Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
Өчигдөр Брюссельд болсон ЕХ-ны сангийн сайдуудын хурлаас Монгол улсыг 17 орны тоонд оруулсан юм байна лээ. Энэ талаар Сангийн яаман дээр судалж үзсэн. 6-р сараас эхэлж энэ талаар харилцаж эхэлсэн юм билээ. Үүнтэй холбоотойгоор глобал форумд гишүүнчлэлээр элсэх асуудлаар ярилцаж байсан юм. Монгол улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн асуудал байгаа. Арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын холбооны улсууд авдаг байя гэдэг асуудал яригдаж байгаа
. Мөн гадаадын иргэдийн Монгол улсын аж ахуй нэгжид эзэмшиж байгаа мэдээллийг авдаг байя гэж яригдаж байна. Банк банктай нь шууд харилцаж авах биш манай татварын байгууллагаар дамжуулан мэдээлэл авдаг байх гэдэг зүйлүүдийг ярьж байгаа. Монгол улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцлүүд хийгдэж байсан юм байна гэж ойлгож байгаа. Бидний хувьд хийх ажлууд байгаа. Өнөөдөр энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар танилцуулах гэж байна. Холбогдох хуулиудыг ил тод болгохтой холбоотой, бусад орнуудтай татварын мэдээлэл солилцох өөрчлөлтүүдийг хийнэ.
Жагсаалтаас эргэж гарах боломж бий юу? Европын зах зээлд гарах эрхгүй болж байгаа гэж хардаж байна?
Одоохондоо санкцийн зүйл байхгүй байгаа. Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана. Энэ 17 оронтой холбогдуулаад ийм арга хэмжээ авна гэж хэлээгүй байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа одоохондоо хэвийн явна. Цаад талуудтай, холбогдох экспертүүдтэй 2019 оноос мэдээллийг шууд солилцдог болох ажлыг хийх талаар ярилцсан.
Нөгөө талд Монголд хөрөнгө оруулалт хийхээс татгалзах вий гэсэн болгоомжлол байна?
Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаатай тэмцэж байгаа. Монгол улс татвараас зайлсхийдэг хөрөнгө оруулалтаар хангаад өгчих юм бол харин улс орнуудаас олон төрлийн санкц, хориг ирэх магадлалтай. Орчин үеийнх нь банк санхүүгийн тогтолцоонд бий болгож байгаа олон улсын жишигтэй хөл нийлүүлж алхах ёстой. Холбогдох хууль тогтоомжоо үүнтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугатаасан мөнгө Монголд орж ирэх албагүй.
Оффшорын бүс нутаг болчихлоо гэж ойлгогдож байгаа?
Оффшор биш л дээ. Татварын мэдээллийн талаар хамтарч ажиллахгүй, ил тод байхгүй байгаа орнуудын нэг гэж үзэж байгаа хэрэг. Ил тод байхгүй байна гэдэг нь иргэдээ эсвэл аж ахуй нэгжүүдээ татвараас зугатаах боломжийг бий болгож өгч байна гэж харж байгаа хэрэг. Үүнийг л залруулах шаардлагатай.
Ерөнхийлөгчийн хоригийг хэр үндэслэлтэй гэж бодож байна?
Хоригийн хувьд нэлээд олон алдаа байна
. Нэгдүгээрт Улсын төсөв, нэгдсэн төсөв хоёроо хольсон. УИХ нэгдсэн төсөв баталдаггүй. Нэгдсэн төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн төсөв байдаг. Орон нутгийн төсвийг хуулиараа 12 сарын 5 наас өмнө аймгийн ИТХ-ууд, 12-р сарын 30-аас өмнө сумдын ИТХ-ууд батлах ёстой. Тэгж байж нэгдсэн төсөв гарна. УИХ-с Нэгдсэн төсвийг батлахдаа гэж том алдаа гаргасан байна лээ. 2018 оны батлагдсан төсвийн алдагдлыг 9,5 гэж худлаа тавьсан байна лээ
. Батлагдсан төсвийн алдагдал ДНБ-ний 8 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр 1.5 хувийн зөрүү гэдэг бол 450-500 тэрбум төгрөгийн алдаа. Ийм том алдаа гаргасан байна гэж үзэж байна. Дээр нь ОУВС-г буруутгасан байна лээ. ОУВС-тай хамтран Монгол улсын хуулийг зөрчиж 2016 оны төсөвт янз бүрийн арга хэмжээ хэрэгжүүлсэн гэдэг агуулгатай байсан гэтэл ОУВС-н хөтөлбөрийг 2017 оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Буруу мэдээллээр олон улсын байгууллагыг буруутгаж байгаатай хэзээ ч эвлэрч болохгүй гэж үзэж байгаа.
Гишүүдийн Тойрогт 3 тэрбум тавьсан гэсэн шүүмжлэл гараад байна.
Ний нуугүй хэлэхэд засгийн газар сургууль, цэцэрлэг олноор барих санаачилга гаргасан төсөв оруулсан байгаа. Хүүхдүүд нь 3 ээлжээр хичээллэж, эцэг эх нь хонон өнжин оочерлож, азын сугалаа сугалдаг байхад бид энэ ажлыг хийж л таарна. Тэрийгээ хийдгээрээ хийгээд цаашаа явахаас өөр аргагүй байгаа. Дээр нь Монгол улс сонгуулийн жижиг мажоритар тогтолцоотой. Гишүүд тойрог дээр ажилладаг. Тойрог дээр очиход олон янзын асуудал гардаг. Дээврээс ус гоождог, шал нь цөмөрсөн, хана нь нураад уначихсан сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага олон байдаг. Иймэрхүү төрлийн хөрөнгө оруулалтуудыг гишүүдийн нэрээр хаяглаж байгаа нь буруу хандлага. Яагаад гэвээл сонгуулийн мажоритар тогтолцоотой. Гишүүд нь асуудлыг УИХ дээр оруулж ирдэг.
Тансаг зардлаа хасаагүй байна гэдэг шүүмжлэл байна?
Хориг дотор тийм юм байхгүй. Хоригт байхгүй зүйлийг санаанаасаа зохиож ярих шаардлагагүй гэж үзэж байгаа. 2018 оны төсвийг хийхдээ төсвийн алдагдлыг ДНБ-ий 8 хувь болгож буулгасан. Хэмнэж болох хамгийн том зардал болох 2012-2016 онд тавьсан өрийн хүүгийн төлбөрийн зардлаас 150 тэрбум төгрөгөөр буулгаад оруулж ирсэн. Өндөр хүүтэй, арилжааны банкуудын эзэмшиж байгаа үнэт цаасуудыг эргүүлж худалдаж авч, хүүгээ буулгая гэдэг санаачилга Сангийн яамнаас гаргачихсан байгаа. Арилжааны банкууд дээр байгаа төслүүдийн дансыг төрийн сангийн нэгдсэн системд татаж авахаар ажиллаж байна.
Хуульчдын баг нь үнэхээр муу байна даа