"V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Хэнтий аймгийн Норовлин сумын Саальчин Л.Нина оролцсоныг тоймлон хүргэж байна.
Б.Болдбаатар: Та хэдэн онд төрсөн насаараа юу хийсэн ээж аав тань ямар хүн байсан гэдгээр яриагаа эхэлье.
Л.Нина: Би Хэнтий аймгийн Норовлин суманд 1948 онд төрсөн. Аав, ээж хоёр маань нэгдэлд мал маллаж байсан даа.
Б.Болдбаатар: Төрсөн цагаасаа хойш сум нэгдэлдээ ажиллав уу. 18 насандаа гэр бүл болсон гээд анхныхаа дурсамжуудаасаа ярилцъя.
Л.Нина: Хамтын хүч нэгдлийн саалчинаар ажиллаж байсан. Мөн хонь маллаж байсан.Энэ нэгдэлд байхдаа л хөгшинтэйгээ танилцан гэр бүл болсондоо.
Б.Болдбаатар: Танай ээж аав нэгдэл рүү хичнээн мал нийлүүлэв.
Л.Нина: 100-аад хонь 5 тэмээ 80-аад ямаа 20 гаруй үхэр нийлүүлж байсан. Ээж маань нэгдлийн саальчин хийж байсан. Аав маань нэгдлийн цөцгий тараг зөөж аж ахуй эрхэлдэг байсан.
Б.Болдбаатар: Та хэдэн жил үнээ саасан бэ?
Л.Нина: Нэгдэлд орсон цагаасаа үнээ сааж эхэлсэн. Нэгдэлдээ 32 жил ажиллаж саальчин хийсэн дээ.
Б.Болдбаатар: Нэгдлийн саальчин хичнээн төгрөгийн цалинтай байсан вэ?
Л.Нина: Хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг байсан. Жилийнхээ эцсээр 3000 авдаг байсан. Сар бүр 100, 200 гээд янз янз авдаг байсан. Мөн төлөвлөгөө нормоо амжилттай биелүүлээд шилдэг саальчин гэж авч байсан.
Б.Болдбаатар: Тэр үед гавшгайчийг яаж шалгаруулж байсан вэ?
Л.Нина: 5 жилийн төлөвлөгөө өгөөд тэр 5 жилдээ төлөвлөгөөгөө биелүүлсэн хүнд гавшгайчийг өгч байсан даа.
Б.Болдбаатар: 1990 онд нэгдэл тарахад хэдэн мал таслаж авав?
Л.Нина: Цэнхэр улаан хувьцаа мөн 100-аад хонь, 10-аад үхэр авсан.
Б.Болдбаатар: Социализмын үед та хэдэн үнээ сааж байсан вэ?
Л.Нина: Нэгдлийг үед 15 үнээ нэг хүнд оногддог байсан. 5,15-9,15 хүртэл нэг үнээнээс 750 л сүү авах нормтой байдаг байсан.
Б.Болдбаатар: Хөдөө амьдрал хэр байна?
Л.Нина: Хөдөлмөрлөж чадах юм бол сайхан амьдарч байна. Малаа маллаад сүү цагаан идээгээ боловсруулаад, зүгээр суухгүйгээр хөдөлмөрлөж л чадаж байвал үнэхээр сайхан амьдарч байна.
Б.Болдбаатар: Ардчилал гарснаас хойш амьдрал дордлоо гэж ярьдаг. Заримдаа хөдөөнийхөн үүнийг мэдрээгүй юм шиг санагддаг.
Л.Нина: Дордоогүй дордоогүй. Мал маллаад сааль сүүгээ бэлдээд хөдөлмөрлөж чадаж байвал амьдрал сайхан ш дээ. Ногоогоо тариалана гээд болоод л байдаг шүү дээ.
Б.Болдбаатар: Ардчилсан нийгэм сайхан санагдаж байна уу? 70 80-аад оны нэгдэлжсэн социалист нийгэм сайхан санагдаж байна уу?
Л.Нина: Аль аль нь сайхан. Нэгдлийн үед бол хамаагүй төв суурин газар явахгүй, эмчилгээ хийлгэх өвдсөн үедээ л явдаг байсан. Мал маллах хүн нь ховор. Одоо бол дуртай цагтаа явж байна.
Б.Болдбаатар: Та хүүхдүүддээ юу гэж захидаг вэ?
Л.Нина: Би энэ олон сайхан залуусдаа бүгдээрээ эрүүл энх сайн сайхан байгаасай. Архи дарснаас хол, ажил хөдөлмөртэй үнэнч шударга байгаасай л гэж хэлнэ дээ.
Сэтгэгдэл бичих