Нийтлэл 12 сарын 15, 2017

М.Батцэцэг : Спиртийн чанарыг хангадаг хортой бодисууд шаардлага хангахгүй хэмжээнд хүрч байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулсан байна. Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.

 Тухайлбал: Импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрсэн байна. Энэ талаар НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Батцэцгээс тодрууллаа.

 М.Батцэцэг : Спиртийн чанарыг хангадаг хортой бодисууд шаардлага хангахгүй хэмжээнд хүрч байна

"2017 оны судалгаанаас харахад лабораторид шинжлэгдсэн дээжийн архи согтууруулах ундаа, кремтэй бүтээгдэхүүн, хиам, хиаман бүтээгдэхүүнүүд химийн болон нянгийн бохирдолтой гарч байна. Спиртийн чанарыг хангадаг хортой бодисууд шаардлага хангахгүй хэмжээнд хүрч байна. Иргэд хатуулга багатай тусмаа хордуулахгүй зүгээр гэж боддог. Гэвч энэ нь буруу. Өндөр технологиор үйлдвэрт хийгдсэн архи хатуулгын хэмжээнээсээ огт зөрдөггүй. Харин зөрж байгаа тохиолдолд гар аргаар найруулсан байх өндөр магадлалтай. Мөн кремтэй бүтээгдэхүүнээс гарын бохироос үүсэлтэй бохирдлууд илэрдэг. Тиймээс иргэд маань худалдаа хийхдээ дуусах хугацаа, шошгыг харж, бүтээгдэхүүн хэвийн байгаа эсэхийг сайн ажиглах хэрэгтэй. Муудсан майонез гэхэд л энгийнхтэйгээ харьцуулахад өнгө нь өөр байх жишээтэй. Тэгэхээр иргэд маань өөрсдөө анхааралтай байж, бүтээгдэхүүнээ шалгаж авахыг зөвлөе"

 

Сэтгэгдэл бичих

arrow icon