Он гарч татвар нэмэгдлээ. Нэмж байгааг дэмжих хоёр шалтгаан хэлж байгаа нь нэгд бусад улсад татвар бүр 40 50 хувь байдаг гэнэ. Хоёрт, өсөн нэмэгдэх татвар бол нийгмийн хариуцлага гэнэ. Энэ сэдэв хэдэн хувь, хэдэн төгрөг гэх мэт тооны асуудал биш хэн хэрхэн зарцуулж байгаа тухай чанарын асуудал болох талаар хэдэн баримт.
Ард түмэн алсуураа ухаантай. Эдийн засаг 17% өслөө барилаа гээд байдаг амьдралд буусан нь хаана байна гэж асуусаар ирсэн нь саяхнаас тоогоор батлагдаж гурван монгол хүн тутмын нэг нь ядуу болсон аймар тоо гарав. Энэ асуултыг төсвийн хувьд ч асууж болно. Эдийн засаг харьцангуй тогтворжсон 2000 оны эхнээс тоонуудаа харъя. 2000 онд 2,8 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн маань 27 их наяд давж ойролцоогоор 10 дахин өсчээ. Ард түмэн энэ 10 дахин нугарсан өсөлт амьдралд яагаад наалдаагүйг асуугаад байгаа хэрэг. Тэгвэл энэ асуултыг төсөв буюу төр эдийн засгаас төвлөрүүлж татаад зарцуулж байгаа мөнгөн дээр хоёр дахин хүчтэй, хэд дахин хүчтэй асуух ёстой
юм.
Нэгд, орлого талаасаа: Татвараар байна уу, өр зээлээр байна уу төсөв нэмээд хөгжих эсэхээ бид нэгэнт шалгачихаад байна. Төсөв зарцуулахад татвараар татсан мөнгө үү, зээлж ирсэн үү ялгаа байхгүй. Төсвийн зарлага 2000 оны эхэнд 400 гаруй тэрбум байсан нь 2017 онд 9 их наяд давж 22 дахин өсөөд байна. Тухайн үетэй харьцуулахад 20 дахин их татвар татаж, 22 дахин их зарлага зараад зогсохгүй нэмээд ДНБ-тэй бараг тэнцэх 24 их наядын өр тавиад хөгжив үү?
Яагаад Монгол ийм байгаа юм бэ? Яагаад монгол хүн ингэж амьдарч байгаа юм бэ? Яагаад хөгждөггүй юм бэ? Яагаад улам угаартаж, улам өвчилж, улам түгжирч, улам ухарч байдаг юм бэ? Энэ асуултуудыг эцэс төгсгөлгүй шалж хариулт авалгүйгээр нэг ч төгрөг нэмж өгөхгүй байх нь зөв. Бидний асуудал тоонд биш чанарт байгаа гэдгийг тэр тоог нь 20 дахин өсгөж үзэхээс өөрөөр яаж шалгах юм бэ?
Төсвийн зардлаа нэмээд үзье, халамжлаад тараагаад үзье, төр хөрөнгө оруулалт ахиухан хийгээд хэрэглээг дэмжээд үзье. Онолын хэлэнд сангийн тэлэх бодлого гэдэг энэ аргачлалаар төрийн санхүүг хоёр дахин, тав арав дахин, бүр хорь дахин баяжуулж үзээд оронд нь өнөөдрийг бэлгэнд аваад байна.
Мөнгө бол мөнгө. Хэн зарж байгаагаас хамаараад нэг бол гарын салаагаар урсгаад барна, нэг бол хадгалаад хөрөнгө оруулна. Мөнгө бол үржүүлэгч, мөнгө бол шалгалт. Мууг муугаар, сайныг сайнаар үржинэ. Манай төрийн хувьд төрийн засаглал, хяналт, хариуцлагын бүтэц бүхэлдээ гажуудсан гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн өөрчлөлт рүү тулж ирээд байна. Ийм юм руу татвар нэмж татах нь тэртэй тэргүй түүхий талх барьдаг машин руу гурил, чихэр нэмж хийгээд байхтай төстэй. Тийм байтал ичихгүй оруулсан тоог чанар болгоод болсон талх гаргадаг системээ хөгжүүлчихсэн улсуудтай татварын хувиа харьцуулж яриад явна. Иргэдийн 8 хувь уу, 1,5 сая их мөнгө үү бага уу энэ мэт тоонууд бүүр гуравдугаар зэргийн асуудал.
Хоёрт, нийгмийн хариуцлага талаасаа: Хариуцлагагүй хүнд мөнгө бариулах нь хариуцлагагүй явдал, их мөнгө бариулах нь бүр их хариуцлагагүй явдал.
Үүнийг ОУВС өөрөө ч сануулж онолын судалгааны зөвлөмжүүд гаргадаг хэрнээ манайтай 5,5 тэрбумаар хөтөлбөр баталсан нь бас нэг төрлийн оньсого бөлгөө. Болсон талх барьдаг болгож зуухаа л засахгүй юм бол татвар төлөх нь нийгмийн хариуцлага гэхээсээ эсрэгээрээ хариуцлагагүй явдал болоод байгаагийн баталгаа нь бидний амьдрал өөрөө байна. Чанарын шинэчлэлгүй тоо нэмэхийг хүлцэж явсаар бид өнөөдөр үр хүүхдээ хамгийн хариуцлагагүй, хамгийн хүмүүнлэг бус нийгэмд хүн болгох ялд унаад байна. Үүний ард улстөр, эдийн засгийн хоёр шалтгаан бий.
Эхнийх нь эдийн засгийн алдагдсан боломж. Хувийн хэвшил өөрөө уг чанар нь талх барьж бүтээж байдаг бүтээлч сектор. Тийм салбараас түүхий талхны машин руу мөнгө татах тусам ард нь бүтээлч боломж алдагдаж байдгийг л үргэлж давтдаг. Алдагдсан боломж харагддаггүй учраас хэн ч хариуцлага нэхдэггүй.
Дараагийнх нь улстөрийн алдагдсан боломж. Сая жишээ нь нэмж бонд гаргаад Чингис бонд г.м хуучин бондуудаа төллөө. Нэмж өр тавих нь нэмж татвар татахтай төстэй тоон шийдэл юм. Ийм боломж байхгүй бол төрийн өмчийн хувьчлал, бондоос зээлдэгчдэд хариуцлага тооцох гэх мэт чанарын шийдлүүд гаргахаас өөр аргагүй болно. Тоог нь нэмж өгөөд байх тусам чанарын шийдлүүд хойш тавигдаж явсаар өнөөг хүрчээ.
Өөрөөр хэлбэл энэ төрд мөнгө өгөх тусам трэндээ дагаад нийт хөгжлийн хурд, бүтээмж унана. Хоёрт эд нарт бодлого хийх ямар нэг боломж, бодол байдаг бол тэр нь улам тагларна. Гэтэл өсөн нэмэгдэх татвар авах нь нийгмийн баримжаатай хөгжил, хариуцлага энэ тэр гээд асар стандарт сайхан юм ярьцгаана. Тиймд төсөв хорь дахин тэнтийж, түүний ард эдийн засаг хоёр дахин удаан гэлдэрч ирсэн улсын ухамсарт иргэний хувьд хэлэхэд татвар нэмж төлөх нь бодит эдийн засгийн хөгжлөөс хумсалж, төрийг хариуцлагаас улам холдуулах гэм нүгэл болно гэхэд хилсдэхгүй
Энэ зуур Ерөнхий сайд Хүрэлсүх ОУВС-тай татвар нэмсэн асуудлыг эргээд хэлэлцэх юм хэлжээ. Шпи өгье, нэгд ОУВС зүгээс ингэж татвар нэм гэсэн юм байхгүй. Хоёрт, эднээс чанарын өөрчлөлт нэхээд байвал 50 тэрбум байтугай гарна. Төрийн өмчит компаниудыг хувьчилж, менежментийн шинэчлэл хийхэд 5 их наядаар хөдөлж мэднэ. Төсвийн хяналт, ил тод байдал нэхэхэд 500 тэрбум байтугай өөрчлөлт гарна. Одоо тоогоо больж чанар нэхэхгүй бол ямар ч үйлдвэрлэлгүй орны өр ДНБ-тэй нь тэнцэж ирэхээс том муу тоо үйлдвэрлэх боломж цаашид байхгүй. 2000 оноос хойш л гэхэд 20 дахин их татвар төлж 20 дахин их өрөнд уначихаад 20 дахин хогийн нийгэмд амьдарч байгаа монгол хүн Та тэр тоог нь нэмж өгөхөөс татгалзах байтугай одоо өгч байгаа төгрөг тутмын араас хариуцлага, ил тод, байдал тогтолцооны шинэчлэл нэхэх эрхтэй. Бас үүрэгтэй!!! Том төсөвтэй төр ба түүний засаглалын чадамжийн тухай олон улсын чиг хандлагыг дараагийн дугаарт.