Нийтлэл 01 сарын 21, 2015

Шинжлэх ухааныг өмөөрөхүй

 “Бүхний эхэнд сав дэлхий усаар бүрхэгдэн, түнэр харанхуйн дунд Мбоба ганцаар байсан авай. Мбоба бол цав цагаан арьстай, хүний (мэт) биетэй нэгэн билээ. Гэнэт түүний гэдэс хүчтэй өвдөн  нар,сар, оддыг бөөлжин гаргав. Удалгүй  ус ууршин үүлсийг бий болгож, уулсын орой ч цухуйн гарчээ. Мбоба хоёрдахиа бөөлжиж, Коя Бумба, Понга Бумба, Няни Бумба, Бүди зэрэг анхны есөн амьтдыг гаргав. Энэ есөөс л шоргоолж элээ хоёроос бусад орчлонгийн бүх амьтад үүссэн билээ. Мбоба мөн олон хүмүүсийг үүсгэсэн бөгөөд тэдгээрээс нэг нь эгээ Мбоба адил цав цагаахан байсан гэдэг. Тэгж байтал Мбобын гурван хөвгүүд эцгийн бүтээлийн дутууг гүйцээхээр шийдэж. Ууган хүү Нёони Нгана  шоргоолжийг бүтээсэн бол Чонганда өвс ургамлыг, Чеди Бумба өдий хүртэл жигүүртний дунд зай нь хоосрон харагдах элээг бүтээсэн аж. Энэ мэтээр л ертөнц хорвоо үүсэн бий болжээ.’’

Төв Африкийн Конго орчмын ард түмний дунд яригддаг ертөнцийн үүслийн талаар домог ийн эхлэнэ. Африкт Мбобагаас гадна Кенийн Нгай, Мали улсын Манде гээд бүтээгч эзэн, эздүүд олон бий. Ази, Европын улс үндэстнүүд ч ‘эхлэл’-ийн талаар сэтгэмж, дүр(үүд) аль ч талаараа Мбобагаас дутахгүй  өөр өөрийн домог хуучдыг өгүүлнэ. Сэтгэж эхэлсэн цагаасаа л хүмүүс юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлахыг хичээн, ухаан хүрэхгүй зүйлсдээ төсөөлөл, мөрөөдөл хоёрын хослолоор юутай ч сониуч сэтгэлийг хэсэгтээ амраах хариултыг яаж ийгээд олж байв.

Яагаад шуурга шуурдаг вэ? Яагаад аянга цахидаг вэ? Яагаад бороо орно вэ? Яагаад энэ уул ийм хавтгай оройтой вэ? Бүгдэд нь хариуцагч эзнийг нь олно. Мэдээж  дээд, далдын нэгэн. Эхний ээлжинд яагаад?-н амыг л таглах хэрэгтэй байснаас арай гэж сэтгэсэн хариултаа дахин цэгнэх сонирхол  шаардлага байгаагүй тул домог бүгд л төрсөн нутагтаа аксиом байв. Яваандаа улаан буудай, хөх тарианы эзэн тусдаа байснаас хүнс хоолыг ивээгч нэг л бурхантай байх нь хялбар санагдаж эхлэнэ, адаглаад тахихад амар. Отог омгууд ч нэгдэж, олон далдын эздийн аль нь илүү мундаг вэ гэдэг асуулт ургана. Ер нь сүүлдээ бүх яагаадыг ганц сайхан эзнээр тайлбарлах нь тал бүрийн ашигтай болов, арай дөмөг сэтгэж байгаа нь тэр. Өвөг дээдсээ ёжлох ч яахав, (креоционизмыг батлах хүрээнд, бидний өвөг дээдсийн креоцонист байсан  баримтыг нэгэн домогчин бээр “бурхан эрхтэн тараасан нь” ариун домог ишлэн бахархал дүүрэн дэлгэсэн байна. Уг домгийн маш эртний антик байдал нь Монголчуудын өндөр дээд язгуур суу ухаантай холбон бодохуйд итгэл үнэмшил булаахуйц харагдавч, миний бие эрт цагт, бүүр эрт цагт ч Монголчууд  үргэлж биш юмаа гэхэд эрхбиш мэр сэр алдаж бодсон тохиолдлууд бий гэж үздэг тул үүсгэгч эзэн буйн  баталгаа мөн гэж үзсэнгүй болно) энд дурьдах ёстой нэгэн зүйл нь дийлэнхи ‘эхлэл үлгэр’-үүдэд ёс зүйн суртгаал, сайн муугийн авал орхилыг тодорхой хэмжээнд хөндөж, сайн бүхнийг тухайн ‘үүсгэгч’-тэйгээ холбосон байдаг нь нэг талаас юмсын гарал үүслийг тайлбарлах хүрээнд ёс зүйг ч тайлбарлах оролдлого бол, нөгөөтэйгүүр домогууд нь хүн төрөлхтний хүсэл мөрөөдлөөс урган гарч, түүгээр тэтгэгдэн баяжиж байдгийх буй заа .

 Домгууд логик бодлоос бүрэн ангид тул хоорондоо тулах цагт итгэгчид олонтой нь буюу, товчдоо хүчээр л ‘үнэн’ шийдэгдэж байж, дийлэнхдээ. Мэтгэлцлээ ч ‘манай Эзэн Мбоба хүчтэй, үгүй манайх бүүр мундаг, хавийн юмыг л цаад чинь зохиосон шүү!  худал гэвэл манай домгийг унш’ гэхээс хэтрэхгүй. ‘Наад домог чинь өөрөө асуугдаaд байгаа бус уу?’ гэж мянга хэлээд нэмэргүй, домог үнээн, яагаад гэвэл Мбобагийн үг юм чинь гэнэ. Энэ мэт домгоо хайрлан хамгаалах нь ч аргагүй, мэдэхгүй бүгдийн ганц хариулт, түүнгүйгээр сайн сайхан зүйл байх өчүүхэн ч боломжгүй гэж итгэдэг зүйлийг нь үгүйсгэнэ гэдэг  ‘домог’-оор бол шулам болон түүний хамсаатнаас зайлахгүй,  шатаасан ч багадна. Газар зүйн байршил, цаг хугацааны хувьд агуу Мбобагийн тухай  дуулах зохиол тохиогоогүй хүмүүс л ‘домгоор’ бол аврагдах боломжгүй буюу  шанс багатай тул хөөрхий. 

 Домгуудад бас сайн тал байна аа. Жишээлбэл  энэ бүгдийн цаана эзэн харж байгаа гэх найдвараас сэтгэлийн хат төрнө, сайн сайханд тэмүүлэх тэмүүлэлд ч нэмэр өгөх нь гарцаагүй. Муу тал ч байна, манай домогт итгэдэг бол сайн, итгэдэггүй бол муу хүн гэж сурталдана. Иймээс ч “Аллах тэнгэрт ариун итгэл хүний хувьд”,” Исус Христэт үнэн итгэлт хүний хувьд хэлэхэд” гэж үнэнээ баталдаг байж, цаагуураа итгэдэггүй нөхдүүд бол худалч даа гэсэн үг. Хэн хүнд тохиолдож л байдаг завшаантай зүйл болгоныг эзнийхээ үйл мэтээр сэтгэнэ, энэ нь бодит сэтгэлгээг мохооно.  

Энэ мэтээр эхлэлийн тухай домгууд өөр өөрийн итгэгчиддээ хэрэндээ зүг чигийг заасаар, зарим нь ч эдийн засаг, улс төрийн лут тулгууртай болоод байтал муу ёрын 18р зуун гарлаа. Энээ тэрээ машаан техник зохиосондоо урамшсан хүмүүс хэдэн мянган жил болоод л байсан яагаадын хариултыг  хүртэл дахин яагаад гэж асуудаг болсноор барахгүй юм болгоныг өөрийн ухаанаар нягтлана гэдэг болов (хүний ухаан юу гавихав дээ, бүтээгдэхүүн нь бүтээгчээ нягтлах боломжгүй гэдгийг одоо ч Монголд зарим хүмүүс домог ишлэн баталдаг. Бүхнийг Бүтээгч байдаг нь үнэн тохиолдолд энэ мэтгээн үнэний хувьтай байж болох ч харамсалтай түүнийг буй эсэх тухай маргаан болоод байгааг тэр хүмүүс ухаардаггүй).  

 Тэгтэл Английн биологч Дарвин гэж сатаны садан (түүнийг Монголын нэгэн биологч ингэж нэрлэсэн юм шүү) ертөнц дээр байсан бүх бүтээгчийг үгүйсгэсэн таамаг дэвшүүлэв. Ер нь шашны түүх судлаачид ‘бүтээгч’-ийн домгуудыг олон янзаар ангилсан байдаг дотроос нэлээн түгээмэл хэлбэр нь Ex nihilo буюу оргүй хоосноос бүтээх юм.Бөөлжиж, өндөг хагалж бүтээж байснаас хэлээд л, бодоод л бүтээх нь хавьгүй цэвэр байлгүй яахав. Үүнд Библийн эхлэл ном, Кораны Сура vii, Энэтхэгийн Риг Вэда, мөн Африк, Ази, Хойд Америкийнн олон аминист мөргөлийн домгууд хамаарна. Эдгээр итгэл үнэмшлүүд дотроос түүхийн зохиолоор хамгийн газар аваад байсан Библийхэн Дарвины онолыг няцаах ариун үүргээ дариу ухамсарлан, алив чадлаараа эсэргүүцсэнийг хэлэх юун. Хэдэн зуун дамнан мэтгэлцсэн. 

 За яг үнэндээ мэтгэлцсэн гэхэд ч хэцүү л дээ, энэ хоёрт нэвтрэлцэх хэл байхгүй юм. Нэг нь цэвэр итгэл үнэмшлээ ярина, нөгөө нь ажиглалд тулгуурлан бодит шалтгаан нөхцөл хайна. Гэтэл сүүлийн үед энэхүү мэтгэлцээн нэг тийш шийдэгдэж,  хувьслын онол нь няцаагдсан, ер нь барууны бүхий л нэртэй эрдэмтэд Библийн эхлэл номыг дэмждэг болсон мэтээр ярих, бичих болов. Нэг бодлын  магадгүй л юм, өнөөдөр Монголд бол хамаг л чөтгөр шулам, сүнс сүлд, аура, усны амь, мөнх тэнгэр гээд нүдэнд харагдахгүй бүх зүйлсийг судлаачид, академичид (явдалтай мэргэжлүүд шүү), физикийн эрдэмтэд нийлээд батлаад дуусч байна л даа. Энэ талаар Монголд нээлт хийнэ гэж саналтгүй. Харин дэлхийн бусад улсуудад, миний дуулснаар хэдхэн лалын орныг эс тооцвол хувьслын онолыг дунд сургуулиудын байгалийн шинжлэх ухааны хичээлд заадаг гэх, мэдээж хэрвээ сургууль байдаг бол шүү дээ. 

 Энд би хувьслын онолын талаар мэтгэлцэх гэсэнгүй, хувьслын онол үнэхээр мухардалд орсныг эрдэмтэд хүлээн зөвшөөрч буй эсэхийг Америкийн Нэгдсэн Улсын шинжлэх ухааны хүрээллийн жишээн дээр нягтлахыг хичээв. Уул нь манай нэг биологч хувьслын онол “хэлээ гарган” бууж өгч байгаа талаар нэлээн академик, генетик, физик, плантелогийн төвшинд батлаад байгаа л даа, явж явж дэлхийн хэмжээний энэ маргааныг нэг Монгол хүн шийдвэл аштай юу. Өнөөдөр Нэгдсэн Улсад бүтээгчийн онолыг дэлгэрүүлэн лоббидогч гол байгууллага болоод байгаа Дисковери Институт 2001 оноос хувьслын онолыг эсэргүүцэгч эрдэмтдийн нэрийг цуглуулж эхэлсэн байна. Улс төр эдийн засгийн бат суурьтай Евангилист энэ байгууллагын зорилго нь шинжлэх ухааны хүрээлэл  дотроо хувьслын онол маргаантайг дэлгэн үзүүлэх, Ухаалаг Загварын онол нь ялгаагүй шинжлэх ухааны онол мөнийг баталж улмаар дунд сургуулийн ахлах ангид байгалийн шинжлэх ухааны уг онолыг  заахыг хуульчлах зэрэг байв.Урьд нь Библийн эхлэл номыг шинжлэх ухааны хичээлийн цаг дээр оруулахаар хэдэнтээ зүтгүүлээд үндсэн хуультай харшилдсан үндэслэлээр няцаагдаж байсан тул энэ удаа Ухаалаг Загварын онол гэдэг нэр зүүн,шинжлэх ухаан болгон харагдуулах нь  тэдний зорилго байв. Монголд ч зарим домогчид шашин гэдэг нэрнээс айхтар жийрхдэг учир нь эндээс эхтэй болтой, гэхдээ гарцаагүй шашин нь ч шашин л даа. 2005 оны байдлаар үндэстний хэмжээнд 400 орчим нэр цуглуулсан бөгөөд тэр жилээ консерватив христүүд зонхилсон Канзасийн боловсролын зөвлөлөөр шинжлэх ухааны хичээлийн стандартыг өөрчилж, Ухаалаг Загварын онолыг сургуульд заахаар батлуулж дөнгөв. 2005 оны байдлаар үндэстний хэмжээнд 400 орчим нэр цуглуулсан бөгөөд тэр жилээ консерватив христүүд зонхилсон Канзасийн боловсролын зөвлөлөөр шинжлэх ухааны хичээлийн стандартыг өөрчилж, Ухаалаг Загварын онолыг сургуульд заахаар батлуулж дөнгөв. 2006 оноос нэрсийн жагсаалтаа хилийн чинад дахь эрдэмтдээр өргөжүүлж эхэлсэн бөгөөд албан web хуудсанд нь мэдэгдсэнээр одоогийн байдлаар мянга шахуу эрдэмтэдийн нэрсийг цуглуулаад байна. Харин энэ үйлдэл нь, ялангуяа дунд сургуулийн программд бүтээгчийн онолыг заахаар лоббидож эхэлсэн нь эрдэмтэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. 260 гаруй салбартай дэлхийд хэмжээгээрээ нэгд орох Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Нийгэмлэг:

“Хувьсал нь хамгийн эрүүл саруул,орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм’’, ’’ Шинжлэх ухааны хүрээлэл дотор хувьслын онолтой дүйцэхүйц түүнийг үгүйсгэх нэгээхэн ч онол үгүй’’, ‘’ ухаалаг загварын онолыг өмгөөлөгчид магадгүй шинжлэх ухааны хэл ашигладаг боловч, түүний аргачилалыг хэрэглэдэггүй, таамгаа батлах туршилт, судалгаа огт үгүй, холбогдох сэтгүүлд тавьсан уг таамагтай нь холбоотой нэг ч шинжлэх ухааны бүтээл үгүй’

’ гэсэн бол Үндэсний Шинжлэх Ухааны Академи:

  “Креоционизм, Ухаалаг Загвар болон амьдралын үүслийг дээд хүчтэй холбосон бусад тайлбарууд нь шинжлэх ухаан биш

” гэжээ. 2005 оны есдүгээр сард гучин найман Нобелийн шагналтнууд нэгдэн

Ухаалаг загварын онол нь ул сууринаасаа эхлэн шинжлэх ухаан бус,  шинжлэх ухааны онолын адил туршигдах боломж үгүй, учир нь дээд далдын хүчинд итгэх сүсэгт суурилдаг

хэмээсэн байна. Энэ мэтчилэн Америкийн Нэгдсэн Улсын бараг бүх шинжлэх ухааны байгуулагууд Ухаалаг Загварын онолыг эсэргүүцсэн бөгөөд, хувьслын онолыг эсэргүүцэгч хэмээх эрдэмтдийн нэрсийн жагсаалт ч нэлээн маргаан дагуулсан байна. Тухайлбал уг жагсаалтад нэр нь орсон хүн нэрээ татаж авсан, зарим хүмүүс нь олдоогүй, эрдэмтэн биш, жагсаалтад дурьдсан эрдмийн цолтой бус хүмүүсийг оруулсан зэрэг нь илэрсэн юм (иймэрхүү башир аргаараа дисковери институт алдартай).

 Бүр ч хоржоонтой нь Шинжлэх Ухааны Боловсролын Үндэсний Төвөөс хувьслын онолыг дэмжигч, Стив гэсэн нэртэй Америк эрдэмтдийн саналыг хураах үйл ажиллагаа зохион байгуулав. Стив, Стифани, Стифан зэрэг Стив язгуурын нэртэй хүмүүс Америкийн хүн амын нэг хувийг бүрдүүлдэг бөгөөд, уг арга хэмжээ зохион байгуулагчдын мэдэгдэхдээ ‘хэдийгээр хувьслын онолыг үнэмлэхүй олонхи эрдэмтэд дэмждэгийг бид хялбар үзүүлж чадах болов ч, олон нийтэд шинжлэх ухааны асуудал гэдэг хүмүүсийн нэрсийн урт жагсаалтаар шийдэгддэг гэх буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийж, бараг л элэглэлийн төвшинд үүнийг зохион байгуулж байна’ гэжээ. Эхний арван өдрийн дотор л 100 нэр түүн дотор хоёр Нобелийн шагналтан нэрээ өгсөн бол 300 дахь хүн нь Стефан Хофкинс байлаа. 2012 оны нэгдүгээр сарын байдлаар 1185 эрдэмтэд саналаа өгсөн бөгөөд оролцогчидын 51 хувь нь холбогдох салбарын буюу биологич байгаа нь Дисковери Институтийн жагсаалттай харьцуулах аргагүй өндөр төвшин юм. 


Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-03-13

    Yu we. Yg yu we. Uul ni bagadaa scientist bolmoor bsnii ni emee ni hutulj awaachaad tuvdiin lam ugchjee. Ireedui ni alagdsan hun odoo yg yu hiihee medehee baigaaad olon uur salbar luu orood samarch ywna daa. Yaana daa yaana. Yamar ch zaag yalgaa alga daa. Ene orond shinleh uhaan ni ch alga. Shashin ni ch alga.

    • M.Sergelen
    • 2015-01-23

    neg setgedel hed ch ortsyn

    • zochin
    • 2015-01-22

    Сэтгэж эхэлсэн цагаасаа л хүмүүс юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлахыг хичээн, ухаан хүрэхгүй зүйлсдээ төсөөлөл, мөрөөдөл хоёрын хослолоор юутай ч сониуч сэтгэлийг хэсэгтээ амраах хариултыг яаж ийгээд олж байв

arrow icon