Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь элбэгшиж үүнийг дагаад гэмт хэрэг, аюул осолд өртөх нь нэмэгдсэн. Энэ асуудал сүүлийн үед хэн бүхний сэтгэлийг чилээж нийгмийг нэлээдгүй цочирдуулж байгаа билээ. Тиймээс өсвөр үеийнхний сэтгэлзүйн онцлог, тэдний асуудалд хандах хандлагын талаар МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш Э.Оюундэлгэртэй ярилцлаа.
Та саяхан ЮНЕСКО, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс зохион байгуулсан “Сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах” төслийн хүрээнд өсвөр үеийнхний дунд судалгаа хийсэн энэ судалгааныхаа тухай товч танилцуулаач?
Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул гэсэн долоон дүүргийн ЕБС-ийн 10 сургуулиудтай холбогдон судалгаанд оролцохыг зөвшөөрч буй сургуулийг судалгаандаа хамрууллаа. Эдгээр сургуулийн 4 нь хотын төв, 5 нь захын сургууль, 1 нь хотын ба захын сургуулийн дунд байсан. 10 сургуулийн нийт 400 сурагч, 100 багшаас жендэрт суурилсан хүчирхийлэлд хандах хандлага, итгэл үнэмшлийг хэмжих судалгаа явуулсан. 400 сурагчдын 160 нь 11-12-р ангийн сурагчид, 240 нь 8-10-р ангийн сурагчид байсан. Нийт судалгаанд оролцогчдын тал хувь нь эрэгтэй, эмэгтэйгээс тус тус бүрдэж байгаа. Судалгаанд оролцох багш, сурагчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд оролцуулж, судалгаанд оролцох зөвшөөрлийг авсан.
Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу хэлж байгаа вэ?
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь сэтгэц, бие махбодийн эрүүл мэнд болоод цаашдын ажил мэргэжилд сөргөөр нөлөөлдөг. Ер нь сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл дотроо их олон янзын хүчирхийллийн хэлбэр байдаг. Нэгдүгээрт багш нарын зүгээс шийтгэх маягаар бие махбодь болон сэтгэл санаанд нөлөөлөх, эсвэл хүүхдүүд бие биеэ хүчирхийлэх гэх мэт. Жишээлбэл бие биеэ шоолох гадуурхах зэрэг. Ер нь хүчирхийлэл гэдгийг хүмүүс тэр дундаа өсвөр үеийн хүүхдүүд зөвхөн бэлгийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэтэл нарийхан бариу өмд өмссөн эрэгтэй хүүхдийг гомо, лэйсби гэж шоолж байгаа нь ч хүчирхийллийн нэг хэлбэр байдаг.
Судалгааны үр дүнгийн хувьд?
Тус судалгаагаа ярилцлагын хэлбэрээр авсан. Судалгаанд оролцогч асуултанд санал нийлж байна, санал нийлэхгүй байна, мэдэхгүй, хариулт байхгүй гэсэн дөрвөн янзаар хариулах боломжтой. Мөн судалгааны онцлог нь эмзэг сэдвийг хөнддөг учраас эрэгтэй сурагчаас эрэгтэй судлаач, эмэгтэй сурагчаас эмэгтэй судлаач судалгаа авсан. Тэгээд маш сонирхолтой дүн гарсан л даа. Жишээлбэл гэр бүл жендэрийн хэмжээний хувьд: 10-11 дүгээр ангийн эрэгтэй хүүхдүүдийн дунд ээж хүн гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд аавын хүчирхийллийг тэвчих ёстой гэсэн нийтлэг хандлага байгаа нь ажиглагдсан
. Энэ нь магадгүй бага дунд ангиасаа харсаар байгаад угаасаа л ийм байх ёстой юм байна гэсэн хандлагатай болсонтой холбоотой байж магадгүй.
Мөн бас нэг эмзэглүүштэй зүйл нь юу байсан бэ гэхээр эрэгтэй хүн эхнэртээ гар хүрэх тохиолдол бий гэдэгтэй нийт сурагчдын 45% санал нийлж байв
. Мөн гэр бүлээрээ шийдвэр гаргахад ээжээс илүү аав ярих хэрэгтэй гэдэгтэй 32.2% санал нийлж байсан. Энэ мэт их сонирхолтой цаашид анхаарал хандуулж тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй бол өсвөр үеийнхний дунд хүчирхийллэл гэдэг зүйлсийг их бага хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд явдаг байна гэсэн хандлага ажиглагдсан.
Судалгаанаас онцлох зүйл нь юу байсан бэ? Магадгүй хүйсийн хувьд ч юм уу хэт их ялгаатай хандлага ажиглагдсан уу?
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй “Эрэгтэй” хүүхдийг цохиж зодож болно гэсэн хариултыг өгч байсан
. Зарим нэг багш нар ч ингэж хариулж байсан. Бид нар жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр зөвхөн эмэгтэй хүний асуудал гэж хараад байдаг. Гэтэл эрэгтэй хүүхдийг цохиж зодож болно гэдэг нь тэдний “Хүний эрхийг” нь зөрчиж байгаа нэг хэлбэр болж байна гэсэн үг. Мөн хүчингийн хэрэг гарахаар эмэгтэй хүн өөрөө задгай хувцаслаж, өөрөө өдсөн гэсэн ойлголт байгаад байна. Тэрэнтэй адилхан энэ хандлага дунд ангиас эхэлдэг нь судалгаанаас ажиглагдсан Жишээлбэл: Эмэгтэй хүүхэд хувцаслахдаа эрэгтэй хүүхдийн анхаарлыг татахын тулд тэгж хувцасладаг, тийм болохоор би тэдэнд хүрч болно гэсэнтэй эрэгтэй хүүхдүүд санал нийлж байсан. Бас нөхөр нь эхнэрийгээ зодох нь байдаг л нэг үзэгдэл гэж нийт багш сурагчдын гуравны нэг нь хариулж байгаа юм. Эндээс л хүчирхийлэл эхэлж байгаа юм. Тэгэхээр хүчирхийлэл гэдгийг тэдэнд маш сайн ойлгуулах шаардлага үүсэж байна гэсэн үг. Үүнийг ойлгохгүйгээс болж ямар нэгэн гэмт хэрэг, аюул осолд өртөх магадлал нь нэмэгдэнэ.
Жендэрийн хувьд юуг онцолмоор байна вэ гэвэл багш нараас эрэгтэй эмэгтэй хүүхдийн аль нь илүү ухаантай вэ гэж асуухад нийт багш нарын 70 гаруй хувь нь эмэгтэй хүүхэд илүү ухаантай гэж хариулдаг. Тэгэхээр эрэгтэйгээс илүү эмэгтэй хүүхдийг дэмжиж ажилладаг нь харагдаж байгаа юм. Ингээд эрэгтэй хүүхдийг тоохгүй зөнгөөр нь хаяснаар өөртөө итгэлгүй, боловсролгүй, сул дорой нэгэн болж төлөвших магадлал өндөр болж байна гэсэн үг. Үүнээс болоод эрэгтэй хүүхэд өөрийгөө сул дорой биш жинхэнэ эрэгтэй хүн гэдгээ батлан харуулахын тулд хүчирхийлэл үйлдэх сэдэл нь болж өгч байгаа юм. Энэ мэт их олон анхаарууштай үр дүн гарсан.
Хотын болон захын дүүргүүдийн хувьд хэр ялгаатай үр дүн гарсан бэ?
Сургуулийн байршлын хувьд анализ хийж үзэхэд зөвхөн сургууль дахь жендэрийн хэм хэмжээний хүрээнд ялгаа гарсан. Үүнд, Охидоос илүү хөвгүүд сайн сурах нь чухал гэдэгтэй хотын захын сургуулийн сурагчид 28.3% санал нийлсэн. Мөн тус хүрээний Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд шиг аашилж, эмэгтэй хүүхэд шиг хувцаслах нь асуудал биш гэдэгтэй хотын төвийн сургуулийн хүүхдүүд илүүтэй санал нийлж 38.1%, хотын захын хүүхдүүд мэдэхгүй 15.1% гэж хариулсан. Ингээд харахаар захын дүүргийн хүүхдүүд илүү уламжлалт хандлагатай хотын төвийн хүүхдүүд хэт их нийгэмшсэн орчин үеийн чиг хандлага нь илүү давамгайлсан нь харагдаж байгаа юм. Энд эерэг сөрөг хандлага хоёуланд нь ажиглагдана.
Сүүлийн жилүүдэд өсвөр үеийн хүүхдүүд гэмт хэрэг аюул осолд их өртөх болсныг хэн хүнгүй л мэдэх болсон. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас 7-14 насны охид хүчингийн гэмт хэргийн золиос их болж байна гэсэн судалгааг ч гаргасан байсан. Тэгвэл энэ насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болж, зарим тохиолдолд өөрсдөө ч гэмт хэрэгтэн болоод байгаа нь өсвөр үеийнхний сэтгэл зүйн тогтворгүй байдалтай холбоотой юу?
Нэг талаасаа эцэг эхийн анхаарал халамж сул, нөгөө талаас өсвөр насны хүүхдүүдийн насны онцлог. Тэгэхээр нас сэтгэхүй онцлогт нь тохируулж багш нар эцэг эхчүүд маш сайн ярилцах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийг насны онцлог сэтгэлзүйн байдлаас нь авч үзэхэд хамгийн эхний хэрэгцээ бол “Би хэн бэ” гэсэн адилсал байдаг
. Дээрээс нь эргэн тойрны хүрээллээсээ би хэн бэ гэдгээ мэдрэх нь чухал байдаг. Тиймээс өсвөр насныханд бусад үе тэнгийн хүүхдүүд болон хүмүүс түүнийг яаж хүлээж авч байна вэ гэдэг чухал болохоор тэдэнд танигдахын тулд өөрийн хүсээгүй зүйлээ хийх гээд байдаг
. Тиймээс эцэг эхчүүд багш нар хувь хүний үнэт зүйлс гэдэг зүйлийг маш сайн хэлж өгөх, бас бие даасан байдал гэдгийг зөвөөр ойлгуулах. Бие даалаа гээд архи ууж, тамхи татаад, мансуураад том хүн шиг харагдахдаа чухал биш гэдгийг ойлгуулаагүйгээс бүх зүйлийг туршиж үзэх гэдэг, бүх зүйлийг хийж чадна гэдгээ бусдад мэдрүүлэх гэсэн дээ маш олон алдааг гаргадаг.
Энд бас нийгмийн, массын сэтгэл зүй их нөлөөлөөд байх шиг санагддаг. Сүүлийн үед хэн хүссэн нь хаанаас ч ямар ч мэдээллийг олоод авчихдаг хэн ч компютерийн цаанаас хэн нэгний доромжилж гүтгэж болдог болсон. Мөн түүнчлэн нэг харсандаа л шууд итгэж даган дууриадаг. Асуудлын голыг нь олоогүй байж мэдээллийг гуувиулдаг үзэгдэл ажиглагддаг. Энэ байдал магадгүй нөлөөлдөг байх?
Тийм шүү. Энэ бол манайханд дутагдаж байгаа бас нэг зүйл. Бид шүүмжлэлт сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Харж байгаа бүх зүйлдээ итгэж болохгүй. Мөн эцэг эхчүүд бас хүүхдийнхээ хэрэглээг хянаж байх хэрэгтэй. Хэнтэй найзалж байна, юу сонирхож байгаа нь мэддэг байх хэрэгтэй. Ер нь өсвөр насныханд ялангуяа нэг ийм зүйл ажигллагддаг. Хэн нэгнийг муулж байхыг хальт сонсчихоод тэр мэдээлэлд бүрэн дүүрэн итгээд тэдэнтэй нэгддэг. Энэ нь эргээд нэгнийгээ сэтгэлзүйн маш том дарамтад орох эх үүсвэрийг тавьж өгч байгаа юм. Бас асуудлын голыг нь олж байж тэнд өөрийн байр сууриа илэрхийлж байх ёстой байх. Ямар нэгэн асуудалд тэр ямар хүн байх, хэр их эрх мэдэлтэй байхаас үл хамаараад тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг ярилцах хэрэгтэй л дээ.
Хүмүүсийн сэтгэлзүйн боловсролын дутмагаас болж ард түмний дунд аз жаргалын дутмагшлын хам шинж илэрдэг гэнэ. Үүнээс үүдэлтэй амиа хорлох, архидан согтуурах мансуурах байдал нэмэгддэг гэнэ. Энэ тал дээр сэтгэлзүйчийн үүднээс тайлбар өгөөч?
Аз жаргал гэж юуг хэлэх вэ гэдгээ хүмүүс мэдэхгүй хэрнээ аз жаргалтай болох гээд байдаг. Тэгэхээр юу түрүүнд яавал би аз жаргалтай болох вэ, аз жаргал гэж юуг хэлэх вэ гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Гол нь хүн стрессээ зөв даван туулж чадаж байгаа асуудал маш чухал байдаг. Стрессээ зөв тайлж чадахгүй асуудал гарангуут түүнийг мартахын тулд архи уудаг, тамхи татдаг ч юм уу буруу зүйл хийж тайлдаг. Энэ өөрөө буруу үзэгдэл. Аливаа зүйлд донтоно гэдэг бие болоод сэтгэлзүйн хувьд их дарамт болдог.
Өнгөрсөн долоо хоногт Номуундарь гэх охин цахим ертөнцөд нэлээд шуугиан тарилаа. Үүнээс харахад өсвөр үеийнхэн хар тамхи гэх зүйлийг багагүй хэрэглэдэг болох нь харагдаж байна. Тэгвэл үүний сөрөг үр дагавар нь юу байдаг юм. Ингэж багаасаа мансуурах бодис хэрэглэж байгаад цаашид сэтгэлзүйн хувьд ямар үр дагавар үзүүлдэг вэ?
Нэг талаас өсвөр үеийнхэн том хүн болох гэж их хичээдэг. Тэгээд том хүмүүсийн эсэргүүцсэн болгоныг хийж байх нь өөрийгөө мундаг том болсныг батлан харуулчихлаа гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ тэр архи тамхины компаниуд их буруутай. Тэд өсвөр насны хүүхдүүдийн гэнэн сэтгэхүй дээр тоглолт хийж бараагаа борлуулдаг. Энэ зүйлийг хэрэглэвэл мундаг хүн болдог байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц реклам сурталчилгаа хийдэг. Хэдийгээр 18-аас доош насны хүмүүст архи согтууруулах ундаа худалдахгүй гэдэг ч энэ насны хүмүүст зүгээр л өгчихдөг. Өсвөр насныхны ажиглаж байхад 14 насандаа л архи тамхи хэрэглээд үзчихсэн байдаг. Тэгэхээр томчууд хүүхдүүдийн гэнэн томоогүй сэтгэхүй дээр тоглолт хийж мөнгө олдог. Энэ нь эргээд хүүхдүүдээ өөрсдийгөө гэмт хэрэг аюул осолд өртөх гол үндэс суурь болж байдаг.
Тэгвэл өсвөр насныхны сэтгэлзүйг тогтвортой байлгахад юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
Янз бүрийн сэтгэлзүйн асуудал үүсэх урьдач нөхцөл нь юу байдаг вэ гэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хүчирхийлдэг. Ямар нэгэн буруу алхам хийхэд зодож занчдаг, харааж загнадаг. Ингэхээр хүүхдүүд тэднээс айж асуудлаа ярихаа больдог. Эсвэл бүүр үл хайхардаг, тоодоггүй ингэж байгаад учраа олно биз гэж ханддаг. Ер нь үл хайхрана гэдэг хүүхдийн хүчирхийллийн хамгийн том хэлбэр байдаг. Тиймээс аль болох асуудлыг хоорондоо ярилцаж болж бүтэхгүй байгаа нь зөвлөж байх л чухал. Сэтгэлзүйчийн хувьд өсвөр насны хүүхдүүдийн төлөвшүүлэхийн тулд нэг зүйл их дутмаг байх шиг санагддаг. Сэтгэл зүйн эмгэг гэдэг маш ноцтой өвчин. Ямар нэгэн байдлаар дарамтад орсон байхад л хоолноос гардаг нойронд муу болох зэрэг эрүүл мэндэд ноцтой хохирол учирдаг. Тэгэхээр энэ асуудалд их анхаарлаа хандуулж байх хэрэгтэй санагддаг. Тэгэхээр сургуулийн эмч гэж байдаг шиг сургууль бүрт сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг сэтгэлзүйч байх зайлшгүй шаардлагатай
гэж хардаг.
Ер нь өвдөлт дундаас хамгийн их өвддөг их өвддөг, хамгийн удаан эдгэдэг нь сэтгэлийн өвчин байдаг
.
Сэтгэгдэл бичих