1990 оны уриа лоозонгууд, тавьж байсан зорилтуудыг өнөө санадаг хүн бий болов уу?
Түүхэн зурагт,
- "Хүнд суртлын аппаратыг устгая"
- "Ашигт малтмал, байгал ээж маань сүйдэж байна"
- "Зээлийн социализмын халъя" гэх мэт уриа тодоос тод харагдаж байна. Гэтэл өнөөдөр 27 жилийн дараа энэхүү тавьж байсан зорилгодоо хүрсэн үү?
1990 онд
"Ашигт малтмал, байгаль ээж маань сүйдэж байна":
Өнөөдөр
За юу болж буйг тайлбарлах хэрэггүй биз дээ. 1990 оны үеийн байгаль орчны байдал, өнөөдрийн байгаль орчны сүйрэлтэй харьцуулах боломжгүй. Ашигт малтмалын халуурал бидний ухааныг таглачихсан.
1990 онд
"Нам бол төр биш. Намжсан төрөөс салъя". Тухайн үед Монголын төр бол МАХН байсан. МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн бүхий л асуудлуудыг шийддэг байв. Захын суманд хүртэл...
Өнөөдөр
Үзэл сурталжсан намаас хамааралтай төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Чонын амнаас гараад барын аманд орох лугаа адил.
1990 онд
"Зээлийн социализмыг халъя". ЗХУ-д бид 11 тэрбум шилжих рүблийн өр тавиад түүгээрээ хэд хэдэн хороолол, арав орчим үйлдвэр, хэдэн зуун сум, САА, газар тариаланд хөрөнгө оруулалт хийж, бүтээн босгож байсан бол
Өнөөдөр
Гаднаас их хэмжээний зээл аваад талыг нь томчуул хуваагаад хүртчихдэг болчихсон. Тэр үеийнхтэй харьцуулахад хоёр дахин их, ЭЗ-ийн хүчин чадлаас маань хэт давсан хорь гаруй тэрбум ам.долларын өр зээлтэй болсон.
1990 онд
"Хүнд суртлын аппаратыг устгая". 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв.
Өнөөдөр
Тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихаж ээ. Өнөө хүнд суртал ямар яршиг төвөгтэй байгааг тоочилтгүй, бүгдээр мэднэ.
1990 онд
"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө". Нэг намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлсэн, өөр бусад үзэл бодлыг хавчин хяхсан хэвлэл мэдээллийн орчинг шүүмжилж, олон ургалч үзэл чөлөөтэй өрсөлдөж байдаг хэвлэлийн эрх, эрх чөлөөг хүссэн билээ.
Өнөөдөр
Монголын хэвлэл мэдээлэл нэн тодорхой эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг болсон. Хэвлэл мэдээлэл нь бүлэглэлүүдийн хоорондын өрсөлдөөний талбар болж хувирснаар нийгэмд бодитой, голчтой мэдээлэл хүрэх боломж хомсдож, энэ нь нийгмийн талцлыг улам бүр дэвэргэх болсон билээ. Нийгмээ үнэн бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн үндсэн үүргүүд хөсөр хаягдсан.
1990 онд
"Хуулиа хэрэгжүүлдэг болъё. Шударга ёсыг шаардаж байна"
Өнөөдөр
Тэр цагийн шударга ёсны алдагдлийг өнөөдрийнхтэй харьцуулахад тэмээ ямаа хоёрын зөрүүнээс хол гараад явчихсан. Тэгээд бүр шударга ёс байдагт эргэлзэж итгэхээ ч байх сэтгэл зүй нийгэмд анзаарагдах болсон
. Шүүх засаглал захиалгаар үйлчилдэг болов. Хууль алагчилж үйлчилдэг, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэйд нь нэг нүүрээр, эгэл ардад огт өөр нүүрээр үйлчилдэг.
1990 онд
"Авилгалаас ангижръя, авилгалчдыг цээрлүүлье". Тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв.
Өнөөдөр
Авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн яамны сайдыг өгдөг болсон. Авилгын индексээрээ бид дэлхийн улс орнуудыг хойноосоо манлайлдаг. Авилгад өгөхгүй л бол улсын эмнэлэгт зүй жамынхаа үйлчилгээг ч авч чадахгүй болсон. Энэ мэтээс болж хичнээн эх төрж чадахгүй эндэж, хичнээн хүүхэд хайхрамжгүйгээс болж тахир дутуу болж буйг тоолоорой.
1990 онд
"Үзэл бодлоосоо болж хэлмэгддэгийг зогсооё". Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд тохиолдлууд байсан. Гэхдээ хавтгай биш,
Өнөөдөр
Нэг нам засгийн эрхэнд гарангуут сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроголон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон. Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан
. Өөр үзэл бодолтой нэгнийгээ зүгээр л хамгийн бүдүүлгээр газрын гаваар ортол нь харааж зүхдэг, ална хядна гэдэг болсон. Худлаа гэвэл харж л байгаарай. Одоохон энэ постын ард ална хядна гээд ороод ирнэ.
1990 онд
"Тусгай хангамжийг устгая": Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг, тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв.
Өнөөдөр
Дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж, Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов.
Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон.
Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт нь эгнэн, цэргийн казармид байгаагаас ч дор нөхцөлд шахцалдан эмчлүүлсэн нэртэй ядаргаа, стрессийн туйлд орж байхад дарга нар Тайландын нэг удаагийн үзлэг нь хагас саяын үнэтэй эмнэлгийн хаалгаар хэдэн талаасаа дэмнүүлэн ярвайсхийн орж явах.
Төрөөс жил бүр багагүй хэмжээний зардлыг монголын залуусыг гадаадад их дээд сургуульд сургахаар гаргадаг ч тэр зардал ихэвчлэндээ дарга нар, баячуудын хүүхдүүдэд ногдож, тэдгээр эрхийн тэнэгүүд тэнд очоод сурсан ч юмгүй зугаалж наргиж явдаг, төрд буцаагаад төлсөн ч юмгүй гол гаргах нь олон болж... (Сайн суралцсан, үр бүтээлтэй ажил хөдөлмөр хийж яваа залуус бий ч тэд цөөнх юм шүү
.)
1990 онд
"Бидний тусгаар тогтнол баталгаагүй байна": “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” улс төрийн болоод эдийн засгийн хараат байдлаас ангижрахын төлөө жагссан, тэмцсэн. Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, монголын улс төр бараг бүрэн хараат байв.
Өнөөдөр
Монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпорациудаас шууд хараат байдалтай болсон байна. Тэд их мөнгөөр монголын эрх мэдлийг атгаж буй улс төрчдийг, улс төрийн намыг худалдан авч, өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо.
Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт орсон ба тэдгээр хувьд гарсан газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаа хэрэг юм.
Мөн манай эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс шууд хамааралтай болж хувирсан. С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч олон улс төрчид мөн л учир битүүлэг байдлаар хорвоогоос хальсаар байна.
Тусгаар тогтнолын нэгэн нэн чухал баталгаа болдог үндэсний эв нэгдэл өнөөдөр тун эргэлзээтэй болов. Үзэл санаа, концепцийн өрсөлдөөн бус аль нэг намыг мухар сохроор дагасан утга учиргүй хийрхэл ард түмнийг хоёр талцуулж, насаараа нэг жалганд амар жимэр хаяа хатган суусан хоёр хөгшнийг хүртэл нэг нэгнийхээ босгыг алхуулахгүй болтол нь талцуулж байна
.
Нийгмийн дотор баян ядуугийн ялгарал хол зөрөөтэй болж, баячууд нь ядуусыгаа арчаагүй, залхуу, боловсролгүй хэмээн ад үзэн шоовдорлох, ядуучууд нь баячуудыгаа шунахай, луйварчин, дээрэмчин гэж үзэн ядах сэтгэл зүй хэдийнэ бүрэлдэж бий болсон байна.Үлгэрлэвэл бидний тусгаар тогтнол нэг чонын өмнө байсан бол одоо олон чонын өмнө оччихсонтой адил болжээ
. Энэ байдлыг анзаарсан Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл тун удалгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ.
1990 онд
"Үзэл суртлын дарангуйллаас салъя". Хэт туйлширсан нэг үзэл суртлын дөнгөнөөс ч салж чадсан билээ.
Өнөөдөр
Бид олон ургалч үзэл бүү хэл бүр ямар ч үзэлгүй болж хоцров. Ядахдаа улс үндэстнийхээ хөгжлийн үзэл санаа, баримтлал ч үгүй болсон. Үзэл санаагүй нийгэм аяндаа өөрөө үжирч ганддаг юм. Бид наанаа өндөр өндөр байшин сүндэрлүүлж, өнгөлөг сайхан машинаар давхилдавч цаанаа ямар ч хөгжлийн тойм, итгэл, чиглэлгүй болчихжээ. Ер ямар нэгэн үзэл санаагүй байна гэдэг хамгийн хүчирхэг үзэл санааны нөлөөн дор буйг илтгэдэг.
1990 онд
"Гадаадын мөлжлөгийг таслан зогсооё": ЗХУ болон бусад орнуудтай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг (энд зориуд “зарим” гэж орууллаа. Гэрээ бүхэн эрх тэгш бус байгаагүй, манайд ашигтай гэрээ их олон байсан билээ) эсэргүүцэж жагссан. Монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байсныг шүүмжилсэн.
Өнөөдөр
Оюутолгой, Тавантолгойд юу болж байна вэ?. Манай түүхий эд, ялангуяа ХАА-н бүтээгдхүүнүүд маань /ноолуураас бусад/ ямар ч үнэгүй болсон. Хонины нэхий хуучин цагт 7 төгрөг буюу 7 кг гурилын үнэтэй байв. Одоо 100 грамм ч гурилын үнэгүй болсон. Гаднын эзэнтэй, хувь нийлүүлэгчтэй Банкуудын шулаа ил цагаан болсон.
1990 онд
"Ил тод нээлттэй байя": Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ил тод ярьж, элдэв гэрээ хэлцэл, өр зээл, аливаа шийдвэрээ ард түмэндээ илт тод болгохын төлөө жагссан, тэмцсэн.
Өнөөдөр
Гадаадын томоохон компаниудаас санхүүждэг нам дамжсан бүлэглэлүүдийн хуйвалдаан далдын далд өрнөж, тэр хуйвалдаанаар ард түмний хувь заяа шийдэгддэг болсон.
Наанаа бүх юм ил тод, шилэн данстай мэт боловч, ил тод мэт байлгаж ард түмнийг хуурах авч цаанаа бүх булхай, хэлцэл, яриа хамгийн чинад нууцаар хийгддэг. Гагцхүү бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийн үрээр л тэдгээрийн зарим нь илэрдэг болсон. Амьд гэрчтэй, эд мөрийн баримттай С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг маш хачирхалтай байдалтай хаагдах шахаж байна.
1990 онд
"Үзэл бодлын чөлөөт байдлын төлөө". Тэр цагт үзэл бодлын маргаан нь зөвхөн нэг намын үзэл суртлын хашаан дотор л байж болдог, тэр хашаанаас нь гадуур өнгийж харах, соц үзэл сурталд эргэлзэх боломжгүй байсан.
Өнөөдөр
Бид соц үзэл суртлын хэвшмэл хашааг эвдэж, нурааж чадсан ч чухам буцаагаад ямар нэгэн үзэл санааны ул мөр, учирзүйн уг шалтгаан байхгүй, ардчилал гэдэг нэг сайхан эрх дураараа орилж болдог, гэхдээ бусдын орилохыг сонсож болдоггүй, тэвчиж ч болдоггүй, тийм харанхуй муйхар, үл тэвчих хашаа хэрмийг барьж орхижээ.
1990 онд
"Үг хэлэх эрх чөлөөтэй болцгооё" гэсэн.
Өнөөдөр
Ямар нэгэн хариуцлага, оюуны болоод ёс зүйн хүрээ хязгаараас ангидаар дураараа чалчиж болдог л эрх чөлөө бий. Бид түүндээ цадчихаад сайхан буй мэт ч үнэн хэрэг дээрээ үзэл бодлоо хуваалцаж, нэгнээ сонсож, дундаас нь үнэнийг эрж хайх ямар ч чадамжгүй болж хувирсан.
1990 онд
"Эрх чөлөөтэй болцгооё":
Өнөөдөр
Бид бусдыг үгүйсгэж, зөвхөн өөрийнхөө төлөө оршдог тун хачирхалтай эрх чөлөөтэй болсон. Ингэхэд үүрэг хариуцлагаас ангид ямар ч эрх чөлөө байх боломжгүй юм
.
Чөлөөт өрсөлдөөн нэртэй ч “Өрсөж булаа” гэсэн далд уриа, зарчимтай увиагүй өрсөлдөөний бид зүгээр л бие биесээ сонсдоггүй, хүлээн зөвшөөрдөггүй, тэр бүү хэл бие биедээ өширхсөн мэт тийм харилцан түлхэлцсэн сөрөг цэнэгтэй атомууд болж хувирсан
Эрх чөлөөгөө эдэлсний үр дүнд сая орчим үр хэвлийдээ хөндүүлсэн. Утаандаа хахаж цацан амьдрах эрх чөлөө л байна.
1990 онд
"Ард түмний амьдрал ядуу байна"
Өнөөдөр
Манай нийгэм хачин эмгэг бүтэцтэй болсон. Тун цөөхөн баянчууд, үнэмлэхүй олонхи нь амь амьдралаа чадан ядан торгоож яваа, тэдний тал нь бүр ядуурлын ангалд байгаа, дундаж давхрагагүй шахам бүтэц байна. Ядуурлын гай гамшгийг тоочиж баршгүй.
За нөхдүүд минь ээ, 1990 онд тавьж байсан зорилтуудын маань хэд нь биелээд хэд нь биелсэнгүй вэ? Биелсэнгүйгээр барахгүй бүр эсрэгээрээ эргэсэн нь хэд вэ?
Ажлаа, алдаа оноогоо эхлээд ярилцсан нь дээр байх шүү. Ажлаа гүйцээж хийчихээд дараа нь гавьяагаа нэхвэл яасан юм бэ?
1990 оны нэг зурган дээр "Цэдэнбалын хамсаатнууд үгээ хэл?" гэсэн байна. Нөхөр Ардчилагчид маань үгээ хэлбэл яасан юм бэ? 27 жил гэдэг бага хугацаа биш шүү.
Жич, Би ч бас 1990 оны үйл хэргийг хэр чинээгээрээ дэмжиж явсан. Ерэн оны гурван сарын 9-нд бид долуулаа сумын холбооны байрны цонхыг 180-ын одьяалаар таглачихаад, лаа барьж, саналаа солилцоод, МоАХ-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бичиг бичиж, гарын үсгээ зураад илгээж байлаа. Миний мэтийн ийм зуу зуун мянган хүний санал, эрмэлзэлийн үр дүнд 90 оны үйл явдал өрнөсөн юм шүү. Хэдхэн хүний өмч ч биш. Тэгэхэд тавьж байсан зорилтуудыг дэмжиж явсныхаа төлөө би өнөөдөр үр дүнг нэхэх эрхтэй юм.
Аргагүй бодоод бичих юм. Ийм залуус олширвол зүгээрсэн Зарим нь хоосон хонгио оргиод худал хэлбэрдэн ярьж өөрийгөө хөгжүүлэхгүй хий цохиогоор явдаг мөртлөө нэгл их зан Ийм сэтгэлгээтэй байвал сайнсан баярлалаа танд
Хойд Солонгосыг хурдаа авсан галт тэрэгтэй зүйрлэсэн байдаг, эвгүйтэх л юм бол замаасаа гараад тэр чигтээ сүйрэх учир хурдаа аваад л давхиад байхаас өөр аргагүй гэж. Манай ардчилал ч гэсэн юу дутахав галзуу хурдалж байна даа ......
ОДОО ЭЛБЭГДОРЖИЙН ХАМСААТНУУДАД ХЭЛ АНХ АРДЧИЛАЛ ГЭЖ ХАШГИРЧ БАЙСАН БҮХНЭЭСЭЭ ТА НАР УХАРСАН ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ТУСГАЙ ХАНГАЛТТАЙ ӨНДӨР ЦАЛИНТАЙ УЛСЫГ ЛУЙВАРДАН БАЯЖСАН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧТЭЙ ХАХУУЛААР ЦАДСАН ШҮҮХ ЦАГДАА АТГ ТТГ-ТАЙ БОЛСОН ТӨРИЙН ӨМЧИЙГ ЛУЙВАРДАГЧИД ТӨРИЙН СУУДЛЫГ НАЙМААЛАГЧИД ТЭГЭЭД ЗАРИМ НЬ БААТАР ГАВЬЯАТ ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛЖ ХӨРӨНГӨ ЦУГЛУУЛААД ЦАДДАГГҮЙ БАЯЧУУД БОЛЖЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИЙМ АРДЧИЛАЛЫГ ХҮСЭЭГҮЙ ТА НАР БОЛ АРДЧИЛАЛААР ХАЛХАВЧ ХИЙСЭН ТӨРИЙН ЛУЙВАРЧИД БАЙЛАА.
Goltoi bodpgduulahaar um bichij.