Нийтлэл 11 сарын 30, 2017

Ерөнхийлөгчөөрөө тоглуулсан он жилүүд хэзээ дуусах вэ?

Үе үеийн ерөнхийлөгчийн улс төржсөн алхмууд үргэлж амжилт дагуулж ирсэн. Энэ амжилтын буухиаг ерөнхийлөгч Х.Баттулга мөн л үргэлжлүүлж байна. Эрх мэдлийнхээ хүрээнд тэрээр хоёр ч удаа хориг тавьж, цаазын ял сэргээх санал хүргүүлээд байгаа бол өөрийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан “Оффшорын бүлэглэл” нэртэй нэвтрүүлэг хийж цацлаа.  Нэвтрүүлгийн гол дүр нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар болов. Ард түмэн оффшорчдын эсрэг нэвтрүүлгийг алга ташин хүлээж авав. Яг энэ нэвтрүүлгийг цацсан өдөр мөн л тус ТВ-ийн “Цензургүй яриа” хэмээх нэвтрүүлгээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярилцлагад оров.  Нэвтрүүлгийн сценари нь хууль зүйн сайд нь хуулиа мөрддөггүй гэсэн гол агуулгатай байсан учраас нийгмийн үзэл бодол Ц.Нямдорж сайн хүн үү? муу хүн  үү? гэсэн бай руу чиглэв.  Байгуулагдаад сар хүрээгүй байгаа нялх засгийн газрын хоёр ч сайдыг ийнхүү онцолсон нэвтрүүлгүүдийн улмаас ард иргэд дахиад л засгийн газраа үзэн ядах утас хөврөх  нь. 

Засгийн газарт итгэх ард түмний итгэл буурснаар хэн хамгийн их ашиг олж, хэн хамгийн их хохирол амсах вэ? 

Хамгийн их ашиг олох нь сөрөг хүчин. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн эрх мэдлийн хүрээнд олонх болсон Ардчилсан хүчний эвслээр олон даажигнасны шагналыг 2000 онд МАН 72 суудал авч, хүртэж явсан түүх бий. 7 дахь парламентад МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болох шагналыг гардахад гол нөлөө үзүүлсэн улс төрийн дүр нь мөн л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Гэхдээ энэ удаад эрх баригч хүчнээс сонгогдсон ерөнхийлөгч сөрөг хүчинд тус болжээ. Ардчилсан нам засаглаж чаддаггүй хэмээх хэлц үг гарах болсон шалтгаан нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсантай холбоотой. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад Ерөнхийлөгч ямар үүрэгтэй оролцсон бэ? Хууль хүчний байгууллагын удирдлагууд, шүүгчдийн томилгоо хийх эрх нь ерөнхийлөгчид байдаг. Н.Алтанхуягийг буулгахын тулд түүний эргэн тойрон дахь охин, хүргэн, найз, эгч, эхнэр гээд бүх хүмүүсийг нь АТГ-аас шалгаж, хорьсон.  Заримд нь шүүхийн шийдвэрээр ял ч оноосон. Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтуудаас дараагийн эрх барих улс төрийн хүчин хэн байх, засгийн газрын тогтвортой байх эсэх нь тодорхой хэмжээгээр хамаарч байгаа нь эндээс харагдаж байна. 

Хамгийн их хохирол амсах нь мэдээж ард түмэн. Эцэс төгсгөлгүй улс төржилт, эцэс төгсгөлгүй сандал суудлын төлөөх дайн зодооны төлөөсийг Монголын ард түмэн амьсгалах ёстой агаараараа, эдлэх ёстой аз жаргалаараа төлж байгаа. Монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу, хоёр хүн тутмын нэг нь дэлхий дээрх хамгийн хортой агаараар амьсгалдаг. Хохирч байгаа иргэд өөрсдийнхөө хохирлын буруутанг олж харахдаа засгийн газар, засгийн газрыг тэргүүлэгч, эсвэл ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэж байгаа хүн гэж хараад уджээ. Алтанхуягийг Сайханбилэгээр солиод бидний амьдрал дээрдсэнгүй, Элбэгдоржийг Баттулгаар, З.Энхболдыг М.Энхболдоор, АН-ыг МАН-аар солиод ч амьдрал дээрдсэнгүй. Дахиад хэнээр ч сольсон дээрдэхгүй. Болж байгаа улс төрийн гол дүрүүд л өөрчлөгдөөд байгаа боловч, улс төрийн үзэгдлүүд давтагдсаар л, Монгол урагшаа нэг хойшоо хоёр алхсаар л. Яагаад? Алтанхуяг, Сайханбилэг, Энхболд, Элбэгдорж, Баттулга асуудлын гол нь биш учраас тэр. 

Ерөнхийлөгч парламентад нөлөөлөх нөлөө, Засгийн газарт нөлөөлөх нөлөө их байгаагаас, Засгийн газар нь Засгийн газар шиг, Ерөнхий сайд нь ерөнхий сайд шиг ажиллах эрх мэдэл байхгүйгээс, Монгол улсын төр гурван толгойтой атгаалжин хар мангас шиг болчихсоноос үүдэлтэй. Нэг алдсан алдаагаа 20 жил давтаж, алдсаныхаа хариуцлагыг засгийн газартаа үүрүүлчихдэг чөтгөрийн тойргоосоо гарах цаг нэгэнт болжээ. Арслан, бар шиг ерөнхийлөгч, аймхай хулгана шиг ерөнхий сайдуудын эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх түүхэн алхмыг хийхгүй бол цаашдаа хэдэн жил ч өнгөрсөн энэ улс хөгжихгүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгч, парламентын зодоон дуусах уу? Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан улс төр хийх явдал багасах уу? Ерөнхий сайд эрх мэдлээ нэмэгдүүлж, ажлаа ерөнхийлөгчөөс, парламентаас хамааралгүй хийж чадах уу?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon