Нийтлэл 01 сарын 21, 2015

Хууль зүйн сургуулийн багшийн ёс зүй дээшлэхгүйгээр ёс зүйтэй хуульчид бэлтгэгдэхгүй, хуулийн засаглал, шударга ёс тогтохгүй

Ямагт зарчимдаа үнэнч байх нь олон хүний дургүйг хүргэж, заримтай нь дайсан болгох шинжтэй. Гэхдээ зарчимтай юм шиг дүр эсгэж, цаагуураа нөгөө зарчмаа уландаа гишгэн хоёр нүүр гаргаж амьдрах шиг гутамшиг үгүй.

Их сургуулийн багшийн ёс зүйн үндсэн зарчмуудын нэг бол оюутны мэдлэг, ур чадварыг бодитой үнэлэх. Өөрөөр хэлбэл, оюутныг байгаагаас нь илүү эсхүл дутуу үнэлж болохгүй. Яг ямар мэдлэг, чадварыг тухайн хичээлээс сурч хөгжүүлж авсан бэ гэдгийг урьдчилан тодорхойлсон шалгуураар үнэлнэ гэсэн үг. Гэтэл энэ зарчим Монголын сургуулиудад зөрчигдөх нь түгээмэл байж ирсэн. Одоо ч тийм байгааг яс махандаа ортол мэдэрч байна. Би МУИС-Хууль зүйн сургуульд өнгөрсөн нэг семестр хичээл орж шалгалт авлаа. Оюутнуудыг байгаагаар нь үнэлэхэд зарим нь сайн, зарим нь тааруу дүн авч, цөөн хэд нь миний хичээл дээр унасан. Энэ нь зүй ёсны зүйл. Хичээлээ сайн хийгээд сайн дүн авсан оюутан урам ордог бол тааруу хийгээд муу дүн авсан оюутан өөртөө дүгнэлт хийж дараагийн хичээлүүд дээрээ илүү их хичээл зүтгэл гаргадаг. Хүний амьдрал ч ийм л жамтай байх ёстой. Гэтэл, бие даалтаа огт хийгээгүй, дундын эсхүл эцсийн шалгалтаа огт өгөөгүй, эсхүл шалгалтдаа бэлдээгүй орж муу дүн авсан атлаа "хүнлэг хандаад" оноог минь өсгөөд өгөөч, битгий унагаагаач гэж гуйх оюутан нэлээд байлаа.

Увайгүй тэр оюутнууд өөрсдөө дүн гуйгаад зогсохгүй намайг таньдаг хүмүүс, миний найз нөхөд, ангийн хүүхдээр дамжуулан дүн гуйлгах юм. Хүний дүн гуйсан зарим "найз"-д үгүй гэж хэлээд дайсан болж байх шиг байна. Энэнд ч харамсаад байх юм алга. Хамгийн эмгэнэлтэй нь надад хичээл орж байсан зарим нэг хүмүүс надаас оюутны дүн асууж бодоорой гэж хэлэв. Эндээс хоёрхон жишээ хэлье. Надаар бүтэн семестр хуульчийн ёс зүйн хичээл заалгачихаад миний хүндэлж явдаг багшаар дамжуулан надаас дүн гуйлгасан хүнд би унагахаас өөр ямар дүн тавих уу? Энэ бол зүгээр нэг салбар эрх зүйн биш хуульчийн ёс зүйн хичээл шүү дээ.

Түүнчлэн, өнгөрсөн 7 хоногт магистрын ангиудаас шалгалт авах тов зарласан бөгөөд Монголд арбиртрчаар ажилладаг нэг хуульч магистраа төгсөх гэж байгаа гээд над дээр асуугдав. Тэрээр бие даалтаа хийгээгүй, шалтгалтаа огт өгөөгүй. Тэгээд би за үнэхээр хичээлээ уншаад ирсэн бол шалгалт аваад дүнг нь тавья гэж бодсон. Тэгээд түүнээс 50 онооны тест авахад 12 оноо авсан. Ингээд, тэр оюутан бие даалтаа өгөөгүй учраас миний шалгалт авсан хичээлд дахин унав. Тэр хүн надаас өдөржин дүн гуйсан. Би энэ оюутанд та арбитрч хүн, таны хариуцсан хэргийн нэг тал хэргийн үйл баримт, хуульд зааснаас өөрөөр хэргийг шийдээд өг гээд гуйвал та яах вэ? Энэ нөлөөнд автвал та авилгач шүүгч болно, тийм байхаа? Таны гуйснаар энэ хичээлд таныг тэнцүүлбэл би авилгач багш болно, тийм үү? Энэ мэтчилэн олон зүйлийг тэр хүнд хэлж тайлбарласан боловч тэнцүүлж өгөх талаар гуйхаа зогсоогоогүй. Энэ хүн бол магистрын оюутан төдийгүй арбиртрч. Арбитрч бол шүүгч юм. Шүүгч хүн хууль болон үйл баримтад тулгуурлан хэргийг шийддэг төдийгүй өндөр ёс зүйтэй байх ёстой. Надаас ингээд дүн гуйгаад зогсож байгаа энэ хүн арбитрчийн үүргээ үнэнч, шударга, төвийг сахиж, алагчлалгүй биелүүлдэг гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Энэ хүн өөрөө дүн гуйгаад зогсохгүй түүний магистр хамгаалах гэж байгаа тэнхимийн гурван багш, тэнхимийн туслах нь над дээр ирж тэнцүүлээд өгөх арга чарга байна уу, хөөрхий магистраа хамгаалахгүй олон жил болж байгаан гэж гуйв аа. Надад үнэндээ хэлэх үг олдоогүй. Ядаж хууль зүйн сургууль дээр оюутнуудыг бодитой, шударга үнэлдэг болохгүйгээр Монголын хуульчдын ёс зүй дээрдэхгүй. Багш нар нь энэ зарчмаа өөрсдөө мөрдөхгүйгээр, бусдынхаа хараат бус байдлыг хүндлэхгүйгээр яаж ёс зүйтэй эрх зүйчдийг бэлдэх үү? "Хуульчид бол хууль, шударга ёсны манаач, шүүгч бол ярьдаг хууль, хуульч хүн зарчимдаа үнэнч байх ёстой" гэж яаж оюутнууддаа хэлж чадах уу? Хууль зүйн сургуулийн багш нарын ёс зүй дээшлэхгүйгээр ёс зүйтэй эрх зүйчид, хуульчид төрөн гарахгүй.

Ёс зүйтэй хуульчидгүйгээр хуулийн засаглал, шударга ёс, хүний эрхийн хамгаалалт хий хоосон лоозон л байна. Учир нь, хууль зүйн сургуульд сурч байхдаа хууль, шударга ёсны тухай мэдлэг олж аваад зогсохгүй түүний наад захын зарчмуудын хэрэгжилтийг бодитой мэдрээгүй оюутнуудын ихэнх нь ажил дээр гараад хууль, шударга ёсны зарчмуудаа умартаж хувийн ашиг сонирхол болон шалдар булдар зүйлд толгойгоо мэдүүлнэ

Жич: Хөгжсөн орны хууль зүйн сургуулиудад байдаг шиг багшийн ёс зүйн дүрэм батлаж, зөрчсөн хүнд хариуцлага тооцдог болох нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ тэмдэглэлд би зөвхөн оюутны мэдлэг, ур чадварыг бодитой дүгнэх зарчмын талаар бичлээ. Багшийн ёс зүйн дүрэмд үүнээс гадна зохиолын хулгай хийхгүй байх, оюутны дүнгийн болон бусад хувийн нууцыг хадгалах, оюутанд ямар нэг хэлбэрээр бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхал үзүүлэхгүй байх зэрэг асууудлуудыг зохицуулдаг. Энэ бүх зарчмууд зөрчигддөг жишээ олон сонсогддог ч энэ тэмдэглэлд бичих цаг байсангүй. Зав гарвал дараа үргэлжлүүлэн бичимз.

Сэтгэгдэл бичих

    • Чимэг
    • 2020-06-16

    Сүүлийн үёд өмгөөлөгч нарын дунд уйваагүй өмгөөлөгч болон цагдаа өмгөөлөгч нар олширсон шүү...тэд ёр нь эрх зүйч мөн үү...эсвэл цаасны голууд уу...өмгөөллийн ажлыг зах дээрх барааны үнэ мэт тохиролцдог...энэ байдлыг болих цаг нь ирсэн байх гэж бодож байна...цагдаагийн салбараас гарсан эрх зүйч нар ёс зүй байхгүй...цаглаагийн өрөөний мэргэжилтэнээс хэрэг аваад наймаа хийхээ болих хэрэгтэй....мхх- ны оросоо өмгөөлөгчийн ярьж, хэлж байгаа асуудал ...хараат бус байх асуудлыг ил тод болгохгүй бол цөөхөн хүн амтай монгол улсын хуулийн байгууллагын нэр хүнд унаж дууслаа шүү....хойч ирээдүйд ярьж хэлж сургах зүйлгүй боллоо...нөгөө онол хууль тогтоомжийг үгүй хийж зоосны эргэлтэд оруулдаг хуульч наймаачин нараа цэгцлэхгүй бол эрх зүйт төрт монголчуудыг бусад улс орон хүндэтгэхээ больж олон улсын хэмжээнд нэр хүнд унлаа шүү...цагдаа нарын шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй болж ...цагдаагийн албаас хөөгдсөн хүмүүсийг цуглуулга өмгөөллийн салбар болсонд эмэгнэлтэй юмаа.

    • Мөнхтөр
    • 2019-05-25

    Аяа, номыг өөртэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг! Аяа, эрдмийг хичээн үл сурагч банди нар ичиг! гэсэн Равжаагийн шүлэг л санаанд орж байна! Гуйж байгаа найз, багш, танилуудаа үл танигч бол! Гуйлгуулж байгаа оюутнуудыг ташраар нь унага! Ямар тэдний өрөөсөн дугуй бололтой биш! Гүйцээ!

    • Мөнхтөр
    • 2019-05-25

    Аяа, номыг өөртэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг! Аяа, эрдмийг хичээн үл сурагч банди нар ичиг! гэсэн Равжаагийн шүлэг л санаанд орж байна! Гуйж байгаа найз, багш, танилуудаа үл танигч бол! Гуйлгуулж байгаа оюутнуудыг ташраар нь унага! Ямар тэдний өрөөсөн дугуй бололтой биш! Гүйцээ!

    • maya
    • 2018-10-22

    tiimee demjij bna

    • Zochin
    • 2017-01-04

    Tiim shu bagsh nar uursduu ulger duurial boloh btal uursduu tiim bish bdag jisheelbel ih zasag surguulin bagsh umguulugch natsagdorj mash es zuigui hun bdag

    • Асууя. Зүгээр л хариулчих
    • 2017-01-04

    Согтуугаар хүн дайраад алчихсан хүн шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийгээд явж болдог ЁС ЗҮЙ-ний талаар яриад байна уу?

    • Зочин
    • 2017-01-03

    Хуульчид онолдоо гайгүй ч ёс зүйн хувьд үнэхээр тааруу бэлтгэгдэж байгаа. Хүнийг ойлгох, хайрлах, хүн гэдэг талаас нь харахаасаа илүүтэй энэ хүн мөнгөтэй юу, төлбөр төлөх чадвартай юу гэсэн нүдээр л хардаг болж. Заримдаа гутрах ч шиг.

    • з
    • 2017-01-03

    яг зөв асуудлыг хөндсөн байна, нэг л их би би гэсэн биеэ тоосон хэдэн нөхөр байдаг юм байна лэ

    • Одончимэг
    • 2017-01-03

    санал нэг байна. Багшийн ёс зүйн асуудал бүх түвшинд нийтлэг байна.

    • hhh
    • 2017-01-03

    zsss ene mongold chini shudarga yos gej baidggui yum bialeee . bi gadaadad surch baigaad mongold neg surguulid mergejlee deeshluulsen . hicheeld suudaggui nohduud l bagsh nartaa hed gurvan yum ogood togschihdog l yum bialee .Dungee avah avahdaaa nad met bor zurheeree surch baigaa shonoe oroi suuj hicheel nom daalgavraa hiideg huuhduudees ichih ch ugui deer l avdag um baileee .

    • Хуульч гэж хэлэхээсээ ичих ёстой
    • 2017-01-03

    Зөв асуудал ханджээ. 1 зүйлийг онцолж хэлье. Дүн гуйж төгссөн оюутнууд чинь багш нартайгаа нийлээд хууль, шүүхийн системд үнэндээ мафийн систем үүсгээд бн аа. Хаа сайгүй. Төрийн албанд ч тэр. МУИС-ийн хууль төгссөн, анги хамт олон, найз нөхөд, багш шавийн холбоотой гэсэн хүмүүс фракц үүсгэж бужигнуулах нь энүүхэнд. Лүндэндоржийн, Тэмүүжингийн гээд л..явж өгч байна. Хоосон толгойтой юмнууд доктор хүртэл хамгаалчихсан явж бх юм. Хууль бол амьдралын хэм хэмжээ тогтоосон дүрэм. Үүнийгээ мэддэггүй. Цэг, таслал, үг, үсэг хөөсөн хогийн юмнууд хууль хийлцээд, хэрэгжүүлэх гээд явж бн даа. Хуульчид өөрсдөө авилгалыг цэцэглүүлж бн. Би хуульчдыг үнэлэхээ байсоон.

    • Collegi
    • 2016-07-29

    Zagatnadan gazar maakih shig bolloo bayrlslaa.ene nol bidnii ajild baingiim shinjteo bolson hamgiin hetsuu zuil

    • Зочин
    • 2016-07-26

    дэмжиж байна. бас байнга цаг үеийн хөндүүр асуудлаар зөв байр сууриа илэрхийлж байдагт баярлалаа

    • Мастер
    • 2015-09-06

    Дэмжиж байна

    • Оюутан
    • 2015-02-11

    Зөв.

    • Зочин
    • 2015-01-22

    Good luck!

arrow icon