Хорвоогийн хамгийн сайхан үг бол ээж. Тэр бүү хэл энэ үг гайхамшигт ид шидтэй мэт заримдаа санагддаг. Та бүхэн урьд хэзээ нэгэн цагт ийм нэгэн домог яриа сонсож байсан биз.
“Аргал өрдөж суусан эх гэнэт галын шилээврээ далайж “- Жав, яадаг гуринх вэ” гэж уулга алдчихаад, би чинь юу болох нь энэ вэ, ухаан мэдрэл минь зүгээр л байдаг байгаа даа” гэж гайхсан гэдэг. Гэтэл яг тэр агшинд алсад яваа охин луу нь нохой дайрсан юм санж. Охин сандрахдаа “Ээж ээ” гэж хашхиртал хаанаас ч юм тасхийх чимээ гарч нохой сарьсан хоншоор луугаа цохиулсан мэт гаслан одсон гэдэг”.
Үнэхээр л ээж хүний зөн билэг үнэн байж, эх үр хоёр үргэлж хүйн холбоотой байдаг. Үхтэл үр харам гэж. Өөрөө өвдсөн байсан ч байгаа бүхнээ үрдээ зориулж, үрийнхээ төлөө сэтгэлээ чилээж суудаг эхийн ариун сэтгэлийн магтан дуулаад барагдахгүй биз ээ. Бидний хүүхдүүдээ зөв хүмүүжил эерэг хандлагыг төлөвшүүлдэг ээжүүдийн туршлагаас хүргэдэг “Би сайн ээж” булангийн маань дараагийн зочноор хувиараа бизнес эрхлэгч Ч.Байгаль оролцож ээж байх эрдэм мэдлэгийнхээ нэгээхэн хэсгээс хуваалцсаныг хүргэж байна.
Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Намайг Чимэгийн Байгаль гэдэг. Олон ах эгчтэй 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд нь. Би Говь-Алтай аймгийн жаргалан суманд төрж өссөн малчин айлын хүүхэд. Аав ээж маань маш хөдөлмөрч, ажил хичээнгүй, нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс. Аав маань намайг жаахан байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Харин ээж минь 86 настай буурай одоо эрүүл саруул сайхан аж төрж байна. Би бага байхдаа их томоотой, сурлага сайтай уран зохиолын ном их уншдаг хүүхэд байсан юм. Ер нь уран зохиол гэдэг хүнийг их сайхан төлөвшүүлж амьдралын замыг чиглүүлэх нэгэн хүчин зүйл болдог. Миний өдий хүртэл бие хүн болон төлөвшихөд уран зохиол их нөлөөлсөн. Би нөхөртэйгөө арван жилийн сургуулиа төгсөөд л сууж 3 хөөрхөн охин төрүүлж өсгөсөн. Том охин маань барилгын инженер мэргэжил эзэмшсэн бага охид маань МУБИС-д суралцаж байна.
Уран зохиол уншдаг хүмүүс өөрсдөө маш гоё философи сэтгэлгээтэй болдог. Тэр хэрээр өөрсдөө шүлэг яруу найраг бичдэг байх?
Тийм шүү. Би сурагч байхаасаа л уран зохиолын ном уншдаг, шүлэг бичдэг концерт хөтөлдөг хүүхэд байсан. Сэдвээ нүдээ аниад жаахан бодоход л цаанаасаа үг ургаад л ороод ирдэг. Тэгээд цаасан дээр бичиж байгаад эвлүүлнэ.
Энэ авьяасыг тань хүүхдүүдээс чинь өвлөсөн үү?
Манай охид их сэргэлэн. Юм сурах, ойлгох чадвар их сайн тул бүгд л хөөрхөн бичиж найруулна. Харин том охин маань арай илүү. Өөрөө ч түүндээ сонирхолтой. Бичсэн шүлгүүд нь их хөөрхөн гүн утга санаа агуулсан, уянгалаг шүлгүүд бичсэн байдаг юм. Тэгэхээр том охин маань л өвлөсөн юм уу даа.
Таны хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил тань юу вэ?
Би гурван хөөрхөн охинтой. Гэхдээ надаас төрөөгүй ч чин сэтгэлээсээ хайрладаг, хамгаалдаг дахиад гурван хүүхэд надад бий. Тэгэхээр би 5 охин нэг хүүтэй гэж хүмүүс бахархаж ярих дуртай. Нөхрийн маань эгч залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж гурван хүүхэд нь бидний гар дээр үлдсэн юм. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Ялангуяа эгчийнхээ гурван хүүхдийг гомдоочих вий гэж зөөлөн ханддаг ч хатуурхах үедээ бас хатуурхана. Ер нь тэгээд миний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил гэвэл Монгол хүн арга билгийг хослуулан амьдардаг шиг хатуу зөөлнийг л хослуулдаг даа. Аль болох өөрийнх нь хүсэл сонирхлыг сонсож алсаас зөвлөж, аргадахдаа аргадаж, загнахдаа загнаж л өсгөсөн. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг учир яг л тэнцүүлдэг. Мөн хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагддаг учир өөрийнхөө зан харилцаа, биеэ авч явах байдал зэрэгт ихээхэн анхаардаг.
Таны хүүхдүүддээ захиж хэлдэг үг тань?
Хүн ер нь өмсөж зүүхээсээ илүү өөрсдийнхөө толгойг байнга цэнэглэж нэг ч гэсэн шинэ мэдээлэл сонсож шинэ соргог, гоё сайхан зүйлийг эрэлхийлж байх хэрэгтэй. Эрт боссон хүн нэгийг дуулна гэдэг дээ. Тэгэхээр би хүүхдүүддээ өглөө эрт босож, ном унш, гадуур хий дэмий битгий сэлгүүц, өөрт хэрэгтэй зүйлээ хийж цаг хугацаатай уралдаж амьдар гэж захидаг.
Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хэрхэн хөгжүүлж тэднийг дэмждэг вэ?
Аль болох охидтойгоо илэн далангүй байж тэдний юу хүсэж, ямар зүйл сонирхож байгаа мэдэхийг хичээдэг. Тэгээд өөрсдийнх дуртай, сонирхолтой байгаа зүйлсийг дэмжиж боломжит орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг дөө. Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтанд өсгөчихөөд анги ахих тусам анхаарахгүй орхидог. Харин ч яг өсвөр насанд нь анхаарч элдэв гэмт хэрэг аюул осолд өртөхөөс нь сэргийлж, ярилцаж байх хэрэгтэй байдаг.
Ээж хүн хүүхдээ асрах, ажлаа хийх гээд маш олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
Би охидоо хөдөө эрүүл агаарт төрүүлсэн. Үүндээ ч баяртай байдаг. Хөдөө байхад хөдөөний ажил дуусна гэж байхгүй. Өглөөнөөс орой хүртэл үргэлжилнэ. Харин том охин маань хөөрхөн дүү нараа асардаг ээждээ тусалдаг байсан. Харьцангуй охиддоо биеийг нь даалгаж сургасан. Манайх хүүхдүүдээ сургууль элсэн орсноос хойш хотод шилжин ирж тэдний ирээдүйн төлөө, сургалт хүмүүжил сайтай орчинд хүүхдүүдээ сургах зорилго тавьсан. Үүний тулд маш их хичээж шаргуу ажиллах хэрэгтэй. Тиймээс өглөө гараад л орой харуй бүрийхтэй уралдан ирдэг. Харин хүүхдүүд маань багаасаа бие дааж сурсан болохоор хэрэгтэй, дутагдаж байгаа зүйлсийг нь ярилцаж байгаад нэг сайн бэлдэж өгөөд л гэр орны ажлыг хүүхдүүд маань л зохицуулдаг. Тэд маань их төвөггүй, үнэхээр хөөрхөн.
Хүүхдүүд таны хүссэнээр төлөвшиж хүмүүжиж чадсан уу?
Бидний хүүхдүүд яг л миний хүссэнээр төлөвшсөн. Би хүүхдүүддээ чи ийм мэргэжил эзэмш энэ сургуульд ор гэж тулгаж чадахгүй ч цаанаа л нэг хүлээлттэй байсан. Харин хүүхдүүд минь яг л миний хүлээж байсан сургуульд элсэн орж эхнээсээ амжилттай төгсөж байна. Амьдралд хэн нэгнээс илүү гарахгүй ч дутуу амьдрахгүйн төлөө зүтгэж явахад хүүхдүүд ингэлээ тэглээ гэж зовоохгүй биеэ зөв авч явж амьдрал хөл алдахгүй явааг нь харах үнэхээр сайхан. Өөрийн эрхгүй тэднээрээ бахархах мэдрэмж төрдөг юм.
Эмэгтэй хүн ээжийгээ дууриаж аливаа зүйлд хандаж аавыгаа харж ирээдүйн ханиа сонгодог гэдэг дээ. Таны хувьд ээжээсээ авсан хүмүүжил төлөвшлөөсөө хуваалцвал?
Миний ээж их мундаг дайчин эмэгтэй. Хар залуугаараа хань ижлээсээ хагацаж олон нялх хүүхэдтэй үлдсэн ээж маань биднийг өсгөх гэж эмэгтэй хүний мяндсан ухаанаар аргадахдаа аргадаж зэмлэхдээ зэмлэж өсгөсөн. Үнэхээр бахархам. Мэдлэг боловсролтой мөнгөн хөрөнгөтэй ч ямар ч хүн хүнлэг, сайхан сэтгэлтэй, төлөв төвшин байх хэрэгтэй гэж захидаг . Үүнийг амьдралынхаа туршид мөрдөж хэн нэгнийг мөнгөтэй мөнгөгүй, гэж ялгалгүй хүн ёсоор хандаж ирсэн. Энэ л миний ээжээсээ авсан хамгийн сайхан хүмүүжил. Ийм сайн ээжтэй хүн сайн ээж бололгүй яахав.
Таныхаар сайн ээж ямар байхыг хэлэх вэ?
Сайн ээж байна гэдэг хамгийн түрүүнд маш сайн үлгэр дууриалал байх ёстой. Хүүхдүүдээ сонсож тэдэнд анхаарал тавьж маш сайн дотны зөвлөгч нь л байх хэрэгтэй дээ. Тэгээд амласнаа биелүүлдэг, хүүхдийнхээ зорилго мөрөөдлийг хүндэлдэг байвал түүнийг сайн ээж гэх байх. Гэхдээ сайн ээж муу ээж гэж ангилахаасаа илүүтэй үүрэг хариуцлагаа ухамсарлагүй, ухаангүй муйхар ээж л гэж байдаг байхдаа. Бүгд л хөхнөөсөө цагаа сүү эвлүүлж ангир шар уургаа хөхүүлж хайрлаж өсгөдөг. Харин төрүүлсэн үрээ хэнэг ч үгүй хаядаг цэвдэг сэтгэлтүүд байгаад үнэхээр харамсдаг.
Олон охидтой хүнд тулгарах бэрхшээл байдаг байх?
Яахав бэрхшээл гэхээсээ илүү хөөрхөн хөнгөхөн маргаан тэдний дунд их гарна. Охид чинь ер нь их гангалах гоёх дуртай байдаг даа. Нэгэнд нь нэг хувцас аваад өгөхөөр нөгөөх нь барьцах жишээний тэрийгээ булаацалдана. Энэ нь их хөөрхөн. Гэхдээ олон охидтой аав ээжүүдэд харамын сэтгэл их байна. Алган дээрээ бөмбөрүүлж, хайрлаж өсгөсөн цэцэг цэврүү шиг охидыг минь хэн нэгэн дээрэлхэх вий , элдэв аюул осолд өртөх вий гэж их л зовнино доо.
Хүүхдүүд тань таниас асууж байсан хамгийн хүнд асуулт юу вэ?
Хүүхдүүд маань надаас та тийм мундаг онц сурдаг байсан байж яагаад их сургуульд сураагүй юм бэ гэж асуусан. Тэгээд би энэ асуултад “Тиймээ ээж нь онц сурдаг байсан. Бага байхдаа олимпиад тэмцээнд оролцож байр эзэлдэг, шилдэг сурагч байлаа. Харин арван жилээ төгсөх үед нэгдүгээрт, амьдралын боломж муу. Хоёрдугаарт, ээжийн минь бие өвдсөн байсан учир би ээжийг харж хандах хэрэгтэй байсан юм. Надад боловсролоос илүү ээж минь хэрэгтэй. Боловсролыг хэзээ л хэзээ ч эзэмшинэ “ гэж хариулсан одоо ч оройтоогүй. Аяндаа хүүхдүүд минь ээжийгээ ойлгох байх аа.
Сэтгэгдэл бичих