Нийтлэл 12 сарын 15, 2017

Морь урагшаа Монгол арагшаа

Хэзээ бичлээ дээ, хэн лүүзэр царайлж амьдрахыг хүсэхэв гэж. Хэн лүүзэр царайлж амьдрахыг хүсэх вэ? Хэн хүчирхэг нь аль гень сайтайгаа сонгож, үр удмаа үлдээж ирсэн нь байгалийн хууль. Хүнээс илүү байх, даам гарах тэмүүллийг хог түүж амьдрахад тулсан хэдэн халтар нөхөд хугас лонх юмандаа согтоод нэгэндээ согтуурч онгирч байхад ч харж болох билээ. Даам гарахсан! Хамгийн сэкси нь байхсан!

Нэгэнтээ даян дэлхийд даам гарч үзсэн их түүхтэй монгол эрчүүд тэр тусмаа ямар сайн байхав. Даам даам хөөрөг цүнх барих юм,  даам даам улстөр хийх юм(хийх гэж үзэх юм), даам даам морь уралдуулах юм, тэгээд даам даам жийпээрээ дагаад давхих юм. Даанч уралдаж байгаа нь даам гарах болоогүй жоохон хүүхдүүд.  Өөрөөсөө хэчнээн дахин дорой балчир хүүхдийг тэдний хоолноос хэд дахин үнэтэй сэргээшээр бордсон адуунд мордуулаад, араас нь аль алийг нь нийлүүлснээс  хэд дахин хүчтэй, хэд дахин дулаан тохилог жийпээр дагаж байхдаа би ч мөн даам байна даа, хамгийн сэкси нь дээ хэмээх агуу их андууралд живдэггүйсэн бол юун төлөө тэгж хамаг цаг мөнгөө үрэх билээ?

Тэгээд андуурал хаана гараад байна?

Эхний асуулт: Хүүхэд гэдэг маань ер нь хэн билээ? 

Энэ зуур нэг дурсамж санаанд бууж байгааг хуваалцъя. Оюутан байхдаа бага сургуулийн япон хүүхдүүдэд англи хэл заах зуны экскурс аялалд явсан юм. Бага ангийн хүүхдүүдтэй ойр ярилцах, ажиглах завшаан анх удаа гарч байгаа нь тэр юм. Японоор насанд хүрсэн хүнийг отона гэдэг. Тэгээд сонсоод байвал чи ингээд чимээнд байж чадахгүй бол отона болж чадахгүй, отона ингэдэг юм, отона тэгдэг юм гээд л ярилцах юм. Отона ба хүүхдийн ялгаа тэдний ухамсарт маш тод байдгийг тэр аяллаас хойш анзаарах боллоо. Чи отона юм бол хариуцлагатай байх ёстой, отона юм бол хувийн эмоцоо ажлаас ялгаж салгадаг байх ёстой, отона юм бол...!!! Энэ үгнийхээ ард асар том хариуцлага дагуулдгийг ном бичиг, харилцан яриа, тв драма гээд олон юмнаас нь харж болно.  Нийтийн хэл яриа тухайн нийгмийн сэтгэлгээний тусгал байдаг. Манай хэлэнд “adult”, “grown-up”, “отона 大人”  гэсэн тов тодорхой нэршил алга. “Насанд хүрсэн хүн” гэх нэг өгүүлбэр шиг урт үгийг өдөр тутмын ярианд нэг их хэрэглэхгүй. Тиймдээ түүнд дагалдах, хүүхдээс ялгарах шинж чанар нь ч тодорхой бус. Том хүн гэх үг байгаа нь чухам л том биетэй хүнийг хэлж байгаа мэт агаад бие нь томровч бэлчээр ба араншин яг хэвэндээ. Гэртээ хэвтэж байж болно, ээжийн өврөөс эхнэрийн өвөрт шилжиж болно, хариуцлагагүй назгай байж болно, ажилгүй арчаагүй байх ч нэг их сонин биш. За яахав томчууд тийм байдаг байж, тэдний асуудал. Даанч  "том хүн" (бодит хүнийг биш ухамсарт тусах ойлголтыг хашилтад хийж ялгаж тэмдэглэв) байхгүй бол "хүүхэд" ч байхгүй. Энд л хамаг зовлон бий. Хүүхэд гэж хэн бэ, хүүхдэд хэрхэн хандах ёстой вэ цөм бүрхэг. 

Хүүхдийг хүйтэнд хөр цаснаар давхиулж унагаж гэмтээж болохгүй, хүүхдийг түлж болохгүй, хүүхдийг заазуурдаж болохгүй, хүүхэд эмчлэх хүчилтөрөгчийн аппарат дутаж байж худлаа шоудаж мөнгө үрж болохгүй. Хүүхдийг ер нь хайрлахгүй, хамгаалахгүй байж болохгүй!!! Энэ бүх мэдрэмж заримд нь сох дутаж байгаа нь “хүүхэд”  ба түүний өмнө хариуцлага хүлээх “томчууд”  гэж хэн болохыг зааглах тод шугам байхгүйтэй холбоотой мэт. Саяхан гэхэд шинжлэх ухааны доктор багш хүн утаа угаараас холдуулахын тулд биш мал ахуй, хадланд ажиллуулахын тулд  ерөнхий боловсролын хичээлийн хуваарийг өөрчлөх санал гаргасан байсан.

Хүүхдийг том хүнээс ялгаж хамгаалах мэдрэмж сул,  хөдөлмөрлөх хүч гэж хардаг үе хүний түүхэнд байх нь байсан.  Бүр 20-р зууны эхэн үе хүртэл олон нийгэмд  хүүхэд гэр бүлийн гишүүн гэхээсээ нийгмийн өмч шиг байсныг олон сонин баримтаас харж болдог.  Аж үйлдвэрийн хувьсгалын өлгий нутаг Англид 9 наснаас доош насны хүүхэд үйлдвэрт ажиллуулахыг хориглох хууль батлагдаж байв. Ингээд бодоход л хамгаалуулах эрхтэй, хайрлах хэрэгтэй “хүүхэд”  гэдэг маань хүний түүхэнд тун шинэхэн ойлголт байж таардаг.  “Хүүхэд” хэзээ хэрхэн гарч ирсэн нь хэдэн хуудас ч хамаагүй зармаар тун сонирхолтой түүх боловч энэ удаа шууд дүгнэлт рүүгээ орвол: Товчдоо модерн нийгэмд хүүхдийг “хүүхэд” гэж үзэж, хайрлаж хамгаалах хандлагатай. Модерн нийгэм гэдэг нь орчин үеийн боловсролын системтэй, түүнийгээ тэтгэх хэмжээний үйлдвэр эдийн засагтай, энэ эдийн засгаасаа боломжийн хэмжээний орлого олдог нийгмийн дунд ангитай, тиймээс эргээд үйлдвэр эдийн засгаа дараагийн үед авч явахуйц мэдлэгийн баазтай нийгмийг хэлж байна.  Арав төгсөөд зөв бичиж чадахгүй, эцэг эх нь цалингаараа хүүхдээ тэжээчих үйлдвэрлэлгүй, нийгмийн дунд анги гэж юм нь жин жингээр дундарсаар байгаа манай нийгэмд гудамжинд гуйлга гуйж бохь зарах хүүхдүүд олширч, зуны уралдаан дээр өвөл хаврынх нэмэгдэж хүүхдийн статус улам бүдгэрч байгаа нь санамсаргүй үзэгдэл биш л болов уу.

Тэгэхээр Монголд хэзээ хүүхдийг “хүүхэд” гэж авч үзэх вэ гэдэг асуулт хэзээ Монгол модерн нийгэм болох вэ? гэсэн асуулттай зэрэгцээ шахуу юм.Нийгэм тэгээд хэзээ модерн болдог юм бэ, модернизац хэзээ амжилт олдог юм бэ? Модерн уралдаан хийдэг болоход биш үү?  

Модерн уралдаан гэдэг нь энэ удаагийн агуулгад жишээ татвал товчдоо хэний үйлдвэрлэсэн машин хамгийн хурдтайгаа үзэхийг хэлж байна. Машин байтугай мопед үйлдвэрлээд борлуулалтын орлогоороо уралдах хэмжээнд хүрээгүй улс. Тэгээд ямар даам гарахаа үзэлгүй суултай биш байгаагаар нь өөрөө өсч үржиж байдаг хэдэн морио бооцож нэг, бордож нэг уралдуулна. Сонирхогч иргэд яая гэхсэн гэхэд шинэчлэлийн бодлого хийх ёстой хэд нь өөрсдөө холбоо тэргүүлж, феодал хувцаслаж, төрийн тамгыг урагш биш арагш татах уралдааны зарлиг тамгалахад хэрэглэж, урагшлах хүсэлтэй нийгмээ хойш нь чирж сууна.

Морин уралдаан тухайн үедээ модерн байсан үе түүхэнд бий нь бий. Хэн хурдан морьтой нь ан ав, аян дайнд өрсөлдөх чадвараа хадгалж, хөөрхөн хүүхэн эд агуурс олзолж болдог байсныг Бөртийг булааж оддог түүхээсээ авахуулаад бид мэднэ.  Цаг хугацаа улирахын хэрээр нэгэн цагт модерн байсан зан заншил уламжлал болж улирдаг. Уламжлалаа үзэхээр уйлмаар болдог, самсаа шархирдаг. Урагшлах замдаа хэн байснаа хаяж мартахгүймсан гэж уламжлалаа хадгалдаг. Самурай нар Хонда, Тоётагийн хурдаар уралдаан хийж эхлэхдээ илд хэрэгслийн соёлоо хадгалж чадсан шиг л.  Харин уламжлалдаа хэт уягдахаар модерны эсрэг явдаг, хойшоо ухардаг, ухраад ядуурдаг.  Ядуурах тусам улам бүр алс өнгөрснөөс бахархлаа эрдэг. Хэн хурдан урагшлахаа үзэж байгаа  дэлхийд тэсч үлдэхийн төлөө тэмцэх байтугай арагшаа цахалж уралдах мэт. Хүүхэд хүүхнүүдээ хөлдөө чирж  хүн төрөлхтний уралдаанд ялагдахаас том лүүзэр амьдрал ер нь байх уу?

Бусад улсын модерн уралдаанаас төрсөн машин маяг маягаар нь унасан феодалууд маргаашийн гол дүр хүүхдүүдээр морь унуулаад хойшоо уралдан алсрах нь Монголын их гуниг.   

 2017/03/16

Хянаж зассан: 2019/12/17

arrow icon