Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуучууддаа хандаж хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэе.
Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм.
Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй.
Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн.
Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн
.
Монгол залуучуудын талаар
Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна.
2016 оны “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ээс харахад залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.
Бидний улсын ирээдүй эрүүл саруул байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ.
Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна.
2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна
.
Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.
Залуучуудыг дэмжих хүрээнд
Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг, дүүрэгт бий болголоо.
“Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан бага багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ.
Оюутан залуус маань сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ
.
УИХ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ.
Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай Засгийн газар бүхнээ дайчлан ажиллах болно.
Монголын залуучууд Та бүхэн төрөөс баримталж буй таатай бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой.
Zail