Нийтлэл 11 сарын 29, 2017

Э.Лхагва: Монголд мэдээллийн аюулгүй байдал маш муу байдаг

Дэлхийн эрэн сурважлах сэтгүүлчдийн 10 дугаар чуулга уулзалт Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотод болж Дэлхий 130 орны 1200 орчим сэтгүүлч оролцож 150 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.

Энэ жилийн хувьд чуулганы онцлох үйл явдал нь “Парадайз пэйдэрс” буюу оффшор дансны эздийн тухай олон улсын сэтгүүлчдийн консорциум “Диваажингийн баримт” гэж нэрлэсэн мэдээллийг “Оффшорын мөрөөр эрэн сурвалжлах туршлага хуваалцах” салбар хэлэлцүүлгийн үеэр олон улсын сэтгүүлчдэд дэлгэжээ. Үүгээр нийт 25 мянган хуулийн этгээдийн оффшор данс эзэмшиж буй тухай  мэдээлэл нийтэд илчлэгдсэн байна.

Мөн хурлын үеэр Азийн сэтгүүлчид харилцан мэдээлэл солилцох, азийн сэтгүүлчид эрэн сурвалжлах бүтээлээ хараат бусаар нийтэлж нэвтрүүлэх цоо шинэ талбар болох Азийн мэдээллийн сүлжээний веб хуудас албан ёсоор нээлтээ хийсэн. Мөн  техник технологийн дэвшлийг ашиглах боломж тухайлбал “MOJO” буюу ухаалаг утас ашиглан сурвалжлага хийх шинэ аппликэйшнүүд, мэдээллээ нууцлан кодлох шинэ арга боломж, цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга хэрэгсэл зэргийг хурлын үеэр танилцуулсан.

Түүнчлэн чуулганы үеэр Дэлхийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн эздийг тодруулсан бөгөөд 67 орны сэтгүүчдийн 211 бүтээлээс Нигерийн “Premium Times” нэвтрүүлгийн баг болон Иракийн Beladi TV сувгийн сурвалжлага тэргүүлжээ. Нигерийн Premium Times нэвтрүүлгийн баг “Нигерийн Зүүн Өмнөд бүсэд хуулийг хэтрүүлэн хэрэглэж зохион байгуулсан алан хядлагын ард юу оршив”, “Нигерийн цөөнхийг дэмжигч болон Оништагийн олныг хамарсан аллагыг хэрхэн яаж зохион байгуулсан бэ? гэсэн Нигерийн үндэсний цөөнхийн эсрэг явуулсан алан хядлагын талаарх баримтыг дэлгэсэн цуврал бүтээл бэлтгэсэн байна. Харин Иракийн Beladi TV суваг өөрийн орны Боловсролын яамны авлигын тухай “Project 1” сурвалжлага бэлтгэжээ.

Ингээд тус чуулга уулзалтад Монгол улсыг төлөөлөн оролцсон төлөөлөгчдөөс чуулга уулзалтын тухай болоод Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд тулгамдаж буй асуудлыг тодруулсныг хүргэе.

М.Мөнхмандах: Эрэн сурвалжлах сэтгүүлзүй даяаршиж байна

“Эрэн сурвалжлах олон улсын байгууллагын сүлжээний гишүүн байгууллагаар манай Хэвлэлийн Хүрээлэн ажиллаад гурван жил болж байна. Энэ хугацаанд бид Монгол анх удаа “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын бага хурлыг Монгол телевиз, ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран зохион байгуулсан. Энэ нь Монголын эрэн сурвалжлах төвийг байгуулахад түлхэц болж байна. Мөн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд тулгамдаж байгаа нэгэн асуудал нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал. Монгол улс сэтгүүлзүйн салбараа дөрөвдэх засаглал гэж нэрлэгдэг хэдий ч сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрх чөлөө ямар нэгэн байдлаар зөрчигддөг. Ялангуяа  нийгэмд болж буй эмзэг асуудлыг хөнддөг эрэн сурвалжлах сэтгүүлзүйд баримт материалыг цуглуулах, хадгалах, мэдээллийн аюулгүй байдал маш муу байдаг тул сэтгүүлч ямар нэгэн дарамт шахалтад өртөхөөс гадна өөрсдийн амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг.  Энэ тохиолдолд тэднийг хамгаалах хууль зүй зохицуулалт хяналт шалгалт сул байдаг”.

Э.Лхагва: Монголд мэдээллийн аюулгүй байдал маш муу байдаг

“Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд баримт материал, эх сурвалжаа бусдад алдана гэдэг өөрөө болоод редакци, эх сурвалжаа аюулд орох нөхцөл байдал үүсдэг. Монгол улсын хувьд мэдээллийн нууцлал маш муу орны тоонд зүй ёсоор ордог. Азийн орнуудын мэдээллийн нууцлал түүнийг хадгалах тухай санал солилцож, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэргээр жагсаахад манай улс 104 дүгээр байранд  жагссан. Энэ нь баталгаагүй мэйл хаяг, фэйсбүүк, чат зэргээр бусдад мэдээллээ солилцдогтой холбоотой. Тэгэхээр манай эрэн сурвалжлах сэтгүүлзүйн мэдээллийн аюулгүй байдал, мэдээллээ нууцлах тал дээр хангалтгүй түвшинд байгааг харуулж байгаа юм”.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon