"Тогтвортой хөгжил- Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа надад хандаж багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах санал тавьсаныг би ихэд билэгшээн хүлээн авсан.
Бид нийгэм, эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг бүтээнэ. 2018 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан жил байх болно. Монгол Улсын Засгийн газраас үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулна. Монгол Улсын Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ
.
Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно
. 2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.
2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46,186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2,090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20,140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ.
Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно
.
Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэн хэлье" гэв.
Сэтгэгдэл бичих