2017 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас дараах 10 үйл явдлыг онцолж байна.
Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдов /2017.01.30/
Их ялагдлын дараа АН-ын дарга З.Энхболд намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн ч хэн түүний орыг залгах нь тодорхойгүй байсаар хагас жилийн нүүрийг үзэж 21 аймгийн нийт 85392 гишүүдийн дунд болж өнгөрсөн гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын даргын үүрэгт ажлыг хүлээж авсан юм.
С.Эрдэнэ болон З.Энхболд нар нь Ардчилсан нам дахь Шонхор фракцад харьяалагддаг учраас С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд гэсэн хошигнол энэ үеэр гараад амжсан. Ямартай ч С.Эрдэнээр удирдуулсан Ардчилсан нам хэмээх улс төрийн хүчин бүтэц болон дүрмээ шинэчилж, Үндэсний Зөвлөлдөх Хорооныхоо нэрийг Үндэсний Бодлогын Хороо болгон өөрчилж гишүүдийг нь шинээр сонгож, жил бүр эргэлтийн сонгууль хийх болсон нь олон жил хаалттай байсан гол судаст цус сэлбэх боломжийг нээж өгөв.
Эрдэнэтийн 49 хувийг төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргав /2017.02.10/
Байгуулагдснаасаа хойш илээр болон далдаар Монголын төрийг, төрийн түшээдийг тэжээж, тэтгэж ирсэн Эрдэнэт хэмээх үйлдвэрийн ОХУ-ын талд байсан 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрхэн Монголын зэс компанид шилжүүлсэн талаар долоо дахь удаагийн парламент ажлын хэсэг гарган дүн шинжилгээ хийсэн. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг хийхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдсан, Олон улсын гэрээ, Банкны тухай хууль зэрэг олон хуулийг зөрчсөн хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын төр эргүүлэн мэдэлдээ авах нь зөв гэсэн шийдвэр гаргав.
Энэхүү УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад гаргасан Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлагуудын гаргасан шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар Монголиан коппер корпорейшний нэхэмжлэлийг Улсын шүүх авч хэлэлцэж байна.
МАН 9 төрлийн татвар нэмэв /2017.04.10/
Хадгаламжийн хүүгийн орлого, суудлын автомашины албан татвар, импортын тамхины албан татвар, шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх шийдвэр 2017 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бол хувь хүний орлогын албан татвар, тамхи согтууруулах ундааны албан татвар, газар худалдаалах албан татвар, ашигт малтмалын лицензийн албан татварууд 2018 оны 1 дүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Монгол ялав /2017.07.07/
Монгол улс тав дахь төрийн тэргүүнээ сонгох түүхэн алхмыг хийв. Үнэмлэхүй олонх буюу 65 суудлыг өгсөн ард түмэн 3 дахь удаагаа Ардчилсан намаас нэр дэвшигчид улсынхаа эв нэгдлийг атгуулахаар шийдэв. 5 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2 онцлогтой өрнөсөн. Монгол анх удаа Ерөнхийлөгчөө 2 дахь шатны санал хураалтаар тодруулсан. Эхний санал хураалтаар нийт 1 339 125 сонгогчид санал өгснөөс АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517 478 /38.1%/ санал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411 748 /30.3%/, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409 899 /30.1%/ санал авсан. Гурван нэр дэвшигчийн аль нь ч 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд хоёрдахь шатны санал хураалтыг зохион байгуулж 611 226 хүний саналаар буюу 50.61 хувиар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдов.
Анх удаа цагаан сонголт гэх хувилбар гарч ирж 18 662 иргэн аль ч нэр дэвшигчийг сонгохыг хүссэнгүй. Хоёр улс төрийн гол хүчинд итгэх итгэл улам бүр алдагдаж, гуравдагч хүчний орон зай хүчтэй үгүйлэгдэж байгааг С.Ганбаатарт өгсөн сонгогчдын тоо, хоёрдахь санал хураалтаар “цагаан сонголт” буюу хэнийг нь ч сонгоогүй олон хуудас ийнхүү баталсан юм
.
60 тэрбумын хэрэгт Ц.Сандуйгаар туг тахив /2017.09.01/
Сайн хүний нэрийг арав худалдаж иднэ гэдэг шиг сайн бичлэгийг сайн пи ардаж чадвал
... 2016 оны УИХ-ын сонгуулиар дэлгэгдэн тавьсан 60 тэрбумын асуудал 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ахин эргэлтэнд орж тэр ч бүү хэл эрх баригч хүчин дотроо эргэлт хийх боломжийг олгов. 60 тэрбум бол эвлүүлэг биш хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас МАН-ын ЕНБД Ц.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар мэдэгдэж Ж.Эрдэнэбатын засгийн газар болон М.Энхболдын фракцад шахалт үзүүлж эхэлсэн. Шахалт эхний үр дүнгээ өгч, намдаа 60 тэрбумын орлого олох схемийг боловсруулагч Ц.Сандуй өөрийн хүсэлтээр НИТХ-ын даргын суудлаасаа огцорсон. Түүний үйлдэл НИТХ-ын үйл ажиллагааг гацаахад хүрч, сар гаруй үргэлжилсэн хэлцлийн дүнд НИТХ-ын даргаар С.Амарсайхан тодорсон юм.
Ц.Сандуй ажлаа өгсөн нь дараа дараагийн улс төрийн олон өөрчлөлтүүдийн эхлэл болов.
Дан дээлтэй Ерөнхий сайд, давхар дээлтэй шинэ засгийн газар бүрдэв /2017.10.04-2017.10.19/
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас ил болсон МАН-ын бүлгийн хагарал эцэстээ хүрч 29 дахь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн "мэргэжлийн" гэх тодотголтой засгийн газрыг унагаах улс төр аагим халуунаас намрын сэрүү ортол үргэлжилсэн юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан УИХ-д суудалгүй Ухнаагийн Хүрэлсүх тодорч, Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн.
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоос татгалзав /2017.09.19/
Ерөнхийлөгч гадаад улс оронд Монгол улсыг шууд төлөөлөх эрхтэй байдгаараа Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлогч инстүүц мөн. Хоёр их гүрний дунд оршдог жижиг улсын хувьд тусгаар улс гэдгээ дэлхийд зарлах гадаад улс төрийн бодлогоо илэрхийлэх том талбар нь яах аргагүй НҮБ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд очихоос татгалзсан нь гадаад ертөнцөд Монгол улс өмнө нь илэрхийлж байсан байр сууриуд бүдгэрэхэд хүргэсэн үйл явдал боллоо.
Нүглийн нүдийг гурилаар хуурав /2017.10.25/
Ардын хүүхдүүдэд эрдэм номын түлхүүр атгуулдаг багш нар аж амьдралаа залгуулахад өгдөг атгахан цалингаа нэмүүлэх тэмцэлд нэгдэв. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд суудаг эмч нар ч бас энэ хөдөлгөөнөөс хоцрохыг хүссэнгүй. Гэвч тэмцэл хүссэн үр дүндээ хүрсэнгүй. Морьтны хишиг явганд гэх үү багш, эмч нарын тэмцэл төрийн албан хаагчдад очих хавтгайрсан халамж болоод төгслөө. ОУВС-тай хийсэн хэлцлийн хүрээнд цалин нэмэх боломжгүй учраас бодит орлогыг дэмжиж нийт төрийн 192000 албан хаагчид 2016 оны төсвөөс 55 тэрбум, 2017 оны төсвөөс 56 тэрбум нийт 112 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал хэлбэрээр олгох шийдвэр гарав.
МАН-ын шинэ лидрээр У.Хүрэлсүх тодров /2017.11.21/
Нэгэнт Засгийн жолоог атгасан У.Хүрэлсүхэд эрх мэдэл өгвөл өгсөн шиг өгч, хариуцлага тооцвол тооцсон шиг тооцъё гэж МАН-ын гишүүд үзжээ. Шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, улс төрийн ууган хүчний намын лидрээр сонгогдов.
Элчин сайдуудын гацаа ба Б.Хурцын томилгоо.../2017.12.21/
Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод 6 сар болж байгаа ч Монгол улсын "Гуравдагч хөрш" орнуудад суух элчин сайдуудын томилгоог хийхгүй гацаасан хэвээр байгаа юм.
АНУ-д суух элчингээр тодорсон Ё.Отгонбаяр, Япон улсад суух элчингээр томилогдсон Г.Тэнгэр, Франц улсад суух элчингээр томилогдсон Н.Чимгүүндарийг нарыг 6 сар байлгасны эцэст Засгийн газарт өөр хүний нэр санал болгохыг хүссэн албан бичгээ хүргүүлэв. Харин энэ хугацаанд ТЕГ-ын дарга Б.Хурц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн БНСУ-д суух элчин сайдаар томилогдсон бөгөөд Ерөнхийлөгч мөн л Б.Хурцыг томилох эсэхийг харзная гэж албан бичигтээ дурджээ. Ийнхүү элчин сайдууд болон монголын дипломат бодлого хагас жилийн туршид гацаанд байна..
.
Эдгээр үйл явдлуудыг харвал шийдэл хайсан Монголчууд лидрүүдээ сонгох гэж мунгинасаар 2017 он дууссан байна
. Гадаад бодлого нь тодорхойгүй, дотоод бодлого нь хэрэгждэггүй, гал унтраах л шийдвэр гаргасан, нэг гараараа иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн, нөгөө гараараа халамжийн бодлого хэрэгжүүлсэн төртэй Монгол улс болон хувирчээ.
Сэтгэгдэл бичих