Нийтлэл 12 сарын 25, 2017

Орон орны Сантагийн түүхүүд

Merry Christmas.

Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Христосчууд нь Зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Гэхдээ бид Зул сарын баярын өдөр "Merry Christmas" гэсэн мэндчилгээг бие биедээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. "Merry Christmas" гэсэн мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн утгатай үг ажээ.

Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг бол яахын аргагүй Санта Клаус билээ. Сайхан сэтгэлт Сантагийн түүх 1823 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр домгуудтай болсон байна. Гэхдээ Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийн төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад (одоо Туркэд байдаг) амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.

Жишээлэхэд, алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж, хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болжээ. Тэгвэл урт цагаан сахалтай, уут дүүрэн бэлэг тараадаг Санта Клаусын орон орны түүхээс сонирхуулъя.

Исланд

Исландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна. Эдгээр баатрууд нь Исланд зохиолчийн Зул сарын баяраар хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг хүмүүсийн тухай бичсэн нэгэн богино шүлэгнээс үүдэлтэй гэнэ. Мөн тус бүрдээ онцлог бүхий алиа хошин, сахилгагүй зангаараа ард олны дунд нэрд гарчээ. Тэд Зул сарын баяраар айл айлд очиж хэрэг тарьдаг ч хүүхдүүдэд бэлэг өгөхөө мартдаггүй гэнэ. 13 Иоль Зул сарын баяр хүртэлх 13 хүн шөнө айлуудаар зочилдог аж. Тэднийг дагалдан өлсгөлөн хар муур явдаг бөгөөд муу хүүхдүүдийг идэж, сахилгагүй хүүхдүүдэд төмс өгдөг бол сайн хүүхдүүдийн гуталд бэлэг үлдээдэг гэсэн домог бий болжээ.

Скандинавын орнууд

Скандинавын орнуудад Санта Клаусыг Ниссе хэмээн нэрлэдэг бөгөөд түүний тухай домгууд Норвеги, Финлянд, Швед зэрэг орнуудад түгээмэл тархжээ. Түүнийг анх тариалангийн талбайг харж, хамгаалдаг бяцхан одой хүнээр дүрсэлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрч дээрх орнуудад Христийн шашин дэлгэрснээр Ниссе нь Зул сарын баярын гол бэлгэдэл болсон бөгөөд гадаад дүр төрх нь ч бас өөрчлөгджээ. Гэсэн хэдий ч Ниссе Санта Клаусаас хэд хэдэн ялгаатай гэнэ. Тэд Санта шиг том биетэй, махлаг биш бөгөөд цана, чарга хөлөглөн ирдэг ч нисдэггүй хэмээн ярьдаг билээ. Мөн Ниссе Хойд туйлд биш ой модонд амьдардаг гэсэн домог бий. Үүний зэрэгцээ Санта шиг яндангаар орж бэлэг өгдөггүй, харин хүүхдүүдийн эцэг эх юмуу хамаатан садны дүрээр ирж тэдэнд бэлэг өгдөг гэнэ.

Австри

 Герман, Австри, Итали, Бразил улсуудад Сантаг “Christkind” буюу үгчилбэл “Христийн хүүхэд” хэмээн нэрлэдэг. Зарим талаараа үүнийг илүү шашны итгэл үнэмшил дээр тулгуурласан бэлгэ тэмдэг гэж үздэг билээ. Мөн түүнийг шаргал үстэй, сахиусан тэнгэрүүд мэт далавчтай хүүхдээр дүрсэлжээ. Энэхүү уламжлал католик шашинт Өмнөд болон Төв Америкийн бүс нутгуудад одоо ч мөрдөгдсөөр байна.

Аргентин

 Аргентин, Нидерланд зэрэг орнуудад Сантаг дагалдан явж сахилга батыг сахиулдаг “Belsnickel” гэх хүнээр хамгийн алдартай гэнэ. Тэрээр уулын хүн мэт хувцаслаж, урт хэл унжуулсан маск зүүж явдаг аж. Хүүхдүүдийн хайртай Сантагаас ялгаатай нь тэрээр муу хүүхдүүдийг шийтгэдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд сахилгагүй хүүхдээ “Belsnickel”-ийг авчирна хэмээн айлгадаг болжээ. Харин Германд түүнийг арванхоёрдугаар сарын 6-нд буюу Гэгээн Николасын баярын өдрөөр сайн хүүхдүүдэд чихэр жимс, бэлэг өгдөг хэмээн ярьсаар ирсэн уламжлалтай.

Франц

 Гэгээн эцэг Пер Ноэль бол хамгийн алдартай хувилгаадын нэг бөгөөд Санта Клаусын франц хувилбар гэж хэлж болно. Харин тэрээр цаа буга хөлөглөхийн оронд илжиг унаж ирдэг гэнэ. Тэрээр ил зуухны дэргэд өлгөсөн оймсонд бэлэг үлдээн явдаг гэсэн домог бий. Харин сахилгагүй, муу хэрэг өдүүлсэн хүүхдийг шийтгэдэг бөгөөд эрт дээр үед  худал хэлсэн хүүхдийн хэлийг огтолдог хэмээн ярьдаг байжээ.

Итали

Харин Италийн Сантаг шүүр унаж нисдэг, настай эмэгтэй төлөөлдөг гэнэ. Түүнийг Есүсийг хайн аян замд гарсан гурван мэргэн хүнд хоол хүнс, орон байр өгч тусалсан хэмээн эртний түүхүүдэд бичжээ. Түүнийг Ла Бефана хэмээн нэрлэдэг бөгөөд гадаад байдлаараа Халловений шулмыг санагдуулам төрхтэй, шүүр унаж нисдэг хэмээн дүрсэлжээ. Ла Бефана Сантагийн нэгэн адил гэрийн яндангаар орж хүүхдүүдэд бэлэг үлээгээд оддог бөгөөд дэггүй хүүхдүүдэд бэлэгний оронд нүүрс үлдээж шийтгэдэг гэнэ.

Хойд амеркийн орнууд

Унгар зэрэг Хойд Америкийн улсуудад бусад орны адил сайхан сэтгэлт Санта бэлэг тараадаг гэсэн домог бий. Гэхдээ түүнийг хүний цусанд шунасан аймшигт мангас дагалдан явдаг гэнэ. Крампус мангасын тухай домог 1800-аад оны үеэс эхлэлтэй бөгөөд Бавари, Австри орнуудад арванхоёрдугаар сарын 5-ныг одоо ч  “Крампусын өдөр” хэмээн нэрлэдэг байна. Уг өдрөөр хүмүүс Крампусын дүрд хувилж нэгнийгээ айлгах, олон нийтийг хамарсан парад, багт наадам зохион байгуулдаг ажээ. Нэлээд эрт үед Крампусыг хүүхдүүдийг хулгайлж, тааран шуудайнд хийн гол руу хаядаг хэмээн ярьдаг байжээ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд

Орос, Серби, Босни, Украин, Македон, Польш, зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад Санта Клаусыг Дед Мороз буюу өвлийн өвгөн аав хэмээн нэрлэдэг. Тэрээр Сантагийн адил урт цагаан сахал, улаан хувцсаар гангардаг боловч цаа буга биш морин чарга хөлөглөн ирдэг байна. Монгол өвлийн өвгөний адил Дед Морозыг цасан охин дагалдан явдаг ба шинэ жилийн өмнөх үдэш юмуу шинэ оны эхний өдөр айлчлан ирж бэлгээ тараадаг билээ.

Нидерланд

Нидерландад Санта Клаусыг Синтерклаасаар төлөөлүүлдэг бөгөөд гадаад байдлаараа ч Сантатай төстэй билээ. Гэхдээ тэрээр Зул сарын баяраар бус арваннэгдүгээр сарын сүүлээр ирдэг гэнэ. Мөн Синтерклаас бэлгээ тараахад бяцхан эльфүүд биш  Хар Петр хэмээх бяцхан хүү тусалдаг уламжлалтай. Түүнийг хэрхэн бий болсон талаар олон хувилбар байдаг бөгөөд дээр үед Синтерклаасын боол, чөтгөрийн нэг төрөл хэмээн тайлбарладаг байжээ. Энэ нь нэг ёсондоо арьс өнгөөр ялгаварласан тайлбар учраас орчин үед түүнийг яндангаар орохдоо ийнхүү хар өнгөтэй болсон хэмээн хүүхдүүдэд ярьдаг болжээ. Синтерклаасын бэлгийг Петр хүү тараадаг бөгөөд дэггүй жаалуудад нүүрс юмуу уутанд хийсэн давс өгдөг гэцгээдэг билээ.

Их Британи

Санта Клаусын тухай түүх хамгийн анх Их Британи, Франц, Испани, Португал, Итали зэрэг улсуудад үүссэн гэдэг. Сантагийн түүх 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос үүдэлтэй бөгөөд үүнээс 40 жилийн дараа шог зураач Томас хамгийн анх Сантагийн гадаад төрхийг гаргаж иржээ. Түүний зурснаар Санта махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй байсан гэдэг. Харин 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тархсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх, хүүхэд багачуудын хайртай Санта Клаус юм. Харин зарим эх сурвалжууд Сантаг МЭ-ний IV зууны үед амьдарч байсан гэгээн Николас хэмээн тайлбарлах нь ч бий.

Эх сурвалж: http://mongolcom.mn/

 

Сэтгэгдэл бичих

arrow icon