бус байдал 0,5 буюу 50 хувьтай хангалтгүй гэдэг үзүүлэлт гарчээ
. Өмнөх жилүүдэд Мөнгөний алдаатай бодлого шийдвэр нь улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөө үзүүлж байна. бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлага нэвтрүүлэх, Монгол банкны засаглал бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын алдаа дутагдлыг сайжруулах дахин алдаа гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсний зэрэгцээ ОУВС-н тавьсан үндсэн нөхцөл, болзлыг хангах зайлшгүй шаардлага үүсээд байна.
УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, болзлыг хангах үүднээс эрх зүйн орчинг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, төв банкны бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлж, төв банкинд төдийлөн хамааралгүй төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах зорилгоор Монгол банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн 4 жилд төв банкны ерөнхийлөгч ямар их том эрх мэдэлтэй байдгийн жишээг үзүүлсэн. Энэ нь улсад гавьяа гэхээсээ гай болсон гэж би үздэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэхэд 4 их наяд төгрөг хэвлээд, арилжааны банкуудтай өрсөлдөн зээл олгоод, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн. Шатахуун, гурил, барилгын компаниудад жилийн 6 хувийн хүүтэй зээл олгосон. Хууль батлагдсанаар энэ алдаа дутагдал яаж засагдах вэ? Өмнөх жилүүдэд Монгол банк маш их мөнгө хэвлээд сайн оюутан, сайн хувьцаа, сайн хашаа гээд төсөвт маш их хэмжээний зээл өгсөн. Энэ хууль батлагдсанаар энэ байдал арилах уу?
Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкны хуулийг шинэчлэх шаардлага нь таны ярьсан жишээнүүдтэй бас холбоотой. Төв банкны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ОУВС-тай хамтарч боловсруулсан
. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол банк нь босоо удирдлагын бүтцээр явж ирсэн. Монгол банкны ерөнхийлөгч бүх шийдвэрийг гаргаж ирсэн. Шинэчлэгдэж байгаа хуулийн төслөөр хамтын удирдлагын тогтолцоонд шилжиж байгаа
. Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр мөнгөний бодлогын зөвлөл, удирдах зөвлөл буюу захирлуудын зөвлөл гэж байгуулагдана. Хянан шалгалтын зөвлөл байгуулагдаж байгаа. Дан нэг хүнээс хамааралтай шийдвэр гаргахгүй гэж бүтэц зохион байгуулалтаа өөрчилж байгаа. Монгол банк ипотекийн зээлээс бусад төсвийн шинжтэй үйл ажиллагаануудаа бүгдийг нь зогсоосон.
Ирэх жилээс ипотекийн зээлийг мөн засгийн газар руу шилжүүлнэ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Төв банкны хуулийг долоо хэмжиж нэг огтолж байж гаргах ёстой. Нэг өгүүлбэр л цаашдын эдийн засгийн хувь заяаг тодорхойлно. Зээлийн дээд хэмжээг тогтоосноос илүү хадгаламжийн дээд хэмжээг тогтоох хэрэгтэж гэж үзэж байна
. Хадгаламжийн дээд хэмжээг тогтоовол банкууд хадгаламжийн хүүгээр өрсөлдөөд байхгүй. Инфляци 6 хувьтай байгаа. Зээлийн дээд хэмжээг тогтоохоосоо өмнө хадгаламжийн дээд хэмжээг тогтоомоор байна. Хүмүүс баялгийн үйлдвэрлэлд мөнгөө оруулахгүй эрсдэлтэй гэж байна. Тиймээс хадгаламжинд мөнгөө хийчихээд хүүгээр нь хөлжөөд сууж байна. Эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд банкинд хадгалж байгаа мөнгийг бизнес рүү оруулах ёстой
. Хадгаламжийн хүүг бууруулах тал дээр төв банкны хууль ямар байна вэ?
Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг 1. Үнийн тогтвортой байдлыг хангах, 2. Санхүүгийн тогтортой байдлыг хангах хэмээн энэхүү төсөлд өөрчилсөн
. Онолын хувьд хүү бодитой байх ёстой гэдэг. Жилийн дундаж 13 хувьтай, инфляци 6 байгаа учраас бодит хүү нь 7 хувь байгаа юм. Хадгаламжийн хүүний дээд хязгаар тогтоох тухай асуудал бол зээлийн хүүнд хязгаар тогтоосноосоо өгөх үр дүн нь илүү
. Инфляцитайгаа уях ёстой. Инфляци тогтворгүй үед хадгаламжийн хүүний дээд хязгаарыг тогтоох нь эрсдэлтэй
. Төв банкны мөнгөний бодлогоор инфляци дунд болон урт хугацаанд тогтвортой, бага байвал бид хадгаламжийн хүүнд хязгаар тогтоох боломжтой болно. Монголд 14 арилжааны банкны чөлөөт өрсөлдөөн явагдаж байгаа гэдэг утгаараа хадгаламжийн хязгаар тогтооход өрсөлдөөн эвдэгдэх магадлалтай
.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монгол банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж байгаа нь зөв
байх. Нөгөө талдаа 4 зөвлөл байгуулж байгаа юм чинь орон тооны хувьд ямар өөрчлөлт орж, ямар зардал гарах вэ? Арилжааны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь зохимжгүй байх гэж бид бодож байгаа
. Гэхдээ цогц утгаар нь шийдье. Төсөв бол харьцангуй гайгүй батлагдсан. Монгол банкнаас бодлогын хүүгээ буулгах талын арга хэмжээ авч эхэл. Чиглэл чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр надад өгсөн сүүлийн мэдээллээр хадгаламжийн хүү 15 хувьтай байна. Хадгаламжийн хүү 15 хувьтай, жигнэсэн дундаж хүү 15 хувьтай байхад арилжааны зээлийн хүүг буулгах асуудал ярих нь хэцүү. Гадаадаас оруулж ирж байгаа бага хүүтэй, урт хугацааны зээлүүдэд татвар тавихгүй байх асуудлыг оруулж ирэх хэрэгтэй юм билээ. Тэр орж ирвэл хүү буурна.
Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын зөвлөл нь гол шийдвэрүүд гаргах зөвлөл. Энэ зөвлөлийг байгуулснаар бусад оронд байдаг төв банкны сайн жишгийг нэвтрүүлэх зорилготой. Мөнгөний бодлогын зөвлөл нь 7 гишүүнтэй. Монгол банкнаас 3 нь, үлдсэн 4 гишүүн нь УИХ-аас томилогдохоор хуулийн төсөлд оруулж ирсэн.
Энэ 7 гишүүн хамтдаа гол гол мөнгөний бодлогын шийдвэрийг гаргаж явна. Хянан шалгалтын зөвлөл нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс зөрчилдөөнтэй асуудал гаргахгүй байх тал дээр ажиллана. Хянан шалгалтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл хоёрын дунд макро эдийн засгийн бодлого гарч ирнэ. Энэ макро эдийн засгийн асуудлаар шинэ заалт орж ирж байгаа. Удирдах зөвлөл үйл ажиллагааны урт, дунд хугацааны стратегийг гаргаж байдаг. Энэхүү зөвлөл нь валютын нөөцийн сангийн удирдлагыг хангах үүрэгтэй.
Сэтгэгдэл бичих