Зөвхөн хүн биш эргэн тойронд байгаа бүх ЗҮЙЛС нийгмийн харилцаанд орж бие даан эсвэл нийтээрээ шийдвэр гаргаж, танд хариу үйлдэл үзүүлж байгааг Зүйлсийн интернет гэж нэрлэдэг.
Байгаль орчин хүний буруутай үйл ажиллагааны улмаас жил бүр доройтож, цаг агаар, уур амьсгалын тогтворгүй байдалд шилжиж байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд бид өвчлөл, ядуурал, бичиг үсэг тайлагдалттай тэмцэхэд маш их амжилт гаргасан. Одоо бид дэлхийн дулаарал болон хүний үйл ажиллагааны бусад үр дагаврыг арилгахын тулд энэ мэргэн ухааныг ашиглах ёстой.
Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд хүн төрөлхтөн улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байж, бизнест шинэ хандлагаар хандаж, технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай тулгарч байна. Эдгээр зорилтуудыг нэгтгэн дэлхийг өөрчилж байгаа технологи нь Зүйлсийн интернет юм. Зүйлсийн интернет нь мэдрэгч, төхөөрөмжүүдийн тусламжтайгаар олон нарийн өгөгдлийг цуглуулан, боловсруулж томоохон хотуудын бохирдлыг багасгах, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үхлийн вирусуудыг илрүүлэх зэрэг олон салбарт дэвшил авчирч байна.
1.Хотууд илүү ухаалаг болж байна
Дэлхийн хүн амын 50 хувь нь төвлөрсөн хотуудад амьдарч байгаа бөгөөд 2050 онд энэ тоо 66 хувьд хүрнэ гэж НҮБ-н зүгээс үзэж байна
. Дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж, цаг агаарын онц аюултай үзэгдлүүд болж байгаад нөлөөлөгч гол хүчин зүйлийн нэг нь хотжилт юм.
Гэхдээ хотууд IoТ системийн хувьд орчин үеийн амьдралыг илүү таатай болоход чиглэгдсэн гайхалтай инкубатор болж байна.
Барселон хотын Wi Fi болон мэдээллийн сүлжээ нь зүйлсийн интернетийн мэдрэгчүүдтэй холбогдсноор усны хэрэглээг зохистой хэмжээнд хадгалах, гудамжны гэрэлтүүлэг, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнгийн усжуулалтын системийг автоматаар удирдах, нийтийн тээврийн чиглэлийг мэдээлэх, зогсоолын төлбөр тооцоог автомажуулах зэрэгт ашиглагдаж байна.
Өөр олон хотууд Зүйлсийн интернетийг ашиглахаар ажиллаж байна. Чикаго хот хотын “Зүйлсийн матриц” нэртэй мэдрэгчүүдийн сүлжээг хотын агаарын чанар, цаг уур, замын хөдөлгөөн болон бусад хэмжигдэхүүнүүдийн мэдээллийг цуглуулахад ашиглаж байгаа бөгөөд эдгээр мэдээллийг төрөл бүрийн програмуудад ашиглах боломжтойгоор нээлттэй порталд байршуулдаг байна.
Лас Вегас ч мөн адил замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад зориулан Зүйлсийн интернетийг ашиглаж байгаа бол БНСУ-д Сонгдо хотыг Зүйлсийн интернетэд бүрэн холбож байгуулсан. Сонгдо хотын барилга байгууламжууд, нийтийн тээврийн систем болон дэд бүтцүүдийг зүйлсийн интернетэд тулгуурлан эрчим хүчний болон бусад үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд зориулан бүтээсэн.
2. Агаарын бохирдол, усны бохирдол буурч байна
Зүйлсийн интернет мөн олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд дэвшил авчирлаа. 2015 оны судалгаагаар усны болон агаарын бохирдол жил бүр дэлхий дээрх 9 сая хүнийг үхэлд хүргэж байна гэж гарсан. Агаарын бохирдлоороо тэргүүлэх байр эзэлдэг Дели, Бээжин зэрэг хотууд агаарын бохирдлын түвшин онц аюултай түвшин хүрэхэд дохио өгдөг мэдрэгчийг ашиглаж эхлээд байна.
Калифорнид байгаль орчны старт ап Аклима Гүүгл болон EDP, Остин дахь Техасын Их сургуулийн судлаачидтай хамтран Гүүглийн стрийт виюв машиныг ашиглан агаарын бохирдлыг хороолол хорооллоор нь өндөр нарийвчлалтай гаргах газрын зураг зохион бүтээжээ. Энэхүү газрын зургийг бүх хотын хэмжээнд хийж гаргаснаар бодлого боловсруулагчдад агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргахад туслах юм.
Их Британийн засгийн газар болон Манчестер хотын захиргаа Сити Верв хэмээх " Ухаалаг хот"-ын төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь хотын соёл, эрүүл мэнд, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг бүх салбарт зүйлсийн интернетийг нэвтрүүлэх юм.
3. Хөдөө аж ахуй цахимжиж байна
Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээс авахуулаад жижиг фермерүүд, тариалагчид, ус, бордооны хэрэглээг багасгах, хог хаягдлыг бууруулах, органик гаралтай бүтээгдэхүүний чанар, гарцыг сайжруулахад зориулан Зүйлсийн интернэт ашиглаж байна.
Калифорни хотод жил дараалан болж байгаа ган гачгаас үүдэн тариалан эрхлэгчид бага усаар тариалан эрхлэх боломжийг хайж байгаа ба зүйлсийн интернетийн технологийг хөгжүүлэгчид тухайн тариалангийн талбайн бодит нөхцөл байдлыг мэдээлэх хөрсний мэдрэгчүүд болон дронуудаар тусалж байна. Nature Concervancy-н үзэж байгаагаар энэ технологи нь тариалан эрхлэгчдэд гарцыг бууруулахгүйгээр ус, бордооны хэрэглээг 40 хүртэлх хувиар бууруулах боломжийг олгох юм
.
4.Хүнсний хаягдал багасч байна
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэдээгээр жил бүр хүний хэрэглээний зориулалтаар үйлдвэрлэсэн бүх хүнсний гуравны нэг орчим буюу 1.4 тэрбум тн хүнс хэрэглэгчдийн гарт очих явцад муудаж, хаягддаг байна. Зүйлсийн интернет хүнсний хог хаягдлыг багасгаж бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэхэд олон дэвшил авчирлаа
.
Тухайлбал, Израйлийн старт ап Проспера фермерүүдэд зориулан камер, мэдрэгчүүд, хиймэл оюун ухаан, цаг агаарын станцуудыг хослуулан тариалалтын үр ашгийг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой цахим системийг санал болгосон. Калифорнийн Дэвис Их сургуулийн профессор Шрини Упадхаяа байнга ургацын бүрэн бүтэн байдлыг хянадаг индикаторын системийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь фермерүүд, тариаланчдад хаана, хэдий хэмжээгээр талбайгаа усжуулах хэрэгтэй тухай мэдээг дамжуулдаг байна. Харин Африкт Farmerline болон ArgoCenta зэрэг стартапууд жижиг фермерүүдэд зориулан зах зээлийн мэдээллийг авах, хог хаягдлыг бууруулахад зориулан гар утасны технологи, Big Data платформыг ашиглаж байна.
5. Эмчилгээ илүү хурдан, үр дүнтэй болж байна
Зүйлсийн интернетийг ашиглан эмч өвчтнийхөө мэдээллийг илүү хурдан хугацаанд авах боломжтой болсноор эрүүл мэндийн салбарт томоохон шилжилт гарч байна. Интернетэд холбогдсон мэдрэгч төхөөрөмжүүдийн тусламжтайгаар өвчтний зүрхний цохилт, даралт зэргийг хянах боломжтой болсон. Өгөгдлийг хэрхэн аюулгүй цуглуулах, дамжуулах, ашиглах тал дээр маргаан гарсаар байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамгийн ирээдүйтэй програмуудын нэг юм.
Түүнчлэн, энэхүү технологи нь эмч болон эмнэлгийн бусад ажилтнуудад эмнэлгээс гадуур хяналтай байгаа өвчтнүүдийн эмчилгээний дараах үр дүнд хяналт тавих боломжийг олгодог. Мэдрэгчүүд болон робот туслагчууд хэрвээ өвчтөн эмээ уухаа мартсан үед асран хамгаалагчдад нь дохио өгдөг.
Хөгжиж буй орнуудад гар утасны технологи хурдтай хөгжиж байгаа тул эрүүл мэндийн салбарынхан энэ давуу талыг ашиглан томоохон сорилтуудыг даван туулах шийдлийг эрэлхийлсээр байна. Баруун Африкт 2015 онд болсон Эбола вирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд Scripps Translational Science Institute нь зүрхний цохилт, цусны хүчилтөрөгчийн ханалт, амьсгалын тоо, температур зэргийг хянах нэгдсэн мэдрэгчүүдийг туршсан. Bluetooth-ээр өгөгдлийг дамжуулдаг эдгээр төхөөрөмж нь халдвартай байж болох хүмүүс бие биетэйгээ харьцах боломжийг бууруулдаг.
- Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо
АНУ-ын эмэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархаад буй хавдрын нэг нь хөхний хорт хавдар юм. Уламжлалт маммограф /хөхний рентген зураг авах төхөөрөмж/ нь хавдар эцсийн шатандаа орсон үед л оношилж боломжтой байдаг. Cyrcadia Health-н хөгжүүлж буй хөхөвчний тусламжтайгаар хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой боломжтой болсон
.
Энэхүү хөхөвчинд суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар хэрэглэгчийн утас руу болон эмчлэгч рүү холбогдох мэдээлэл дамжуулна. Энэ өгөгдөлд суурилан урьдчилан таамаглах аналитик хэрэглэснээр эмч нар хөхний хорт хавдрын эхэн үеийн хэв шинжийг тодорхойлох боломжтой болж байгаа юм. Cyrcadia Health энэхүү төхөөрөмжөө хөхний хавдрын өвчлөл ихтэй Азийн орнуудад туршиж эхлээд байгаа юм.
Зүйлсийн интернет хөдөө аж ахуй, хотжилт, эрүүл мэндэд хэрхэн эерэг өөрчлөлт авчирч байгаа тухай цөөн жишээнүүдийг дээр дурдлаа. Технологийн дэвшил хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах, ухаалаг шийдвэр гаргахад тусалсаар байна
.
Эх сурвалж: WEF
Сэтгэгдэл бичих