Нийтлэл 12 сарын 14, 2017

Хууль бусаар худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн дарга Д.Жигжиднямаад албан бичиг хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны 10 дугаар сарын 20-нд Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127 мянга 230 ам дөрвөлжин метр газар ашиглах эрхийг тус нийгэмлэгт олгосон байна.
Тус хэсэгт хууль бусаар авто машины худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс тэдний үйл ажиллагааг шуурхай зогсоож, Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг Д.Жигжиднямаа даргаас хүсчээ.
Албан бичигт, “Энэхүү шийдвэр нь нийслэлд тархан байршсан авто машин, дагалдах сэлбэг, хэрэгслийн ил задгай зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлж, авто машины худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд авсан арга хэмжээ болно. Иймд хууль бусаар, ил задгай авто машины худалдаа эрхлэгчдээс дээр дурдсан газрыг чөлөөлөх,   тэдгээрийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Хэрэв уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг мэдэгдье” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon