Иргэний нийгмийн байгууллагуудын санаачлагаар Авилгын эсрэг парламентын бүлэг (МОНПАК)-тэй хамтран "ШИЛЭН НАМ" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр 13 цагт Төрийн ордны Б танхимд зохиогдоно. Авлигын эсрэг түншлэл нь иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намын нэр хүндтэй гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамтын санаачилга билээ.
Авлигын эсрэг түншлэлийг үүсгэн байгуулагчид:
- Захиргааны Шинэ Санаачилга (ЗаС)
- Хүртээмжтэй Хөгжил Хүрээлэн (ХХХ)
- Хууль судлал ба Хөгжил Төв (ХСХТ)
- Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан (ЛЭОС)
- Улс төрийн боловсролын академи (УТБА)
- Иргэний шийдэл ТББ
Уг түншлэлийн зорилго нь төр, улс төрийн хүрээний авлигыг бууруулахад улс төрийн намуудын манлайллыг хөхиүлэн дэмжих, улс төрд шударга ёсыг тогтоох замаар тогтвортой сайн засаглал, авлигаас ангид нийгмийг хөгжүүлэх аж.
Авлигын эсрэг түншлэлд нэгдсэн талууд Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай, Сонгуулийн тухай болон бусад холбогдох хуулиудад улс төрийн нам, улс төрийн сонгууль, төрийн албыг авлигаас ангид байлгах эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө санаа зорилго нэгдэн ажиллах бөгөөд намууд Авлигын эсрэг түншлэлд нэгдсэнээр нийгмийн эгэх хариуцлагатай улс төрийн хүчин болж төлөвших, улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.
Авлигын эсрэг түншлэлд нэгдсэн талууд дараах чиглэлээр үүрэг хүлээж хамтран ажиллана. Үүнд:
Авлигын эсрэг Парламентын бүлэг (МОНПАК)
Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай, Сонгуулийн тухай болон бусад холбогдох хуулиудад улс төрийн нам, улс төрийн сонгууль, төрийн албыг авлигаас ангид байлгах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход манлайлан ажиллаж, хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барих ажлуудыг зохион байгуулна. Чингэхдээ эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, сонирхлын бүлгүүдийн өргөн оролцоог хангаж, үндэсний хэмжээний зөвшилцлийг бүрдүүлж ажиллана.
Улс төрийн намууд
УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намууд “Авлигыг тэглэх” зарчим баримталж, ил тод санхүүжилттэй, шударга, хариуцлагатай улс төрийн хүчин байх зорилгыг эрхэмлэн “Авлигын эсрэг түншлэл”-д нэгдэж, дотооддоо авлига, хээль хахуулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана. Үүнд:
1. Намын дүрэм, түүнд нийцсэн журмууд, сонгууль, дотоод үйл ажиллагаандаа авлигад өртөж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийнэ.
2. Гишүүд, дэмжигчдийнхээ оролцоотой авлигын эсрэг зорилтуудаа тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлагын иж бүрэн тогтолцоотой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
3. Намын хараат бус хяналтын тогтолцоог бэхжүүлж, ёс зүйн журмыг шинэчлэн, сонгогдох, томилогдох гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ байгуулж ажиллана.
Улс төрийн намууд нь улс төрийн намын тухай хууль ба санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэлэлцүүлгийг гишүүдийнхээ өргөн оролцоотой зохион байгуулах, бодлогын санал, хувилбаруудыг дэвшүүлэх, УИХ-ын бодлогын ажлын хэсгүүдтэй хамтран ажиллана.
Олон Улсын байгууллагуудын Монгол дахь салбар
(Транспэрэнси Интернэшнл Монгол ОУБ)
Улс төрийн хүрээний авлигыг бууруулахад чиглэсэн талуудын хамтын үйл ажиллагааг дэмжин арга зүйн ба техникийн туслалцаа үзүүлэн ажиллана. Түншлэлд нэгдсэн талуудыг олон улсын тэргүүн туршлага, санал санаачилгатай холбож өгөх нөгөө талаар Монгол Улсын сайн туршлагуудыг олон улсад сурталчлахад дэмжлэг үзүүлнэ.
Улс төрийн намын дотоод ардчилал, авлигын эрсдэлийг үнэлэх индекс боловсруулахад дэмжлэг үзүүлэх ба хараат бус судалгааны байгууллагуудаар үнэлгээг хийлгэх.
Иргэний нийгмийн байгууллагууд
Улс төрийн намуудын авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг хөтөлбөр боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, загвар хөтөлбөр, гарын авлага, үнэлэгээний арга, аргачлал боловсруулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллана. Сонгуулийн ба улс төрийн намын санхүүжилтэд мониторинг хийж, хөндлөнгийн хяналт тавина.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Авлигын эсрэг түншлэлийн үйл ажиллагааны хэрэгжилт ба үр дүн, улс төрийн намуудын дотоод ардчилал ба авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг олон нийтэд мэдээлж байх, авлигын асуудлаар олон нийтийн хүсэл зоригийг шийдвэр гаргагчдад хүргэхэд хамтран ажиллана.
Шилэн нам авлигын эсрэг түншлэлийн зарчим
Түншлэлийн хүрээнд дараах зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:
- Түншлэлийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, эрхзүйн үзэл санааны зарчимд нийцсэн байна.
- Үндэсний эв нэгдлийг хангаж, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэн түншлэлд нэгдсэн талуудын оролцоог бүрэн хангаж ажиллана.
- Шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэдээллийн эх үүсвэрт тулгуурласан арга зүйг удирдлага болгоно.
- Улс төрийн намын шинэчлэлийн цөм нь тэдний гишүүд гэдгийг хүлээн зөвшөөрч, гишүүд тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудыг чадваржуулна.
- Намуудын үзэл баримтлалын ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрч, тэдний дотоод асуудалд үл оролцон гагцхүү авлигын эсрэг зарчимд нэгдэн, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба эрх зүйн орчныг шинэчлэх үзэл баримтлалаараа хамтран ажиллана.
МууМуу