Нийтлэл 01 сарын 05, 2018

Тууштай байдал амжилтын үндэс

Боловсролын салбарынхан анхаарлаа хандуулдаг “Grit” гэж юу вэ?

 


Англи хэлний “Grit” гэдэг үг нь монголоор тэвчээр, хатуужил хэмээн орчуулагддаг. Өөрөөр хэлбэл “Тууштай байдал”-ыг илэрхийлдэг бөгөөд аливаа нэг зүйлийн эцсийг нь хүртэл, үр дүн гартал тууштай үргэлжлүүлэн хийх чадварыг хэлдэг.

“Авъяас”, “Хөдөлмөр” болон “Тууштай байдал” нь хүнийг амжилт гаргахад нөлөөлөх гол 3 хүчин зүйл гэж үздэг. “Эр зориг”, “Дайчин”, “Хоншоортой байх” гэсэн утгыг илэрхийлдэг өөр англи үгс байдаг хэдий ч эдгээр нь мөн л “Grit” гэсэн үгийн утгад бас хамаардаг.

“Grit” гэдэг үгний бас нэг утга нь “Шүд зуух” бөгөөд ямар ч саад бартаа, өндөр хана, хүнд бэрх зовлон бэрхшээлтэй тулгарахад шүд зуун тэсэх, шантрахгүй байх онцгой чадварыг илэрхийлдэг
Боловсролын салбарт “Grit” гэдэг үг яагаад олны анхаарлыг татах болсон бэ?

Сэтгэл судлаач Angela Lee Duckworth судалгааны ажлаа танилцуулах илтгэлдээ энэхүү үгийг ашигласнаар олон нийтэд нэвтэрч эхэлсэн байна.

Тэгвэл яагаад “Grit – Тууштай байдал” –д хүмүүс анхаарал хандуулах болсон бэ?

Америкийн эрдэмтэн, судлаачид “Амжилтад хүрэгсэд”-ийн дунд олон жилийн турш судалгаа явуулж, хүмүүсийн амжилтын нууц, түлхүүр хүчин зүйл нь юу болохыг илрүүлэхийг хичээсэн байна. Удаан хугацааны турш тэд авьяас, хичээл зүтгэл хоёрын аль нэг тэдний эрэл хайгуулын хариулт нь хэмээн үзэж маргалдсаар ирсэн боловч энэ хоёр ухагдахууны аль алинд нь хамаарагдахгүй “Амжилтад хүрэгсэд” олон байсан тул нэгдсэн дүгнэлтэд хүрч чадалгүй иржээ. Чухам ийм нөхцөл дунд “Grit – Тууштай байдал” гэсэн гуравдагч нэр томъёо, ухагдахуун гарч ирсэн нь олны анхаарлыг шууд татаж, энэ чадварын цаана юу агуулагдаж байгааг, ямар шинэ боломжууд гарч болох талаар судалж эхэлцгээсэн байна.

 

Angela Lee Duckworth (Анжела Ли Дакворф) анх ямар санаа дэвшүүлж, тус чадварын талаар судалгаа явуулах болсон бэ?

- Хүүхдийн IQ оноо болон сурлагын дүн хоорондоо хамааралгүй болох
Анжела Маркетинг, менежментийн зөвлөх мэргэжилтэй хүн байсан боловч мэргэжлээ солин багш, дараа нь сэтгэл судлаач болсон сонирхолтой намтартай хүн. Тэрээр багшилж байх үеэсээ хүүхдийн IQ оноо өндөр эсвэл бага байх нь сурлагын дүнтэй шууд хамааралгүй болохыг анзаарсан бөгөөд тухайн үеийн боловсрол олгох буюу зааж сургах арга зүйд эргэлзэж эхэлсэн байна. Учир нь тэр үед IQ буюу оюуны чадамж нь хүүхдийн сурлагын дүнд шууд нөлөөлдөг гэж үздэг байжээ. Сургуулийн хичээл болон сурах бичгийн агуулга харьцангуй хялбар бөгөөд цаг зарцуулан хичээлээ давтсан ямар ч хүүхэд амархан сурахаар байв. Гэвч хичээлээ ойлгохгүй, амжилттай суралцаж чадахгүй хүүхдүүд олон байсан учир хичээлээ гүйцэт ойлгохын тулд “цаг хугацаа зарцуулан аливаа зүйлийг хийх чадвар” буюу “тууштай байдал” гэдэг зүйл хүүхдийн сурлагын дүнтэй холбоотой юм байна гэж үзсэн байна. Маш олон сурагч өөрсдийгөө авъяасгүй, чадваргүй, боломжгүй гэж үзэн, хийж оролдож буй зүйлсээ явцын дундаа хаяхыг харсан Анжела хүүхдийг ойлгож, өдөөж, суралцах идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг ойлгож сэтгэл судлалын салбар руу шилжжээ.

- “Grit – Тууштай байдал” бол амжилтын үндэс
Ийнхүү сэтгэл судлал руу орсон Анжела “Салбар бүрт ямар хүмүүс амжилт гаргаж байна вэ?, Тэдгээрийн амжилтын түлхүүр нь юу вэ?” гэсэн сэдвийн дор голчлон судалгаа хийж эхэлсэн байна. Мэдээж өмнө нь энэ чиглэлээр олон судалгаа хийгдэж ирсэн ч, Анжелагийн хувьд авъяас, хичээл зүтгэлээс гадна “Тууштай байдал” гэсэн гуравдагч хүчин зүйлийг хамруулж судалснаараа дэвшилттэй болсон юм. Ямар ч салбарын хувьд “Grit – Тууштай байдал” нь өндөр нөлөөтэй болохыг судалгааных нь үр дүн баталжээ.

“Тууштай байдал” ба төрөлх авъяас, хүн чанар хоорондын хамаарал
Олон туршилт, судалгааны үр дүнгээр “Тууштай байдал” гэдэг нь олдмол чадвар бөгөөд энэхүү чадварт анхаарлаа хандуулж, төвлөрч чадсан ямар ч хүн сайжрах, амжилтад хүрэх боломжтой болохыг илрүүлжээ. Мөн төрөлх авъяас, хүн чанар хэмээх төрөлхийн шинж чанарууд болон “Тууштай байдал”-ын хоорондын хамаарал бага гэдгийг тогтоосон байна.

“Тууштай байдал” хүний бие, сэтгэлд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Хүмүүсийн ажил, амьдралын амжилтад өндөр нөлөө үзүүлэх “Тууштай байдал” нь гутранги үзэлтнүүдээс илүү өөдрөг хүмүүст ихээр ажиглагддаг байна. Хүн тууштай байх чадвар сайтай байхын хирээр аз жаргалтай байж, эрүүл мэнд ч сайн байдаг байна. Иймээс энэ чадвар хүмүүсийн сэтгэл зүй, өөрийгөө хянах чадварт их бага хэмжээгээр нөлөөлдөг нь тодорхой болжээ.

 

Тууштай байх чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Юунд анхаарах вэ?

Mindset
“Mindset – Сэтгэлгээний төлөвшил” гэдэг нь хүний амьдралдаа үзэж, туулж ирсэн туршлага, эзэмшсэн боловсрол болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бүрэлдэн тогтож, аливаа тулгарсан зүйлийг тунгаан бодох, шийдвэрлэх аргыг нь илэрхийлсэн үг юм. Тухайн хүний сэтгэлгээний төлөвшлийг харуулах буюу юмыг үнэлэх үнэлэмж, төсөөлөх төсөөлөл, юманд хандах хандлага зэргээр илэрдэг байна. Боловсролын сэтгэл судлаач Carol S. Dweck хүний “Сэтгэлгээний төлөвшил” – ийг шинж чанараар “Царцсан” ба “Хөгжих” гэж 2 ангилсан байна.

Сэтгэлгээний царцсан төлөвшил – Энэ нь хүний тогтсон үзэл баримтлал буюу юмыг авч үзэх үндсэн хандлагыг хэлнэ. 
Энэ төрлийн хүмүүс шинэлэг зүйлд хүч сорихоос айдаг, сэтгэлээр унах болон бууж өгөхдөө амархан, бусдын амжилтаас айж эмээдэг гэх мэт нийтлэг шинж чанартай байна. Өөрөөр хэлбэл, аливаа юмыг сөргөөр тусгаж авдаг, цаашид хөгжиж дэвших нь хэцүү гэсэн бодлыг өөрсөддөө тулгасан, өөрчлөлтөд дургүй байдаг. Байгаа байдлаа хадгалахыг хүчтэй эрмэлздэг учир тэдний авъяас чадвар өсч хөгжихөөсөө илүү буурах хандлагатай.

Сэтгэлгээний хөгжих төлөвшил – Энэ ангилал дахь хүмүүсийг “Царцсан төлөвшил”-ийн буюу хаалттай хүмүүстэй харьцуулахад илүү уян хатан мэдрэмжтэй бөгөөд өсч хөгжих сэтгэлгээтэй гэж үздэг. Аливаа асуудал, өөрчлөлт тулгарахад эерэгээр хүлээн авч, ололт, амжилт, ашиг олохоор байвал саад бэрхшээл, хүчин зүтгэл шаардсан зүйлстэй шууд нүүр тулдаг. Бусдын ололт амжилтаас бага ч атугай суралцахын төлөө хичээцгээдэг. Оролдвол бүтнэ, хийж чадна гэх урагш тэмүүлэлийнхээ ачаар байнга боломжуудаа тэлж, авъяас чадвараа өнгөлж зүлгэн, хөгждөг байна. “Хийвэл бүтээнэ, чадна” гэх энэхүү өөртөө итгэх итгэл нь юманд тууштай байх чадварыг хөгжүүлэх чухал хүчин зүйлсийн нэг нь юм.

Аливаад үргэлж сонирхолтой байх

Дургүйд хүчгүй гэсэн зүйр үг байдаг шиг, хүн аливаа сонирхож дурласан зүйлдээ идэвхитэй байж, хурдацтайгаар хөгждөг. Бизнесийн салбарт амжилт гаргагсад “Ажилдаа маш дуртай” хэмээн дуу нийлүүлэн хэлдэг бөгөөд өдөр тутмын ажил үүргээ сэтгэл хангалуунаар хийж гүйцэтгэдэг. Амжилт гаргагсад, дэвшигсэд нь “Ахлах мэргэжилтэн шигээ амжилттай гэрээ хэлэлцээр хийдэг болох юмсан”, “Ийм жижигхэн сэлбэгийн хүчээр ийм том машин ажиллаж байна гэдэг сонин юмаа?”, “Зах зээлд шуугиан тарих шинэ бүтээгдэхүүн санаачлах юмсан”, “Дараалалд зогсож үйлчлүүлэх хүртэл эрэлттэй хоолны газруудын ижил төстэй зүйлс нь юунд байна вэ” гэх мэт байнгын сонирхох сэтгэлгээтэй байна. Дурлаж хийж байгаа учраас эрч хүч нь ундарч, үр дүн нь ч амархан гардаг. Бизнесийн салбарынханд ч ижил бөгөөд ажлынхаа утга учрыг ойлгон, дур сонирхолтой хандсанаар хариуцлагаа улам бүр ухамсарлаж, энэ нь эргээд идэвхи сонирхлыг нь улам нэмэгдүүлж байдаг.

Өдөр тутмын хичээл зүтгэлээ цалгардуулахгүй байх

Топ лидерүүд хэмээн нэрлэгддэг хүмүүс, тавьсан зорилгоо биелүүлэх, тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд хайр найргүй хичээж зүтгэдэг нийтлэг шинж чанартай. Аливааг тууштайгаар гүйцэтгэж дуусгах чадвар гэдэг бол тогтвортойгоор үргэлжлүүлэн хийх чадвар юм. Энэ чадвар гэнэт л нэг өдөр бий болчихдог зүйл биш. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэг шиг тэвчээртэйгээр өдөр бүр хийж, дэвшиж ирсэнээр тогтвортойгоор үргэлжлүүлэн хийх чадвар суудаг бөгөөд тууштай байх чадвар мөн зэрэгцэн хөгждөг байна.

Биеэ тоож, бардамнахгүй байх

Авъяас чадвар нь хөгжих тусам хүн янз бүрийн асуудлуудыг бие даан түргэн шийдчихдэг болдог учир хичээж зүтгэх шаардлагагүй болж эхэлдэг. Аливааг тууштайгаар гүйцэтгэж дуусгах чадвараа хөгжүүлэх шаардлага ч мөн буурдаг. Яван явсаар, бие даан шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарсан үед гарц ололгүй тэр чигтээ шантарчихдаг. Иймээс бид “Тууштай байх чадвар”-аа хөгжүүлж байхын тулд бие тоож, бардамналгүй, үргэлж өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхээр хичээж зүтгэн, урагш тэмүүлж байх хэрэгтэй.

Зорилготой байх

Зорилго байна гэдэг нь түүнийгээ биелүүлэхийн тулд хичээж эхлэх, хүчин чармайлтаа шантралгүйгээр үргэлжлүүлэн хийх баталгаатай шалтгаан болдог. “Тууштай байх чадвар”-ыг хөгжүүлэхийн тулд хэдхэн өдөрт л биелэгдэхээр амар хялбар, эсвэл богино хугацааны зорилго бус хэдэн сар, бүр хэдэн жил ч зарцуулагдаж мэдэх томоохон зорилго өмнөө тавих нь илүү үр дүнтэй байна. Гэхдээ, хэт өндөр эсвэл маш хэцүү зорилго өмнөө тавих нь шантрах шалтгаан болох тохиолдол байдаг тул тууштай байх чадвараа хөгжүүлэхийн тулд бодитой, биелэгдэхүйц зорилго тавих нь дээр юм.

Нийгмийн сайн сайханд хувь нэмэр болох сэдэлтэй байх

Анжелагийн судалгааны үр дүнгээр “Тууштай байдал” өндөртэй хүмүүс хийж байгаа зүйлдээ өндөр үүрэг, хариуцлага хүлээж, нийгэмд хэрэгтэй, үр бүтээлтэй зүйл хийж байгаа гэсэн бодол өвөртлөж байдаг хандлагатайг илрүүлсэн байна. Энэхүү, нийгмийн сайн сайханд хэрэгтэй зүйл хийж байгаа гэсэн сэтгэлгээ нь дур сонирхлыг нь өдөөж, идэвхижүүлж байдаг тул юу ч бодолгүй, зөвхөн өөрт таарсан зүйлээ хийж суудаг хүмүүсээс илүүтэйгээр тууштай байх чадварыг хөгжүүлдэг. Өдөр тутмын ажил маань хэн нэгний тусын тулд хийгдэж байгаа шүү гэдэг бодол өөрийг нь нийгмийн салшгүй нэг хэсэг болохыг мэдрүүлэхийн зэрэгцээ оюун санаа, сэтгэл зүйн хувьд ч өөдрөг байж, улам хөгжих хөшүүрэг болж өгдөг байна.

Хүсэл тэмүүлэлтэй байх

Хорвоо ертөнц саад бэрхшээл, хүнд хэцүү асуудлаар дүүрэн. Эд бидэн рүү гэнэт л дайрдаг. Ялан дийлж, давж туулахад тууштай байх чадвар маш чухал. Амьдаралд тулгарсан бүхий л том жижиг асуудлуудыг даван туулж байж шинэ шинэ боломжуудыг бий болгон, гартаа оруулна. Адаглаад алдаа гаргасан ч гэсэн бид алдаан дээрээ суралцаж дөрөөлөн дараагийнхаа амжилтад хүрдэг. Иймээс, явцын дунд шантралгүйгээр, эцэст нь хүртэл хийж дуусгахын тулд бидэнд хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, үргэлж урагш чиглэж явах нь чухал. Энэ утгаараа хүсэл тэмүүлэл нь тууштай байх чадварыг хөгжүүлэх бас нэгэн хүчин зүйл нь болдог.

Сэтгэгдэл бичих

    • Monkhjargal
    • 2024-11-17

    Goy

    • Хантогтох Осор
    • 2023-09-27

    Энэ бүгд түүхийн давагдашгүй үнэн

arrow icon